Ямар ч эрх мэдэлгүй тэд өнөөдөр маш их эрх мэдэлтэй царай гаргацгааж эхэллээ. Хаана очвол, юу хийвэл олон нийтийн анхааралд өртөж, зөв гэж харагдах вэ? гэх шиг өөр хоорондоо уралдацгааж эхэллээ. Тэд 4 жил тухалсан өрөөндөө ч тогтохоо больжээ.
Нэг л их санаа тавьсан, нэг л их аахилсан хүмүүс, хэвлэлийнхнийг дагуулан гүйлдэх боллоо. Сургууль, эмнэлгээр тэдний хөл тасрахаа больж, хэвийн ажлыг нь цалгардуулахад хүргэх дөхсөн тухай гомдол газар авчээ. Юу ч шийдэж чадахгүй байж, одоо шийдээд өгье гээд гүйлдэцгээх нь инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй.
Тэд сая сэрэв үү, эсвэл дөнгөж ухаан оров уу? " Улсын эмнэлгүүдэд эрх чөлөөтэй ажиллах боломж олгоно " гэж Д.Батцогт хэлж харагдана. Урьд нь хаана байв аа? гэж түүнээс асуумаар. Нэг газар ар араасаа очоод байгаа учраас " Бусдаас ялгарах, илүү ухаантай үг хэлэх ёстой ". Тиймээс гоё санааны араас ч уралдах болжээ. Их амархан юм ярих юм. Улс төрөөс эмнэлгийн дарга нарыг хамааралгүй болгоно л гэнэ. Санхүүгийн эрх чөлөө олгоно л гэнэ. Хуримтлал үүсгээд, цалингаа нэмэх гэнэ. Боловсон хүчний эрх мэдлийг эмнэлэгт шилжүүлнэ л гэнэ. Техник тоног төхөөрөмжөө өөрсдөө худалдан авах нөхцөлийг олгоно гэнэ шүү, Д.Батцогт.
Ийм л юм ярьдаг хүмүүс төрийн эрх, торгон жолоог атгаад байгаа юм. Тэгээд энэ эрх чөлөөг нь олгохгүй яасан юм бэ? Хэн төр барьж байгаа юм бэ? Та юу, жирийн ард иргэд үү? Хэлээд байгаагаа хийхгүй яасан юм бэ? эрхэм гишүүн ээ.
Эсвэл анги дэвшчихээд хийх ажлаа яриад байна уу? Та гэж асуух үлдлээ.
Нийтлэлч Ц.ЭНХБАТ