Б.ОТГОНЖАРГАЛ: ОДОН БӨМБӨГНИЙ ШОДОН ГЭЗЭГТ НЭРЭНДЭЭ НЭГЭНТ ДАССАН (Аваргуудын дурсамж: Цуврал 1)

2019-12-03  

Миний амьдрал теннистэй салшгүй холбоотой. Нийслэл Улаанбаатар хотын арван жилийн хоёрдугаар дунд сургуулийг 1966 онд төгсөж улмаар МУИС–д элсэж, 1971 онд орос хэлний багш -орчуулагч мэргэжил эзэмшсэн. 1960 оны зун Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж спортын гараагаа эхэлж байж. Тэр жилээ манайх Улаанбаатар хот руу нүүж, би ч Спортын ордны ширээний теннисний шигшээ багийн бүрэлдэхүүнд орсноор миний хувь заяа ширээний теннистэй салшгүй холбогдсон. 15 насандаа Пионер сурагчдын Анхдугаар спартакиадын аварга болсон. Хичээл, секцээ хослуулж, спортын амжилтаа ч ахиулсаар байсан. 1962-71 онд Монгол Улсын шигшээ багт багтаж, 1964 онд БНМАУ-ын Спортын мастер цол хүртэж, сурагч ахуй цагаасаа л сар бүр 50 төгрөгийн цалинтай тамирчин байлаа. 1960 оноос хойш өнөөдрийг хүртэл теннисээ орхиогүй гэж бодохоор 60 -аад жил теннистэй нөхөрлөж яваа юм байна. Анх 1962 онд улсын аварга болж, 1966 онд амжилтаа баталж, 1969, 1973, 1976, 1978, 1983 1986 онуудад аваргаа хамгаалжээ. Энэ он цаг бол миний мандан бадарч явсан дурсгалт он жилүүд юм. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд ганцаарчилсан төрөлд 10 удаа түрүүлж байсан. Оныг нь сайн санахгүй байна. Нэгбүрчилсэн төрөлд гурван жил дараалан түрүүлж, дамжин явах цомыг үүрд хадгалж билээ. Улсын чанартай тэмцээнээс нийтдээ 90 медаль хүртсэнээс 40 орчим нь алтан медаль юм. Монголын бүх ард түмний 1963, 1979, 1983, 1987 оны спартакиадын аварга, Монголын үйлдвэрчний эвлэлийн анхдугаар спартакиад, Монголын эмэгтэйчүүдийн анхдугаар спартикадын аварга болсон сайхан дурсамж ч бий. байдаг. Мөн 1969 онд улсын аварга шалгаруулах тэмцээний нэгбүрчилсэн, эмэгтэй баг, дан болон холимог хосын төрөлд түрүүлж үнэмлэхүй аварга болсон үе маань марташгүй сайхан агшин юм. ховорхон тохиолдол юм.

Спортын мастер, Хүч нийгэмлэгийн дасгалжуулагч Оюунчимэгийн хамт бэлтгэл дээр.

Намайг 10 жилийн сурагч байх үеэс “Одон бөмбөгний шодон гэзэгт» гэж хочилдог байж билээ. Монголын шилдэг эмэгтэй теннисчинийг шалгаруулах тэмцээнд би 1-р байранд орж, Монгол улсын 12 удаагийн аварга Г.Мөнхцэцэг маань удаалж байж билээ. Бас нэг зүйлийг сонирхуулан дурдахад, нэгэн удаа эмэгтэй, эрэгтэй теннисчидийн дунд тэмцээн зохиож тойргоор тоглоход, спортын мастер Томбуу, спортын мастер Нэргүй, Цэдэнбалжир, Мөнхцэцэг гээд аваргуудыг хожиж, спортын мастер Баасанд хожигдсоноор 2-р байрт орж байснаа санаж байна. Одоо бодоход Баасан маань их хичээсэн байх. Эмэгтэй хүнд түрүүгээ алдахыг хүсээгүй байх гэж бодогдоно. Миний хамт Монголын шилдэг эрчүүдтэй хүч үзсэн спортын мастер Г.Мөнхцэцэг маань улсад 12 удаа түрүүлсэн, маш гайхамшигтай тоглогч. Намайг хожихын тулд Санжмятав багш Мөнхцэцэгийг тусгайлан бэлдэж байсан гэдгийг үеийнхнээсээ хожим сонссон.
-Та бол гандан буурашгүй, гайхамшигтай сайн тоглогч гэж Мөнхцэцэг маань Англи улсаас утсаар ярихдаа магтаж байсанд талархдаг. Үндэсний бөхөөр бол дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат хоёртой биднийг зүйрлүүлдэг байсан үе бий. Бид эх орныхоо алдар нэрийг хилийн чанадад мандуулж, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан. Хойд солонгос улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсэн нь бидний ур чадвар дээшлэхэд бодитой нөлөөлсөн гэж боддог. Гадаадын тамирчдаас Ташкентэд болсон фестивальд ЗХУ-ын ( Оросын) агуу тамирчин, тухайн үеийн дэлхийн аварга Зоя Рудноватай тоглосон тоглолт санаанаас минь огт гардаггүй . Ийм сайн сайхан дурсамж дүүрэн ч бас ганц нэг гунигтай зүйл ч тохиолдож байсан.
Би 31 нас хүрсэн байсан үе. Дэлхийн АШТ-д оролцохоор Баянгол зочид буудалд байрлаж, бэлтгэлд гарсан үе. 1962 он. Миний бэлтгэл сайн, амжилт өндөр байсан ч Санжмятав дасгалжуулагч маань нас хэтэрсэн гэж намайг багийн бүрэлдэхүүнд оруулахаас татгалзсан. Бэлтгэлийн үед байнга сорил тэмцээн хийнэ. Түүнд нь би оноогоор түрүүлж байсан учир, дасгалжуулагчийнхаа шийдвэрийг эсэргүүцэж тухайн үеийн Намын Төв Хороонд захидал бичсэн. Тэндээс шалгалт ирж, намайг дэмжиж, багшид хариуцлага тооцож байсаныг тод санаж байна. Тухайн үедээ багшдаа их гомдож байсан. Багш маань өөрийнхөө үеийн хүмүүст намайг "алтан гартай шавь " гэж магтдагт ч, шавийгаа бодитоор дэмждэггүй байсаныг ойлгож чадаагүй. Гэхдээ нас ахихын хэрээр багшийнхаа үйлдлийг өршөөсөн.
Миний бие хар багаасаа л амьдралаа ширээний теннистэй холбосон. Теннис бид хоёрыг одоо салгаж, холдуулах зүйл нэгэнт үгүй. Тенниснийхээ ач тусаар өдий зэрэгтэй яваа ч гэж боддог. Залуу үетэйгээ ч үе тэнгийн юм шиг нөхөрлөдөг нь теннисний л буян. О.Бадамцоо, Наранцацрал, Наран, Лхагвасүрэн, Р.Батбаяр, Р.Бэгз, Т.Энхтөр, Б.Баярмагнай, А.Зүчи, Б.Амгалан гээд зөндөө тамирчид надтай ойр дотно байдаг. Ахмадаас спортын мастер Наран эгчийгээ их хүндэлж явдаг. Нас ахихын хэрээр залуу үеэ л хөгжөөсэй гэж бодох юм. Сайн багш байж сайн тамирчин төрнө. Манай багш нарын заах чадвар, арга зүй, сэтгэлзүйн сургалт нь их л дулимаг. Сайн дасгалжуулагч гэвэл О.Цэдэнбалжирыг би нэрлэнэ. Түүнийг төв клуб маань ашиглаасай гэж хүсдэг.

МШТХ-ны ерөнхийлөгч, Монгол банкны ерөнхийлөгч , спортын мастер Чулуунбат, улсын 4 удаагийн аварга Цэдэнбалжир нарын хамт шинэ жилээр.

Улсын таван удаагийн аварга Т.Болд, теннисний багш мэргэжлээр Москвад төгссөн спортын мастер Дэлгэрбуян нарын хамт салхинд гарах үеэр.

Улсын найм,Улаанбаатар хотын 10 удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Батсүхийн Отгонжаргал

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:МУИС-ийн анд найз Оргил-ын маань төрсөн эгч, мундаг тамирчин шүү Та ! Хүндэлж явдаг шүү ! Урт удаан наслаарай Та ! 2019-12-05
Батсүхийн Оюундэлгэр:Эгчийгээ мэддэг ч дахин дахин сонсож байгаадаа би үргэлж баярлаж явдаг. Эгчдээ хайртай, жаахан санаж л байна даа. Германд амьдарч буй отгон дүү Батсүхийн Оюундэлгэр 2023-01-23
Төстэй мэдээ
ЛИГИЙН ТЭМЦЭЭНД АНХ УДАА "ИТГЭЛТ ГРУПП- АРИГ БАНК" -НЫ БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Б.ЭРДЭНЭСУВД: ЯГ МИНИЙ ОХИНД ТОХИРСОН СПОРТ ГЭЖ ААВ МИНЬ ХЭЛЖ БИЛЭЭ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 7)
ТУРШЛАГА ДУТСАН ТОГЛОЛТ ХАМГИЙН ИХ ТУРШЛАГА БОЛДОГ
Т.ЭНХТӨР:СОНИУЧ ЗАНДАА ХӨТЛӨГДӨН ШИРЭЭНИЙ ТЕННИСТЭЙ ХОЛБОГДСОН (Одон бөмбөгийн аваргууд-дурсамж -6)
Я.БЭГЗ: ХҮНИЙ ГАЗАРТ НӨГӨӨ Л ЖИЖИГ ЦАГААН БӨМБӨГ НАМАЙГ ТЭЖЭЭСЭН ( Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 5)
Я.БЭГЗ:МИНИЙ БАГШ ДЭЛГЭРБУЯН /Багшийн дурсгалд /
Б.ЭНХЖИН: ОЛИМПИЙН АВАРГА ЯАН ЕН ЖА БАГШААР ТЕННИС ЗААЛГАСАН ХУВЬТАЙ ХҮНИЙ НЭГ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 4)
Б.БАЯРМАГНАЙ: САЙН ХҮНИЙГ ДАГАВАЛ САРНЫ ГЭРЭЛ ГЭДЭГ /Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 2/
ЯПОНЫ ЗАЛУУ ОД ХИРАНО МИУ ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО
ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГААР АНХ УДАА ХЯТАДААС ӨӨР УЛСЫН ЭМЭГТЭЙ ТЕННИСЧИН ТОДРОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?