Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

СОНГУУЛИЙН ЧИМЭЭ

2016-03-30  

2016 оны УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Энэ цаг мөчид зарим нэг нь эвцэлдэн нэгдэж, өөр хэсэг нь эвдрэлцэн дайсагнаад эхэллээ. Шалтгаан нь ердөө л УИХ-ын сонгуульд дэвших мандатын хувиарлалт. Ялангуяа гол зодоон том гэгдэх хоёр намын жагсаалтад эрэмбэлэгдэх асуудлыг тойроод өрнөж байх шиг. Саяхны судалгааны дүнгээс сонирхвол, МАН-ын рейтинг 20%, АН-ынх 18%, МАХН 7%, ИЗНН 3% байх. Харин сүүлийн үед олны анхаарлын төвд “хальт” орж ирэнгүүтээ өөрсдийн явцуу амбицаа дарж чадалгүй дампуурах дээрээ тулчихсан ХҮН-ын рейтинг 3%-тай байгаа аж. Эндээс харахад, МАН, АН-ын жагсаалтын эхний 11-12 хүн нь л гишүүн болж барах нь. Гэхдээ сонгууль дөхөхөөр өрөг хаашаа эргэхийг хэн ч хэлж мэдэхгүй учраас жагсаалтад зогсох эрхмүүдийн эхний 6-7 нь л гишүүн болсондоо бат итгээд сонгуулийн үеэр тайван нойрсож болно. Харин МАХН-ын хувьд дөрөв орчим гишүүнээ намын жагсаалтаар УИХ-ын эрхэм гишүүн болгох боломжтой. ИЗНН-ын хувьд сэхээтний дэмжлэг авдаг, сонгуулиар нэгдэл үүсгээд 5%-иад авчихдаг болохоор нэг гишүүнтэй болох боломжтой бол “нялхсын эндэгдлээр явчих шахсан ”ХҮН-ынхан нэгдэл үүсгээд 5%-иа давна гэдэгт итгэхэд бэрх. МАН-ын жагсаалт М.Энхболд, У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Ц.Сандуй, Ц.Цогзолмаа гэж эхлээд, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ц.Дашдорж, Д.Оюунхорол гээд үргэлжлэх байх. Харин, АН-ын жагсаалт Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Л.Эрхэмбаяр (энэ нөхөр огцроод, Алтангадас фракцын угшилтай шинэ генсек нь энд жагсах байх), Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн гэдэг утгаараа С.Одонтуяа, Фортуна Батбаяр гэж эхлээд, “Нэг ардчилал”, “Алтангадас”, МоАХ, МҮДН, “Шонхор”фракциуд нэг нэг төлөөллөө жагсааснаар үргэлжлэх байх.

МАН-аас тойрогт нэр дэвшигчдээс, Архангайд Г.Тэмүүлэн, Баян-Өлгийд А.Тлейхан, Булганд Ё.Отгонбаяр, Говь-Алтайд Ж.Энхбаяр, Дорноговьд Б.Дэлгэрсайхан, Дорнодод Н.Номтойбаяр, Өвөрхангайд Д.Тогтохсүрэн, Сэлэнгэд Ж.Эрдэнэбат, Увсад Б.Чойжилсүрэн, Хөвсгөлд Л.Энх-Амгалан, Орхонд О.Содбилэг, Төв аймагт Н.Энхболд, Хан-Уул дүүргээс Ц.Нямдорж, Баянзүрхээс Б.Саранчимэг, Сүхбаатараас Сү.Батболд, Сонгинохайрханд Д.Сумъяабазар нар гарах магадлал өндөр.

Харин АН-аас, Архангайд Б.Болор, Баян-Өлгийд А.Бакей, Баянхонгорт Х.Баттулга, Д.Ганбат, Дорнодод Ч.Сайханбилэг, Дундговьд Б.Наранхүү, Завханд Я.Санжмятав, Өвөрхангайд З.Энхболд, Өмнөговьд Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан хоёрын аль нэг нь (нөгөө нь жагсаалтаас гишүүн болох байх), Сүхбаатарт Ж.Батсуурь, Сэлэнгэд С.Баярцогт, Ховдод Ш.Адъшаа, Хан-Уулаас Лу.Болд, Баянзүрхээс Ж.Батзандан, Сүхбаатар дүүргээс Х.Тэмүүжин нар гарах өндөр магадлалтай. Ерөнхийдөө л том хоёр нам маань ана мана, ач тач үзэх нь.

Түүнээс гадна, Г.Уянга МҮАН-ын, Ц.Даваасүрэн Эх орон намын дарга болоод, “Эхорон-МҮАН“ гэх эвсэл байгуулан сонгуульдахаар тохирч буй бололтой. Ц.Даваасүрэн намтай ч, намгүй ч Хөвсгөл аймгаасаа гарчих байх. Тэгээд ч Эхорон нам Хөвсгөл аймагт хөл сайтай.

Харин Г.Уянгааг 2012 оны сонгуулиар 32%-ийн санал авч УИХ-ын гишүүн болоход МАХН-ын 14%-ийн суурь рейтинг тун их дэм болсон. МҮАН, МАХН-тай эвсээгүй тохиолдолд Г.Уянга Чингэлтэйгээс гарч чадах эсэх нь тун эргэлзээтэй. Дамаа ялангуяа “Эхорон-МҮАН” гэсэн “техникийн хувьд дампуурчихсан” намуудын эвслээс нар үзэхгүй л болов уу. 

Ийм таамгыг CONTROL.MN сайтад А. Баярхүү ирүүллээ.

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Сонгууль дөхөх тусам л янз янзын юм бол нь дээ 2016-03-30
Бат:Энэ одоо юу вэ битгий худлаа юм бичээд бай л даа Баярхүү гуай 2016-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?