ЭМЧИЛГЭЭНД АШИГЛАХ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМИЙН ЖОРЫГ АВСАН

2020-03-17  

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Ингээд нэгдсэн мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Сүүлийн 24 цагийн хугацаанд 14 улсад шинээр халдвар бүртгэгдэж, нийт 164 улсад халдвар гараад байна. Манай улсад өчигдөр гурван хүнд халдвар илэрсэн. Гурван иргэний хоёр нь Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн бол нэг нь Берлиний тусгай нислэгээр ирсэн бөгөөд эхний ээлжинд гурван хүнээ ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Ойрын бүх хавьтлыг шинжилгээнд хамруулна. Бид халдвар гарсан улсаас иргэдээ авчирч байгаа учраас эрсдлээ тооцоод бүх зорчигчдыг онгоцонд амны хаалттай байлгаж байсан. БНСУ-аас ирсэн халдвартай хоёр хүний хувьд тэнд байх хугацаандаа эмнэлгээр үйлчлүүлсэн байна.Тиймээс иргэддээ аль болох эмнэлэгт очихгүй эхний ээлжинд утсаар зөвлөгөө авч байхыг ахин дахин сануулъя. Гурав, дөрөвдүгээр сард монгол хүний дархлаа хамгийн ихээр унадаг учраас эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг чанд сахихыг хүсэж байна

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлан ажиглах ажиглалтад улсын хэмжээнд нийтдээ 2,239 хүнийг хамруулсан байгаа. Өнөөдрийн байдлаар 1,330 хүн тусгаарлан ажиглалтад байна. Нийт 293 сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулснаас дөрвөн тохиолдлын онош батлагдсан. Өчигдөр Токио-Улаанбаатарын нислэгээр 256 зорчигч ирсэн. Сэжигтэй болон эрсдэлтэй хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа 63 хүнийг Цэргийн төв эмнэлэг дээр аваад, бусад хүнийг Жаргалан, Наранбулаг, Парк гэсэн зочид буудал, сувиллуудад хуваарилаад байна. Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр 231 хүн ирснээс диализийн аппаратанд орох шаардлагатай нэг иргэнийг Цэргийн төв эмнэлэгт аваад бусад хүнийг Амар зочид буудалд байрлуулсан. Хилийн боомтуудаар олон улс дамжиж зорчсон иргэд ирсээр байгаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтуудаар Австрали, Тайланд, Филиппин, Хонг Конг, БНСУ, БНАСАУ, ОХУ, Канад, Франц, Унгар, Испани, Индонез, Турк, Узбекистан зэрэг улсуудаар дамжсан иргэд орж ирж байгааг тусгаарлаж байгаа. Өчигдөр Цэргийн төв эмнэлгийг бүрэн тусгаарлаад тухайн эмнэлгийн 570 орон дээр үзүүлж байсан эмнэлгийн тусламжийг УНТЭ, УГТЭ, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, дүүргийн эмнэлгүүд рүү шилжүүлсэн. Бүх тусгаарлах байран дээр лавлагаа төвүүдийн нэг, нэг эмчээр ахлуулаад резидент эмч нараа ажиллуулж байна. Шадар сайдын баталсан Тусгаарлах журам бүх байруудад хэрэгжээд явж байгаа. Мөн БНХАУ-аас халдварын эмчилгээнд ашигласан уламжлалт анагаах ухааны эмийн жорыг авсан

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр СOVID-19-ийн халдвар авсан нь батлагдсан Франц иргэний тохиолдлын хавьтал болох 88 хүний давтан шинжилгээнд COVID-19 илрээгүй. Франц иргэнтэй холбоотой хавьтлуудын шинжилгээ өмнө нь тодорхой мэдээлэгдсэн бөгөөд хавьтлуудын шинжилгээний хариу үүгээр дуусаж байна. Гэхдээ хавьтлуудын тусгаарлагдах хоног арай дуусаагүй. Мөн 2020 оны гуравдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу тус бүр сөрөг гарч, коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсанд тандалт судалгаа хийж байна. Мөн өчигдөр БНСУ-аас ирж тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин ирж тусгаарлагдсан нэг тохиолдол гээд нийт гурван хүний шинжилгээнд COVID-19 илэрч, Монгол хүнд СOVID-19 халдварын батлагдсан тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ. Бид тухайн ХӨСҮТ-д батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 111 хүнийг тусгаарласан. Үүнээс 61 хүний шинжилгээний хариу нь сөрөг гарч, коронавирус илрээгүй. Үлдсэн ойрын хавьтлуудад шинжилгээ хийгдэж байна. Батлагдсан гурван тохиолдолтой холбоотойгоор хамт онгоцонд ирсэн хүмүүсийг тусгаарлаж, ажиглалтад аван ажиллаж байна. Нэмж хэлэхэд 15 минутын хугацаанд хариу нь гардаг шинэ коронавирусийн түргэвчилсэн оношлуур бидэнд бий. Түүгээр бид онгоцоор ирсэн 43 хүнд шинжилгээ хийж үзэхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. "Халдвартай манай улсын гурван иргэн 37, 50 болон 60 гаруй насны эмэгтэйчүүд. Францын биеийн болон сэтгэл санааны байдал сайн байгаа.

 

О.Гоо-Оюун

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?