Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ГАМШГААС ГАРАХ ГАРЦ!

2016-04-26  

 

     Эдийн засагч Х.Батсуурь

 

Гамшгаас Гарах Гарц!!!

Манай нийгэм  дэх өнөөгийн хямралыг харахад нэлээд гүнзгий бөгөөд ужиг шинжтэй. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэгч болоод байна уу даа гэмээр. Буруу замаар явсан нь тодорхой, буцаж замаа олох шаардлагатай. Харин юу тээж хаа хүртэл буцах вэ бид? Өр, хямрал, төөрөгдөл гээд бидний огт хүсээгүй тээшнүүд байнаа байна. Гэхдээ бид энэ хүндрэлийг давахдаа л давна замаа олоод шуудрахдаа л шуударна. Гарц нь ч байна, гаргалгаа нь ч байна.

Граммын худалдаа, ширхэгийн тохиролцоо, бартерын наймаа, бэлэн мөнгөний хомсдол, хэт ядуурал, хэрээс хэтэрсэн гадаад өр, огтоос үнэмшилгүй худал албан статистик, тоо гээд туйлдсан улс дампуурлаа зарлахын өмнө нийгэмд нь бий болдог үзэгдлүүд, гамшиг нүүрлэснийг илтгэх бусад олон шинж тэмдгүүд өдгөө манай нийгэмд илрээд байна. Эрх баригчидын зүгээс  хэрэгжүүлж  буй асар өндөр, 10.8% хүүтэй 500 сая долларын гадаад зээл, жижиг дунд бизнес, бага дунд орлоготой иргэдээ шулсан НӨАТ-ийн татварын шинэ систем, 10% болгон бууруулж байгаа малчны зээл зэрэг арга хэмжээнүүд нь сонгууль угтсан түр зуурын өвчин намдаах амь тариа мэт ажиллагаа бөгөөд эцсийн үр дагавар нь Монголыг амь тавиулах хугацааг улам наашлуулах үйлчилгээтэй юм.

Тэгвэл нийгмийг гамшиг руу түлхэх энэхүү эдийн засгийн хямралын шалтгаан нь юу вэ? Баячуудын ханаж цадахгүй шунал, эрх мэдлийг атгасан олигарх бүлэглэлүүдийн хоорондын ашиг сонирхлын тэмцэл, дунд, доод давхаргын сүнсээ алдсан арчаагүй байдал гээд олон шалтгаан бий, аль аль нь үгүйсгэх аргагүй зөв. Харин эдийн засагч, судлаачын нүдээр харвал Монголын нийгмийн уруудал доройтол, хямрал, далд колончлолд орсон байдал нь улс төр, эдийн засгийн суурь тогтолцооны гажуудалтай холбоотой. Эдийн засагч хүний хувьд улс төрийн гэхээсээ эдийн засгийн тогтолцоог нь эхлээд ярья. Нэг үгээр хэлбэл өдгөө эрх баригчдын зүгээс хүч түрэн хэрэгжүүлж буй "чөлөөт зах зээл" гэх эдийн засгийн инститүтийн суурь бүтэц, тогтолцоо нь гадаадад боловсруулагдсан, Монголын онцлогийг тусгаагүйн улмаас сөрөг үр дагаварыг авчирч улмаар улсыг маань далд колончилолд оруулаад байгаа юм. Хямрал хүсээд байх зүйл биш, гэвч бидэнд өвдөлтийг мэдрүүлж гишгэсэн мөрөө эргэж харах, буруугаа ухаарах боломжийг олгож байгаа нэг сайн талтай. Надад улсаа хямралаас гаргах, улмаар тогтвортой хөгжлийн замд нь эргэлт буцалтгүй оруулах гаргалгаа, гарц нь байна. Энэ нь Монголыг аврах цорын ганц зам юм. Эдийн засгийн инститүц, суурь бодлогод хийх өөрчлөлтүүдийн талаар ярьж байгаа тул төлөвлөгөөг цогцоор хэрэгжүүлхэд бодлогын түвшинд шийдэх 10 гол асуудал бий.Гэвч бид юуны өмнө үндсэн дөрвөн асуудал дээр төвлөрч ажиллах шаардлагатай бөгөөд үүнтэй хамт бусад асуудлууд шат дараалан шийдэгдэх боломжтой юм.

1. Өнөө манай нийгэмд үйлчилж буй банк санхүүгийн мөлжлөгийн системийг өөрчлөх

Дэлхийн 188 орноос банкны зээлийн жигнэсэн дундаж хүү нь 20 хувиас давсан улс ердөө 12 байдаг. Зээлийн хүү нь дунджаар 22-25% эргэлдэж байдаг Монгол улс Уганда, Мадгаскар, Киргиз, Гамбиа гээд хоцрогдсон улсуудтай мөр зэрэгцэж байгаа нь тун харамсалтай. Банкны зээлийн хүү ийм өндөр байхад бизнесүүд хэрхэн үүнээс давсан ашиг олж зээлээ төлөх цаашид үйл ажиллагаагаа явуулах вэ? Энэ бол маш хэцүү. Чухам мөнгө санхүүгийн гачаал, дутагдал, банкны хэт өндөр хүүгийн дарамт манай эдийн засгийн хоцрогдол, уналтын үндсэн шалтгаан болж байгаа юм. Банкны хүүгийн ийм дарамттай нөхцөлд бидний ярьдаг нийгмийн хөгжлийн тулгуур болсон аж үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийн хөгжил үнэндээ ҮЛГЭР, хэрэгжих боломжгүй мөрөөдөл юм. Ийм нөхцөлд бизнесийн ямар салбар, бизнесүүд ажиллаад болоод байдаг вэ? Мэдээж 25% хүүгийн ашиг олж байгаа банкны салбар өөрсдөө, түүхий эдийн үнэ өндөр үед ширүүхэн дайрдаг уул уурхайн салбар, төрд хүчтэй лоббитой барилгын салбар болоод монополь шатахуун импортлагчид юм. Аан тийм угаасаа эдгээр салбарууд банкнаас зээл, үүн дундаа төгрөгөөр нэг их зээл авдаггүй л дээ. Доллараар зээл аваад түүнийгээ 1480 төгрөгөөр тооцох, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд 3.5 их наяд төгрөгийг хэвлүүлж авах зэргээр төрийн тусгай халамжаар яваад байгаа тул банкны зээлийн дарамтанд төдийлөн их ороод байдаггүй онцлогтой.

Тэгвэл банкны системийг хэрхэн яаж өөрчлөх вэ, зээлийн хүүг яаж бууруулах вэ? Үүнд банкируудын хэлдэг түгээмэл нэг хариулт нь: манай хадгаламжийн хүү өндөр 12-13% ийм нөхцөлд бид зээлийн хүүг бууруулах боломжгүй. Үнэндээ энэ тайлбар улиг болж хэний ч хэлдэг ЖИЖҮҮРИЙН ҮГ болсон юм. Ийм утгагүй үгэнд итгэж мөлжүүлээд явдаг ард түмэн байж болохгүй, ийм утгагүй хариултаар амаа таглуулчаад  дуугүй явдаг эдийн засагч, санхүүч, бодлого тодорхойлогч байх нь ичгэвэртэй хэрэг. Надад гарц, гаргалгаа нь байна. Мэдэхгүй бол надаас асуу! Чадахгүй бол хамтдаа хэрэгжүүлье!
 

2. Протекшионист буюу дотоодын үйлдвэрлэл, зах зээлээ хамгаалах бодлого явуулах

Чөлөөт худалдаа нэрийн дор орж ирж буй гадны үйлдвэрлэгчидийн довтолгооноос дотоодын үйлдвэрлэл болоод зах зээлээ хамгаалах бодлого явуулах нь хөгжлийн гарааны тулгуур алхамуудын нэг юм. Эдийн засгийг алсан энэхүү чөлөөт худалдаа гэгч далд колончлалын бодлого манайд анх 1997-98 онуудад гадаад худалдааны (ГХ) татварыг ТЭГЛЭСНЭЭР хэрэгжиж эхэлсэн юм. 1996 он буюу худалдааны татварыг тэглэхийн өмнөх жилд гадаад худалдааны татварын орлого 14 тэрбум байсан бол 1998 он буюу татвар тэглэлт бүрэн хэрэгжсэн жилд 1.5 тэрбум болж буурсан нь гадаад худалдаанаас орох орлогыг даруй 9.2 дахин бууруулсан, сөхөрч явсан эдийн засгийг элгээр нь хэвтүүлж мөлхүүлсэн үйлдэл байсан юм. ГХ-ны татварыг 2000 онд хавтгайруулсан 5% болгож шинэчлэн тогтоосон бөгөөд өнгөрсөн 7 сард оруулсан багашаархан өөрчлөлтийг эс тооцвол манай гадаад худалдаа үндсэндээ энэ л хуулиар зохицуулагдсаар байгаа юм.

Гадаад худалдааны хувьд эдийн засагт гүйцэтгэх гол үүрэг нь татвараар орлого оруулж ирхээс гадна татвар, тариф, квот, стандардын аргаар бэлэн бүтээгдэхүүний импортад хязгаарлалт тавьж дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах юм (протекшионист бодлого). Гадаад худалдаанд ч мөн давхар хэрэгждэг НӨАТ-ыг тойрсон асуудлууд яригдаж байгаа өнөө үед хавтгайруулсан 5% гаалийн татварын бодлогод салхи оруулах цаг аль хэдийн болон. Дотоодын үйлдвэрлэлд хэрэглэгддэг материал, түүхий эдүүд импортын татвараас чөлөөлөгдөх, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх бэлэн бүтээгдэхүүний импортын татварыг өсгөх, квотоор хязгаарлах, стандарт тогтоох, дотоодын үйлдвэрлэгчиддээ татаас өгөх гээд шаталсан, төрөлжсөн арга хэмжээ авах замаар үйлдвэрлэлийг жинхэнэ утгаар нь дэмжих цаг аль хэдийн болсон. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, хоцронгуй хөгжилтэй орны хувьд Монгол улс тус байгууллагаас өгөгддөг (SDT-Specialized Differentiated Treatment) худалдааны хөнгөлөлтүүдийг эдлэх, худалдааны татварыг өнөө баримталж буй  хавтгайруулсан 5 хувиаас 17-20 хүртэлх хувиар өсгөх бүрэн боломжтой юм. Үнэндээ эдийн засгийг удирдах оновчтой бодлого, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар дутагдаад байгаа юу гэхээс боломжоор дутагдаагүй юм.

"Чөлөөт худалдаа" гэх энэхүү Монголын үндэсний үйлдвэрлэлийг элгээр нь хэвтүүлж, өндийлгөхгүй нухчин дарж буй бодлогоос татггалзаж, дотоод үйлдвэрлэлээ хамгаалах бодлого явуулж байж гэмээ нь Монгол улс далд колончлолоос салж, өндийх боломжоо олно. Энэ миний гаргалгаа, гарц. Хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар эргэлзэж байвал надаас асуу!

3. Олон төрлийн өмчийн харилцааг бүрэлдүүлэх

Зах зээлийн харилцаанд шилжихээс өмнөх өнгөрсөн 70 жилийн түүхэндээ бидний хийсэн хамгийн том алдаа бол хувийн өмчийг үгүйсгэж, хязгаарласан асуудал юм. Үнэндээ бидний ч алдаа биш л дээ, бидэнд гаднаас тулган хүлээлгэсэн бодлого байсан юм. Өнгөрсөн удаа өөрөө хүсэлгүйгээр хийсэн энэ алдааг бид өнөөдөр давтаж байна, гэхдээ энэ удаа зөвхөн хувийн өмчийг дээдэлж улсын, нийтийн өмчийг огтоос үгүйсгэх байдлаар. Бас л гадны бодлого. Төр гэсэн динамик, өөрчлөгдөж байдаг субьектийг товойлгон гаргаад Улс гэсэн ойлголтыг бүдэгрүүлж  улсын (ард түмэн, газар нутаг), нийгмийн бүхий л эрх үүргийг өмчийнх нь хамт төрийн мэдэлд өгөв. Тэгээд тусгайлан боловсруулсан хар технологоор төрийг балбаж сүг болгоод төрийн мэдэлд очсон улсын өмч, нийгмийн баялгийг булаан авч гадаад, дотоодын этгээдүүдэд хуваан тарааж байгаа нь үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдлийг учируулж буй завхрал юм.

Хувийн өмчийг хамгаалах, түүний хөгжлийг дэмжих нь төрийн үндсэн үүрэг, бодлогын салшгүй нэг хэсэг байх ёстой. Гэлээ гэхдээ энэ нь улсын бүх өмчийг хувьд гаргах, үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдол бүхий салбаруудыг хувьчилна гэсэн үг огт биш юм. Хүний гараар бүтээгүй, өвөг дээдсээс минь Монголчууд бидэндээ үлдээсэн бүхий л баялаг улсын, нийтийн өмч хэлбэрээр ард түмний мэдэлд үлдэх ёстой. Үүнд мэдээж байгалийн баялаг, томоохон орд газрууд, түүхийн дурсгалт газрууд зэрэг орно. Нөгөө талаас нийгмийн хөрөнгөөр бүтсэн биет болон биет бус баялгууд бөгөөд үүнд эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч гээд хүний суурь хэрэгцээг хангадаг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд орно. Улсын өмчийн даатгалын болоод эрүүл мэндийн сангууд, их дээд, бага дунд сургуулиуд, эмнэлгүүд, цахилгаан станцууд, тээвэр, холбооны сүлжээнүүд гэх мэт гэсэн үг. Улс өмчтэй байхын үндэслэлийг тодорхойлсон энэхүү тайлбарыг философийн ойлголт гэж үгүйсгэх хандлага байдаг. Үнэндээ бол философийн үндэслэл байх тусмаа сайн хэрэг. Гэхдээ стратегийн гэж үзэж буй салбаруудад улсын өмч давамгайлсан байх шаардлагатайг гаргасан эдийн засгийн үндэслэл бий. Чөлөөт зах зээл, ардчилалын жишиг болсон Америкт нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгал зэрэг нь үндсэндээ бүхэлдээ төрийн/улсын мэдэлд, боловсрол, эрүүл мэндийн салбарын 70-80% мөн л улсын өмчид харъяалагддаг. Франц, Норвег, Швед гээд өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн суурь хэрэгцээг хангадаг бүхий л салбарууд үндсэндээ төрийнх нь  мэдэлд байдаг төдийгүй төрийн өмчит компаниуд зах зээлд нь зонхилох үүрэг гүйцэтгэж хөгжлийнх нь түүчээ болж байдгийг санах хэрэгтэй. Уул уурхайн салбарт л гэхэд Чилийн Коделко зэсийн, Малайзын Петронас газрын тосны, Норвегийн Статойл газрын тосны, гээд дэлхийд нэрд гарсан улсын болоод нийтийн өмчит үйлдвэрүүдийг дурдаж болно. Стратегийн салбарууд улсын эсвэл нийтийн өмчид байхын давуу талын жишгийг олход бид хил давж их хол явах шаардлагагүй, Эрдэнэт үйлдвэр орход л болно. Ямар муудаа л бид Эрдэнэтийг саалийн үнээ гэж нэрлэх вэ дээ?  1978 онд ашиглалтанд орсон цагаасаа хойш үр ашигаа шууд өгч эхэлсэн энэ үйлдвэрийг дагаад 100 гаруй мянган хүнтэй бүхэл бүтэн хот босч өдгөөг хүртэл Монголын хамгийн том татвар төлөгч байсаар байгаа юм. Эрдэнэт бол Монголын уул уурхайн хөгжлийн жишиг, улсын хөгжлийн түүчээ юм.

Эдийн засаг гүнээ хямарч эхлээд байгаа өнөө үед Монголыг задраачихгүй барьж байгаа нэгэн зүйл нь иргэдийн суурь хэрэгцээний нэгээхэн хэсэг болох ус болоод цахилгааны үнэ хэр тааруу, харьцангуй иргэдийн санхүүгийн боломжид тохирсон хэмжээнд тогтож буйд байгаа юм. Энэ нь эрчим хүч үйлдвэрлэгч станцууд, усны аж ахуйн нэгжүүд улсын өмчийн газрууд хэвээр байгаагийн ач тус гэж үзэж болно. Эрчим хүчний яам болоод бусад холбогдох газруудаас бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг тогтооход улсын өмчийн газруудтай харьцах, хамтран ажиллах амар байх нь ойлгомжтой. Гэвч энэ байдал хэр удаан үргэлжлэх бол? Цахилгаан станцууд, ус сувгийн газруудыг хувьчлах асуудлуудыг үргэлж л сөхөж тавьсаар байгаа, мөн 5-дугаар цахилгаан станцыг гадаадын хөрөнгө оруулалтаар барьхаар болсон нь ирээдүйд эрчим хүч, цэвэр усны салбарт ноцтой асуудлууд үүсч болхыг сануулж буй хэрэг юм. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлхүйц салбаруудын бодлогоо энэ маягаар задгай тавьбал цахилгаан станцуудаа хувьчлаад үнийн өсөлтийн улмаас засаглалын ноцтой хямрал, нийгмийн самуунд хүрсэн Болгар, цэвэр усны нөөц, түгээх сувгаа хувьчилснаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн Болив улсуудын араас орохгүй гэхийн баталгаа манайд байхгүй юм.

Дан ганц хувийн өмчид тулгуурласан нийгмийг цогцлооно, хөгжинө гэх хаа ч бодитоор хэрэгждэггүй үзэл баримтлалыг сохороор шүтэж зүтгүүлэх нь эдийн засагт төдийгүй үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулах эрсдэлтэй. Тиймээс хувийн, улсын, нийтийн өмчийн тэнцвэржүүлсэн тогтолцоог бий болгох ёстой.

4. Төр жинхэнэ эзэддээ очих ба зах зээл дахь төрийн оновчтой удирдлага

Зах зээлд төрийн зохицуулалт шаардлагатай, үүн дундаа хоцронгуй хөгжилтэй болоод шилжилтийн эдийн засагтай манайх шиг улсуудын хувьд энэ нь нэн чухал гэдгийг олон улсын туршлага харуулдаг. Зах зээл дахь төрийн оролцоо Францад 56%, Норвегт 59%, Англид 40%, харин Монголд дөнгөж 35% байдгийг харвал Монголын төр зах зээлд хэт оролцоод байна гэдэг яриа үндэслэл муутай болхыг баталж буй төдийгүй, зах зээлд төрийн оролцоо байдаг, хэрэгтэй гэдгийг нотолж буй хэрэг мөн. Бүх зүйлийг үндсэндээ чөлөөтэй тавьсан сүүлийн 25 жилийн горыг бид өнөөдөр илүү их өвдөлтөөр мэдэрч байна. Бидэнтэй нэгэн зэрэг гараанаас эхэлсэн Казахстан, Вьетнам, Хятад, Орос бүгд хөгжлөөрөө биднээс хол тасарсан бөгөөд чухамдаа л зах зээлийг төрийн маш зөв зохицуулалтаар удирдаж байгаад л амжилтын "нууц" нь байгаа юм. "Төр муу менежер" гэх  барууны хар технологи Монголд хүчтэй ажиллаж төрийг үгүйсгэх, төрөөс бүх өмчийг нь салгаж авах зохион байгуулалттай ажиллагаа хэрэгжиж байна. Үнэндээ бид бүгд мэдэж байгаа, төр маань өөрөө нам, эвсэл, ашиг сонирхолын бүлэглэлүүдийн өмчлөгдөж тэдний хоорондын болоод олон нийттэй хийх тэмцлийн зэмсэг болоод талбар нь болсон гэдгийг. Тиймээс төрийг муу харагдуулж байгаа, төрийн өмчийн компаниудыг алдагдалтай ажиллуулж байгаа нь төрд муу менежерүүд байгаатай, төр ашиг сонирхолын бүлэлглэлүүдийн мэдэлд байгаатай шууд холбоотой юм. Энэ тал дээр Таван Толгой, Багануур, Хуримын Ордон гээд улсын өмчийн олон аж ахуйн нэгжүүдээр жишиг татан ярьж болно. 

Төрийн мэргэн зохицуулалт, удирдамжаар улс орон хөгждөг гэдгийг өнөөгийн өндөр хөгжилтэй Америк, Франц, Япон гээд бүхий л улсуудын түүх, хамгийн ойрын жишээ гэвэл Солонгос, Сингапурын хөгжлийн загвар харуулна. Төрийн зохицуулалт юунаас эхлэх вэ? Миний дээр дурдсан, банк санхүүгийн суурь тогтолцоог өөрчлөх, гадаад худалдааны протекшианист бодлого явуулах, хувийн болоод улсын, нийтийн өмчийг хослуулан хөгжүүлэхээс эхэлнэ. 

Угаасаа 1992 оны үндсэн хуулиндаа бид "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна" (Үндсэн хуулийн 5.4 заалт) хэмээн заасан атлаа 25 жилийн турш хэрэгжүүлж ирсэн бодлого нь төрийн зохицуулалтыг зүйл бүрээр үгүйсгэж, өдгөө төрийг өөрийг нь өмчөөс нь, ард түмнийи өмнө хүлээсэн эрх, мэдэл, үүргээс нь салгах замаар юу ч биш болгох ажиллагаа явагдаж байна. Төр цомхон, жижиг байх ёстой, төр зах зээлд зохицуулаад байна, төр муу менежер, төр өмчтэй байх ёсгүй гэх хашгираануудын цаад учир, үр дагаварыг ойлгож байгаа нь хэд бол бүү мэд. Тиймээ төрийг юуны өмнө өмчөөс нь салгах нь хүчгүйдүүлэх, жижигхэн болгох найдвартай арга юм.  Энэ үйл явдлын өрнөл нь эцсийн дүндээ төрийн болоод төрөөс гадуурхи эрх мэдлийг маш цөөн тооны хэт хөрөнгөжсөн этгээдүүдийн гарт үүрд төвлөрүүлэх тогтолцоог бий болгох учиртай. Төр оршихуйн утга учир болсон улсын тусгаар тогтнол, Монголын ард түмний эрх ашиг гэсэн ухагдахуунууд алга болж улсаа гадны аюулаас батлан хамгаалах армигүй болж цомхорсон боловч цагдаа, шүүх гэсэн хүчний байгууллагуудаа зузаатгасан төр нь зөвхөн хувийн өмчийг, олигархуудыг, гадаадын хөрөнгө оруулагчидыг хамгаалдаг субьект болох юм.  

Тэгэхээр асуудал хаанаа байна вэ гэвэл төр бизнесд, хувийн хэвшилд хэт оролцоод байгаад биш харин хувийн хэвшил төрийн хэрэгт хэт хутгалдаад байгаад байгаа юм. Үнэндээ цөөн тооны олигархууд төрийн хэрэгийг хэт мэдээд, төрийг зэмсэг болгон ашиглаж төрийн шийдвэрүүд тэдний эрх ашигт нийцсэн байдлаар гардаг.  Тиймээс төр юуны өмнө жинхэнэ эзэддээ, ард түмний мэдэлд буцаж очих ёстой. Ийм л тохиолдолд төр эдийн засгийг оновчтойгоор удирдах, зохицуулах ард түмний язгуур эрх ашигийн үүднээс шийдвэр гаргах боломжтой болно.

Монголыг аврах миний төлөлвлөгөө энэ юм. Хэрэгжүүлэх жор нь ч надаа байна. Энэ төлөвлөгөө Монголыг зөвхөн гамшигт байдлаас гаргах төдийгүй, тогтвортой хөгжлийн замд нь гаргана. Энэ үндсэн дөрвөн бодлогыг алхам алхамаар, гэхдээ тууштайгаар хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй бөгөөд миний энд дурдаагүй бусад асуудлууд явцын дунд шийдэгдээд явах болно. Үнэндээ үүнээс өөр зам үгүй. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлмэгц бүх зүйл өргөс авсан мэт хурдан сайхан болохгүй. Гэхдээ үр дүнгээ даруйхан өгч эхлэх боломжтой. Эрх баригчид, нам төрийн зүтгэлтнүүд, түшээдүүд, бодлого тодорхойлогчид бүгд үүнийг ойлгох ёстой. Гарц гаргалгааг нь би хэллээ. Хэрхэн яаж ажил хэрэг болгохыг мэдэхгүй бол надаас асуу.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Jennie:Хямралаас гарах гарц, гаргалгааг хэлж өгсөн байна. Гэхдээ тийм амархан хэрэгжихээр гарц биш байхаа. Банкны зээлийн хүүг хэрхэн яаж бууруулах гэж байгаа нь сонин байна. 2016-04-26
henry mark:Та төлбөрөө төлөх зээл хэрэгтэй юу эсвэл та өөрийн бизнесээ эхлүүлэх мөнгө хэрэгтэй бид 2% -ийн хүүтэй болох бага зээл бид ч бас Дэлгэрэнгүйг урт, богино хугацааны зээл олгох өгөх и-мэйлээр бидэнтэй холбоо барина талаар бидэнтэй холбоо барина хийх хэрэгтэй: hmark8648@gmail.com 2016-07-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?