ЖАЗЗ АРАНШИН

2016-04-09  

Хавар ирэх сайхан...Хөлийн өлмийд нарны улбар туяа унаад хаашаа ч юм явж дуулалдмаар,  хэн нэгэнтэй хамтдаа байх тийм нэгэн гэр рүүгээ яармааргүй мэдрэмж төрдөг. Хүмүүс ихэнхдээ гэгэлзээд эхэлдэг гэх юм уу даа, хавар ирэхтэй зэрэгцээд... Ажлын цаг дуусахын алдад баруун цонхоор орох урт шар туяа ширээн дээгүүр тохчихоод хаврын урин гадагшаа дуудаад суулгах юм биш.

Харин хаачих вэ? Хачин сайхан санаа өдрөөс хойш эргэлдсэн юм. Филармонид дуучин Б.Солонгын тоглолт болно гэж байсан тийшээ л явъя.

Филармонийн тухай

Соёлын төв өргөө рүү алхаж явахдаа урд мөлхөх урт сүүдрээ харангаа бодов. Улсын филармонийн симфони найрал хөгжимчид... гэж хэлэхийг багадаа радиогоор мөн ч их сонссон. Тэгэхэд нэг л сүрлэг сайхан санагддаг байж билээ. Тээр дараа нь Монголын радиод дадлага хийж байгаад яг тэр хоолойгоор нэгэн эмэгтэй ярихыг сонсоод дагасаар өрөөнийх нь үүдийг хамрынхаа өмнүүр хаагдахад л буцаж билээ. Хотын хүн болоод Жансрайсагийг ч, Бөхийн өргөөг ч нээгдэхэд тэгтлээ сонирхоогүй байж филармонид хөл тавихыг хүсэмжилсэн. Одоо даруухан тэр танхимд дасчихсан даа. Энэ гадаад үг эхнээсээ л сонсголтой.

Солонгын тухай

Нэг инээмсэглэдэг охин зурагтаар гарч байхыг үзээд охидын хамтлагийн гишүүн биз гээд тоогоогүй. Харин хагас бадаг дууг нь хаана ч билээ хальт сонсоод “Энэ хэн бэ?” гэж асуусан. “Яагаав Филармонийн Солонго”... Аан мэдэхгүй юм байнаа.

Харин  хамтлагийн гэж бодсон жаахан охин нөгөө хоолойны эзэн байсанд бүр дараа нь гайхсан. Инээмсэглэл, хоолойг хоёрыг нь нэг хүн гэдгийг ингэж нийлүүлж олсон. Заавал тоглолтыг нь үзнээ гэж бодсон. Тэр өдөр нь өнөөдөр. Дөрөвдүгээр сарын 7. Пүрэв гараг. Байдаг л нэг орой. Гэхдээ нэг л гэгэлзсэн орой. Тэр гэгэлзээгээ тайлахаар ийшээ алхаж явна.

Жаззын тухай

Жаззын тухай би мэдэхгүй гэхдээ мэдрэх дуртай. Хаанаас ч билээ уншиж байсан, мартчихсан л даа. Түүнийг мэдээд ч яах билээ ямар хүнд ярьж өгөх гэж байгаа биш. Харин гялалзсан үлээвэр зэмсэгүүдээс ялгарах дэггүй хөг аялгууг чихээрээ туучуулах таатай. Энэ танхимд сонсдог дуу бол цаанаа л нэг мансууруулам шидтэй. Хүн угаасаа сайхан мэдрэмжийг хүсэгч. Америк хар цагаан киноноос сонсч дадсан тэр хөг аялгуу хачин харь хэрнээ яг цээжин дотор тоглогддог. Тэр өвөрмөц дуутай хар цагаан киноны бүсгүйчүүд бүр цаанаасаа автмаар адтай, хүршгүй эрхэмсэг. Миний мэдэх жазз ердөө л энэ. Мэдээж хайж олоод уншиж судлаад бичвэл жазз мэддэг харагдах байх л даа. Гэхдээ мэдрэмжнээсээ илүүг мэддэг болчихвол ийшээ яарахаа больчих ч юм билүү...

Үдэшлэгийн тухай

Энэ орой бол Б.Солонгын “Үдэшлэг”. Тэрхүү аялгуут үдэшлэгийг С.Саруул-Од удирдана. Баянмонгол жазз найрал хөгжим бол үдэшлэгийн найрагчид.

Филармонид үргэлж амьд мэдрэмж ханхалж байдаг. Амьд хөгжим гэж нэрлэдэг нь буруу нэршил байж мэдэх ч энгийн амьд харилцааг энд л хардаг. Өндөр дуугаар “гуншин” зарлахгүй,  “драмтай”  үйл явдал тоглогдохгүй. Удирдаач нь инээж ярьж, хөтлөгч нь асууж, дуучин нь эрх чөлөөтэй өөрийнхөөрөө.

Өнөөдөр энгийн өдөр биш гэдгийг энд ирээд мэдэв. Дуучин Б.Солонгын төрсөн өдөр. Бас анхных нь бие даасан тоглолт. Баяр хүргэе.

Дандаа инээмсэглэдэг энэ жаахан охин жазз дуулна гэж үү? Хар титэмт тэр бүсгүй үнэхээр жазз юм гээч. Бүр жаззтай яг адилхан. Хүүхдэрхүү тэр бүсгүй хүчирхэг хоолойтой.  Эрх ялдам, энхрий хүүхэнлиг, этгээд, эрхэмсэг, автам гунигтай, аальгүй хөнгөмсөг...Ээээ...Энэ чинь л жазз шүү дээ.

Тэр ингэж дуулна...

Хайрт минь чи над руу битгий ингэж хараач

Халуун цог шиг харц чинь түлчих гээд байна...

Бидний энэ учрал хаанаас эхэлснийг мэдэх үү

Чи намайг анх зүүдэлсэн  яг тэр шөнөөс...

 

...Борооны дусалд би хувираад

Буух тоолондоо чам дээр унаад

Биеийг чинь таалаад арьсанд чинь шингээд...

...Сахлын чинь дундуур би зугаална

Сайхан үнэрийг чинь өөртөө цуглуулна...

Уран гоёмсог юм үгүй гэхдээ донжтой. Учралын тухай хөнгөн гунигтайгаар бас нууцлаг жаргалтайгаар тэр дуулна. Энэ сонин бас үнэн үгийг Солонго өөрөө зохиодог.

Эрх ялдам, энхрий хүүхэнлиг, этгээд, эрхэмсэг, автам гунигтай, аальгүй хөнгөмсөг...Ээээ...Энэ чинь л жазз шүү дээ. Үнсэж ханаагүй уруул шиг...уруулын будагтай хундага шиг.... утаа нь мушгирах янжуур шиг...задгай...халуун янагхан....хачин мансуурам...Ийм л жазз араншин. Харин тэр дуучин бүсгүй яг жазз араншинтай юм. Харь холын хэрнээ хачин ойр бүр зүрхэн дотроос эгшиглэх жаззыг хажууд надад авчирсан Баянмонголд баярлана.

Тоглолт дууслаа. Инээмсэглэл гэрэлтэнэ. Төрсөн өдрийн эзэн бүсгүй, хар титэмт жазз араншинтай охин, байсхийгээд чихэнд сонсогдох Улсын филармонийн гэх радиогийн хоолой, багаас л мэдэх Баянмонгол чуулга.

Бодлоо гээхгүйн тулд буцахдаа алхлаа Филармониос.

 

 

А.МӨНХЖИН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :вааав 2016-04-09
Ганаа:Үнэхээр сайхан санагдлаа амралтын өдрөөр иймэрхүү сэтгэл санаа тайвшруулах юм их хэрэгтэй байна шүү 2016-04-09
za:Ayalguu egshigiin gaihamshigiig ehdees l medrene unen sain bolson shuu dee Filarmoni... 2016-04-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?