Ингэж ЗАГ группийн ерөнхийлөгч, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Б.Нэмэхбаатар барилгачдаа тодорхойллоо.
Бүхнийг бүтээгчид монголд олуулаа болжээ. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт 1200 компани бүртгэлтэй байна. Түүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй компани байдаг гэсэн судалгаа гарчээ. Энэ компаниудын эрх ашиг, сонирхлыг хамгаалсан, төр-хувийн хэвшлийн хооронд гүүр болсон Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ээлжит хурлаа хийлээ.
Барилгын Үндэсний Ассоциаци нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, мэргэжлийн туслалцаа үзүүлдэг дээвэр байгууллага болтлоо өсөн дэвжсэнийг гишүүдийн дийлэнх нь хэлсэн үгэндээ онцоллоо.
Барилгын салбарт үүсэж буй тулгамдсан асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх, барилгын салбарын цаашдын хөгжил, дотоод зохион байгуулалт, цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг чухал чухал асуудлыг барилгачид ярилцаж нэгдсэн санал дүгнэлтэд хүрлээ гэж Ассоциацийн дэд ерөнхийлөгч Ц.Баярсайхан хурлыг хааж хэлсэн үгэндээ тодотголоо.
Ассоциацийн удирдах бүрэлдэхүүнд зориулж эдийн засагч Д.Жаргалсайхан, УИХ-ын асан Д.Энхбат нар мэргэжлийн төрийн бус байгууллага ямар загвартай байх ёстой, зах зээлийг хэрхэн гатлах вэ? зэрэг сэдвээр сонирхолтой лекц уншсан байна.
Хурлын төгсгөлд Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн удирдах бүрэлдэхүүнд 31 хүнийг сонгож, гүйцэтгэх захирлаар Б.Нэмэхбаатар, удирдах зөвлөлийн даргаар Б.Баттөрийг улируулан сонголоо.
Ц.БАТТУЯА