Монголын уран нугаралт бол тэр чигтээ гайхамшиг. Асар их тэвчээр, хатуужил, удаан хугацааны бэлтгэлийн үр дүнд үегүй мэт нугардаг. Байгалиас заяасан уян биеийг багшийн ур ухаанаар төгөлдөржүүлж, дэлхийд гайхагдаж байна. “Нарны цирк”, алдартай олон шоугаар Монголыг алдаршуулсан уран нугараач байдаг ч тэднийг нэг дор хамт нугаруулсан нь үгүй. Тэгвэл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ зун буюу наймдугаар сарын 6-нд Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, “Гиннес”-ийн номд бүртгүүлэхээр болжээ. Одоогоор орон нутаг болон Улаанбаатар хотод байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчдын дунд шалгаруулалт явуулж байгаа бөгөөд удахгүй тэд нэгдсэн бэлтгэлдээ орох юм байна.
А.САЯН