14-р зууны үеийн эмэгтэй хүний гоёлын эд зүйл өнөөгийн Иракийн хойд хэсгээс олдсон нь дэлхий дээрх хамгийн эртний гар цүнх гэж үздэг. Гуулиар давтаж, алт, мөнгөөр жийжүүдэн үйлдсэн энэ цүнх нь цорын ганц хийц учир судлаач мэргэжилтнүүд чухам юу болохыг нь тогтооход бэрхшээлтэй байжээ. Ажлын цүнх, бичиг баримтын уут, тохом богц гэхчлэн олон янзаар таамаглаж байсан ч хожим 1300 онд Мосульд хийсэн эмэгтэй хүний гар цүнх болохыг тогтоосон аж.
Мосулийн уран дархчуудын цүнхний дээр дүрсэлсэн ихэнх хээ угалз нь лалын уламжлалт хээ дүрслэл боловч цүнхний хавтсан дээрх ордны үйл явдлыг дүрсэлсэн нь Монголын Ил Хаант улсын шинэ эзэн хаадынхаа сэтгэлд нийцүүлэхийг эрмэлзсэн гэж судлаачид үздэг байна.
Монгол эмэгтэйн гар цүнх одоогоор дэлхийн хамгийн эртний гар цүнхэнд тооцогдоод байгаа юм. Цүнх эдүгээ Лондоны Курто галерейд хадгалагдаж байна.
А.САЯН