Тавдугаар сарын 1-нээс 7-ны хооронд "Гэгээн Муза 13" Олон улсын театрын наадам болно. Үүнтэй холбогдуулан УДЭТ, Гэгээн Муза Академи, Олон улсын теартын институт, Урлагийн ажилтны холбоо, Нийслэлийн гэр бүл хөгжлийн газрын төлөөллүүд мэдээлэл хийлээ.
"Гэгээн муза 13" наадамд 34 бүтээл өрсөлдсөнөөр 17 бүтээл хоёрдугаар шатанд үлджээ. Тус наадам жил ирэх тусам чанаржин чамбайрч байгааг зохион байгуулагчид онцоллоо. Энэ жилийн наадам өмнөх жилүүдээс нэлээд онцлог байх нь.
Тухайлбал, өмнө нь зарим бүтээлийг видео хэлбэрээр авдаг байсан бол энэ жилээс эхлэн бүх бүтээлийг уралдааны комисс биечлэн очиж, сонгон шалгаруулдаг болсон байна. Мөн “Гэгээн муза” наадам хүмүүнлэгийн үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшсэн уран бүтээлчид Нийслэлийн хүүхэд, гэр бүл, хөгжлийн газартай хамтран харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хүүхдийн жүжгийн аудио CD-r хэвлэн гаргахаар болжээ.
Түүнчлэн энэ жилээс эхлэн "Шилдгийн шилдэг бүтээл"-д олгох "Гранпри" шагналыг БСШУ-ны Сайдын нэрэмжит шагнал болгосон байна. Ажлаа салбарын сайдаараа үнэлүүлнэ гэдэг их том дэмжлэг, хийж бүтээх их урмыг өгч байна гэж уран бүтээлчид хэлж байна. Ирэх жилээс эхлэн “Гэгээн муза” наадам хоёр жилд нэг удаа болохоор болжээ.
"Гэгээн муза 13" наадмын шилдэг 17 оролцогч үнэмлэхээ гардан авлаа.
СҮХБААТАР АЙМГИЙН “ЖААХАН ШАРГА” ТЕАТРЫН ДАРГА Т.ШИНЭХҮҮ
Манай театрын уран бүтээлчид “Гэгээн тамлан” жүжгийг анх удаа хөгжимт драмын чиглэлээр тавьж, 8 төрөлд 9 уран бүтээлч өрсөлдөж байна. Энэ наадам бол мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүтэн жилийнх нь ажлыг дүгнэдэг.
УДЭТ-ЫН ЖҮЖИГЧИН Г.НАМУУН
“Гэгээн муза 13” наадамд "Ромео & Жульетта" жүжгийн "Хатагтай Капульетта" моно жүжгээр шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшиж байна. Энэ наадамд нэр дэвшинэ гэдэг нэр төрийн хэрэг. Тэр тусмаа залуу жүжигчдийн хувьд маш их хариуцлага, боломж, хүндэтгэл гэж ойлгодог.
"ГЭГЭЭН МУЗА" 13 ДАХЬ НААДАМД ӨРСӨЛДӨХ БҮТЭЭЛҮҮД:
1. Драмын жүжгийн төрөлд
УДЭТеатрын бүтээл "Ромео & Жульетта"
ОХ-ны Буриад улсын Драмын театрын бүтээл "Ромео & Жульетта"
Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын бүтээл "Хайрыг хайрла"
2. Хөгжимт жүжгийн төрөлд
ҮДБЭЧуулгын бүтээл "Оройн дээд"
Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрын бүтээл "Гэгээн тамлан"
Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын бүтээл "Дуун хэлхээ"
Анир студийн бүтээл “Надад үлдсэн найз”
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнд хошууны Улаан мөчирийн бүтээл "Тэмээт нутгийн шинэ тууль"
3. Хүүхдийн жүжгийн төрөлд
УХТ-ын бүтээл "Мял Богд"-ын намтар
Орхон аймгийн ХЗТ-ын бүтээл "Петр Пен ба далайн дээрэмчид"
Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын бүтээл "Мөнхийн галт цэцэг"
4. Нэг хүний жүжгийн төрөлд
"Хатагтай Капульетта" /Монгол/
"Хүүхэлдэйн өчил" /Монгол/
"Эр өндөг" /Монгол/
"Бие сэтгэл" /Монгол/
"Өвгөн тэнгис хоёр" /ОХУ-ны Буриад улс/
"God Kirilov" /Грек/
"Novechento" /ОХУ/
"From front and from behind" /Польш/
"Эдит Пиаф" /Герман/
5. Хүүхэд оролцоотой бүтээлийн төрөл
Баянхонгор аймгийн "Тэмүүжин" театрын бүтээл "Чулуун байшин", "Бэлтрэг ба түүний нехөд"
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургуулийн бүтээл "Одны хүүхдүүд"
А.САЯН