Т.ЭНХТӨР:СОНИУЧ ЗАНДАА ХӨТЛӨГДӨН ШИРЭЭНИЙ ТЕННИСТЭЙ ХОЛБОГДСОН (Одон бөмбөгийн аваргууд-дурсамж -6)

2019-12-10  

Өсвөр бага залуу насны минь дурсамжит явдлууд хотынхны хэллэгээр хоёрдугаар дөчин мянгат гэх газартай салшгүй холбоотой. Би айлын эрх танхил бага хүү.  Багаасаа л өөрийнхээрээ, сониуч зантай өссөн. Энэ зан чанар минь намайг хөтлөн  ширээний теннисний спорттой холбосон гэж боддог.  Байр маань дөчин мянгатад учир Нийслэлийн 24-р дунд сургуульд суралцдаг байсан. 3 -р ангид сурч байсан санагдана. Өвөл хичээлээ  тараад л үеийн хүүхдүүдтэй  байрныхаа урд зассан мөсөн талбай дээр хоккей тоглодог л байлаа. Ээлжит тэр нэгэн үдэш хоккей тоглож оройтоод, бас даарсан гараа бүлээцүүлэх,  норсон малгай, бээлий, ороолтоо хатаах санаатай хажуу байрны орцонд ортол подвалд нь  хүмүүс хашгиралдах чимээ анхаарал татсан. Сониуч зандаа хөтлөгдөн доош орвол, хижээл насны ах нар ширээний теннис гэх спортыг урд хожид үзэж байгаагүйгээр уран сайхан тоглож, өөр хоорондоо өрсөлдөж,  инээлдэж бас маргалдаж байлаа. Тэр намхан подвал дахь нөхөрсөг дулаан уур амьсгал даарч бээрсэн , жижигхэн шар хүүхэд болох миний сэтгэлийг гижигдсэн. Тэд маань бидний нэрлэж заншсанаар хуйцаачид байжээ гэдгийг хожим ойлгосон. Даарсан хөрсөн, өлссөн,  ядарснаа ч умартан цагаан бөмбөгийг алдалгүй шимтэн харж суусаар шөнө дөл болсныг ч анзаарах тэнхэл байсангүй. Ах нарыг тоглолтоо өндөрлөх тэр үед л подвалыг орхин гэрээ зүглэсэн. Гадаа хав харанхуй. Гэртээ ороод л би бөөн асуудал дэгдээжээ гэдгээ мэдэв. Аав  Төмөрбаатар, ээж, хоёр ах, хоёр эгч гээд л бүгд унталгүй миний эрэлд хатацгаасан хүмүүс сууж байв. Намайг харсан аав зандарч, ээж  үглэж, хоёр  ах ч жавтий хүртээхээ мартсангүй. Орондоо орсон хойно, нөгөө л цагаан бөмбөг нүдэнд харагдаж, нойр хулжиж, тэсэн ядан үүр цайлгасан. Маргааш нь нөгөө подвалдаа орж, ширээний теннисний  секцэд бүртгүүлж санаа амрав. Д.Санжмятав  багшийнхаа шавь болсон түүх ч, цагаан бөмбөг бид хоёрын нөхөрлөл ч тэр 1985 онд ингэж эхэлсэн түүхтэй. Дугуйлангийн үе тэнгийн хүүхдүүдтэй ракет  ( цохиур) барин тоглосон, нөгөө хоккейгоо ч орхисон өвлийг туулсан.  Төдөлгүй, дугуйлангийн багш Д.Санжмятав багшид би тоогдсон байх. Ирээдүйтэй тамирчин болох магадлалтай гэж бодсон ч байж магад, 1986 оны зуны амралтаар намайг хөдөө явуулахгүй байх саналыг аав, ээж хоёрт багш тавьсан байдаг.  Зуны амралтаар клубтээ бэлтгэлээ хийх шаардлагатай гэж хэлснийг хожим ааваасаа дуулсан. Бэлтгэлээ дуртай хийж байтал, БНАСАУ-руу намайг тэмцээнд авч явах тухай яриа ч тэр зун үүссэн.  Арван жилийн дөрөвдүгээр ангийн жаахан сурагч хүү "Баянгол" зочид буудлын арван давхарт М.Нэргүй, О.Цэдэнбалжир, Т.Болд зэрэг улсын аваргууд болон Н.Энхбат, Д.Мөнхсайхан зэрэг шилдэг мастеруудтай хамт байрлаж , олон улсын тэмцээний цугларалтад гарч бэлтгэл хийж байсан нь одоо бодоход үлгэр домог мэт санагдана. Бяцхан хүү намайг Солонгос руу тэмцээнд явахыг зөвшөөрсөнгүй, харамсалтай нь. Горьдож байсан ч, учир начир бага мэдэх хүүхдийн хувьд сэтгэлээр унах,  гутрах зүйлийг мэдэрсэнгүй.  Бэлтгэлээ сайн базаасны хэрээр хэд хэдэн нэрэмжит тэмцээнд насныхаа ангилалдаа түрүүлсэн. Богино хугацаанд өсөж, өрсөлдөгч нараа ч айлгах хэмжээнд хүрч чадсан.  Тухайн үед миний гол өрсөлдөгч бол Денис гэх орос хүү, Бадамцаа аваргын дүү О.Хатанбаатар, Ж.Мандах  О.Бат нар байж билээ. 

2005 он. Манай Ширээний теннисний тамирчид, дасгалжуулагчид, сонирхогчдын хувьд наран гийсэн баярлууштай бахархам үйл явдал болов. МШТХ ерөнхийлөгч О. Чулуунбат ах маань бидний бэлтгэл хийх, тэмцээн уралдааныг саадгүй явуулж болох заал танхимтай болгосон явдал байлаа. Энэ нь ширээний теннисчид бидэнд өөрсдийн гэсэн орон гэртэй болж буй мэт баярлаж талархаж өмссөн хувцастайгаа үүднээс нь эхлэн хоймор хүртэл заалны резинэн шалыг цутгах ажлыг бидний хэдэн нөхөд ханцуй шамлан хийж гүйцэтгэсэн билээ.Чука ах маань хамт олон найз нөхдийнхөө дунд асар их нэр хүндлэлийг хүлээсэн өргөн мэдлэг, боловсролтой харьцааны өндөр соёлтой шударга энгийн эгэл нэгэн байж билээ. Чука ах маань намайг дүүгийн дайтай хайрлаж зөвлөж сургаж бусдаас илүү дотно байлаа. Би ч Чука ахыгаа төрсөн ах шигээ адил хүндлэн дээдэлж явдагаа нуух юун.

Клубын тамирчид  Шинэ Пионерын ордонд 1985 он

Тун удалгүй,  1986 онд клуб гэж нэрлэгдэх нөгөө  подвалоос буурь сэлгэж, Спортын Төв Ордны зүүн талд байрлах “Спорт сургалтын төв”-ийн Ширээний теннисний шигшээ багт хичээллэх болсноор ихээхэн дэвшил гарсан. Тус ССТ-н дэргэд байгуулагдсан  ширээний теннисний хоёрдугаар шигшээ багт А.Мэндбаяр, Г.Жаргалсайхан, Ч.Амарсанаа, Д.Отгонбаяр, Б.Анар, Ж.Болд, Д.Мөнхням,  О.Бадамцоо гэх мэт ах эгч нарын хамт багтаж, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Д.Санжмятав багш минь намайг цахиур хагалах ирээдүйтэй тамирчин гэж найдан хоёрдугаар шигшээ багтаа авсан нь тэр байлаа.  Тэгээд л сар бүр  100 төгрөгний цалинтай,  оймс, кет ( шанхай ), бэлтгэлийн хувцас зэрэг хангалтыг  улсаас авдаг мэргэжлийн тамирчин болчихлоо. Тамирчины хувьд  улам л урам зориг орж, бэлтгэлээ ч яс хийж ирсэн. 1988 онд ЗХУ-н Чита хотод Оросын тамирчидтай долоо хоногийн  хамтарсан бэлтгэл хийж,  тэндээ хэд хэдэн удаа сорилт тэмцээнд оролцсон. Энэ бол гадаад оронд хөл тавьсан миний анхны тохиолдол. Сэтгэлд хоногшсон томилолт. Дараа жил нь, 1989 онд Д.Санжмятав багштайгаа БНАСАУ-д зохиосон олон улсын тэмцээнд анх удаагаа оролцож, өндөр зэрэглэлийн тамирчдыг дэргэдээс нь харж, шимтэн үзсэн билээ.

ЗХУ, Чита хот 1988 он

Гадаад дотоодын тэмцээнд явахад, хоолонд ороход  багшийн  дэргэд би л сууна.  Сайндаа, мундагтаа биш. Ердөө л багштай зэрэгцэн зориглон суух хүн ах эгч нарын дунд байгаагүй. Насаар хамгийн  бага учир ах, эгч нар багшийн дэргэд суухыг шаардана. Тэгэж надаар " жийрэг" хийхээ ах нар мэднэ. Учир нь бүгд багшаас эмээнэ. Миний хувьд багшаасаа зөвхөн теннисний эрдэм төдийгүй, хоолны соёлд  ч суралцсан. Ихийг мэднэ, түүнийгээ бидэнд өвлүүлэхийг зорино. Дээр нь зарчимч. Үгээр сургах увдистай. Зарчимч байхыг багшаасаа л өвлөсөн. Эргээд харахад, ширээний теннисний спортод дурлаж тоглосон миний он жилүүд  бусдаас урт байжээ. Урт хугацаанд гол өрсөлдөгч байж чаджээ гэдгээр бас бахархана. Идэр насандаа дээд үеийн аваргууд болох О.Цэдэнбалжир, Нэргүй, Т.Болд, Л.Батхишиг зэрэг мастерууд, хижээл насандаа   идэр залуухан аваргууд болох Л.Алтантулга, Э.Лхагвасүрэн, З.Төрболд нартай ч эн тэнцүү  өрсөлдөж байв. Тиймээс би өөрийгээ их  л азтайд тооцдог. 

Монгол Улсын Аварга болсон өдөр 2007 он

Хэдийгээр би гол өрсөлдөгчөөр олонтаа нэрлэгдэж байсан ч 2007 онд л аваргын тавцанд анх удаагаа гарч тамирчны хувьд магнай тэнийсэн. Мэдээж, хамгийн хурд хүчтэй, өндөр мэдрэмжтэй долоон жилийг  (1996-2003) гадаадад үдэж, өнгөрүүлсэн нь миний тамирчины амжилтанд сөргөөр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

2007 онд би  33 настай УАШТ-д зодоглосон. Нас 30 гарахаар хөдөлгөөн удааширч, шаламгай, эрч хүчтэй байдлаа гээж, улмаар амжилт буурдаг гэж ихэнх мэргэжилтнүүд үздэг. Миний хувьд тийм зүйл огт ажиглагдаагүй. Харин ч эсрэгээрээ,  хурд, эрч хүч маань хэвийн байлаа. Учир нь юу вэ ? гэвэл дурлаж тоглосон спортынхоо аварга нь болж чадаагүйд миний сэтгэл санаа бууж өгөөгүй юм. Өмнөх жилийн улсын аварга болсон авьяаслаг,  эрч хүчтэй залуу тамирчин Л.Алтантулгатай аваргын алтан медалийн төлөө хурд, хүч,  авхаалж самбаа зоримог шийдэмгий тоглож өрсөлдсөний эцэст Монгол Улсын Аварга гэдэг эрхэм цолыг авсан билээ. Баярласан сэтгэлээ барьж ядсан сайхан өдөр байлаа.

1995, 2001, 2005, 2006, 2010 онуудад  ДАШТ-нд төрийнхөө далбааг энгэртээ зүүн эх орноо төлөөлөн оролцож , хожил хожигдол, харамсах. баярлах ээлжилсэн он жилүүдийг үдсэн.  Ялангуяа 2001, 2006 онд ДАШТ-нд өөрт байгаа бүхий л хүч чадлаа дайчлан тоглож ОУШТХ зэрэглэл тогтоох системд хувийн амжилтаар 511 дугаарт бичигдэн эрэмбэлэгдэж, хувийн дээд амжилтаа ахиулсан. Тухайн жилүүдэд Дэлхийн АШТ-д амжилттай оролцсоныг МШТХ өндрөөр үнэлж 2009 онд МШТХ-ны түүхт 50-н жилийн ойгоор БТСГазарын тогтоол шийдвэрээр ОУ-ын хэмжээний мастер цолоор шагнасан. 

ДАШТ Япон, Осака 2001 он

Аварга болж тамирчины хүсэл зорилгоо биелүүлсэн мөчөөс  энэ спортдоо хэрэгтэй зүйл заавал хийх ёстой гэсэн бодолд хөтлөгдсөн. Тийм ч учраас  "Оч" төв клубтээ шигшээ багийн тамирчдаа   хоёргүй сэтгэлээр,  ухаан бодлоо төвлөрүүлэн 2007-2018 онуудад дасгалжуулсан. Олон ч сайн тамирчдыг төрүүлэхэд хувь нэмрээ оруулсан.  2007-2015 онуудад тив, дэлхийн АШТ-нд оролцох шигшээ багийн тамирчидыг бэлдсэн. 2013 онд, МШТХ-ны урилгаар Монгол улсад ажиллахаар ирсэн БНАСАУ-ын алдарт дасгалжуулагч Чо Ён Хо-той хамтран шигшээ багийн тамирчдын тамирчдын бэлтгэл сургуулилтыг удирдсан он жил онцгойлох үйл явдал мөн гэж хувьдаа итгэдэг. Бэлтгэл сургуулилтын нэг жилийн турш системтэй, өгөөжтэй хийсний үр дүнд 2014 онд, Японы Токио хотод зохиосон ДАШТ-д манай эмэгтэй шигшээ баг" С " гялалзсан амжилт үзүүлж, 73 -р байрнаас 57-р байр луу урагшилж чадсан түүхтэй. 

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн Токио 2014 он

Оч клубын тамирчидын хамт 2018 он

Хянан тохиолдуулсан Ц.ЭНХБАТ

ТА ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТАЛААРХИ ХЭРЭГТЭЙ БҮХ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ АВАХЫГ ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ! 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
a:sain tamirchin shuu. solgoi togloh evgui 2019-12-10
och:tamirchin zaluu tennischin ehnertei bolsond bayar hvrgey 2019-12-11
Sodo:ehnerteigee hamt avhuulsan zurag bn 2019-12-11
hehe:guij avaagui bol boloo doo 2019-12-18
Bb:Uran goyo , bas ikh khongon ****lamgai , goyo tsoglodog akh shvv 2020-11-18
Bombog booronhii:Ontsgv hos yamr ch az jargal vnertdggv hvni amidralaar toglsn bhoor 2020-11-19
Төстэй мэдээ
ЛИГИЙН ТЭМЦЭЭНД АНХ УДАА "ИТГЭЛТ ГРУПП- АРИГ БАНК" -НЫ БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Б.ЭРДЭНЭСУВД: ЯГ МИНИЙ ОХИНД ТОХИРСОН СПОРТ ГЭЖ ААВ МИНЬ ХЭЛЖ БИЛЭЭ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 7)
ТУРШЛАГА ДУТСАН ТОГЛОЛТ ХАМГИЙН ИХ ТУРШЛАГА БОЛДОГ
Я.БЭГЗ: ХҮНИЙ ГАЗАРТ НӨГӨӨ Л ЖИЖИГ ЦАГААН БӨМБӨГ НАМАЙГ ТЭЖЭЭСЭН ( Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 5)
Я.БЭГЗ:МИНИЙ БАГШ ДЭЛГЭРБУЯН /Багшийн дурсгалд /
Б.ЭНХЖИН: ОЛИМПИЙН АВАРГА ЯАН ЕН ЖА БАГШААР ТЕННИС ЗААЛГАСАН ХУВЬТАЙ ХҮНИЙ НЭГ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 4)
Б.БАЯРМАГНАЙ: САЙН ХҮНИЙГ ДАГАВАЛ САРНЫ ГЭРЭЛ ГЭДЭГ /Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 2/
Б.ОТГОНЖАРГАЛ: ОДОН БӨМБӨГНИЙ ШОДОН ГЭЗЭГТ НЭРЭНДЭЭ НЭГЭНТ ДАССАН (Аваргуудын дурсамж: Цуврал 1)
ЯПОНЫ ЗАЛУУ ОД ХИРАНО МИУ ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО
ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГААР АНХ УДАА ХЯТАДААС ӨӨР УЛСЫН ЭМЭГТЭЙ ТЕННИСЧИН ТОДРОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?