Европт “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн 17 сая орчим хүнд шинж тэмдгүүд үргэлжлэн илэрсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ Европын бүсийн асуудал эрхэлсэн газраас мягмар гарагт мэдээлжээ.
Үүнийг “COVID-19”-ийн урт хугацааны зовуурь гэж нэрлэж байгаа бөгөөд халдвар авснаас хойш наад зах нь гурван сарын хугацаанд янз бүрийн шинж тэмдэг илэрдэг байна.
ДЭМБ-ын Европын 53 гишүүн оронд цар тахлын эхний хоёр жилд буюу 2020, 2021 онд илэрсэн халдварын тохиолдлуудыг судалсан, Вашингтоны их сургуулийн бүтээсэн загварчлалд тулгуурласан судалгаагаар ийнхүү тогтоожээ.
“Европ болон Төв Азийн хэд хэдэн орныг хамардаг манай бүсэд олон сая хүнд “COVID-19”-өөр халдварласнаас хойш олон сарын турш шинж тэмдэг илэрч байна” гэж ДЭМБ-ын Европын бүсийг хариуцсан захирал Ханс Клюге хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
“COVID-19”-ийн урт хугацааны зовуурийн талаар судлах зүйл маш их байгаа хэдий ч энэ тоон мэдээлэл илүү их дүн шинжилгээ, илүү их хөрөнгө оруулалт, илүү их дэмжлэг, илүү эв нэгдэл хэрэгтэй байгааг тодотгон харуулж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Европын бүсийн асуудал эрхэлсэн газрын тайланд дурдсанаар, “COVID-19”-ийн халдвар авсан ихэнх хүмүүс бүрэн эдгэрч байгаа ч 10-20 хувьд нь дунд болон урт хугацаанд ядрах, амьсгал давчдах, ой тогтоолт муудах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа ажээ.
Эмэгтэйчүүд илүү өртөмтгий байна
Дэлхийн хэмжээнд авч үзвэл, цар тахлын эхний хоёр жилд ойролцоогоор 145 сая орчим хүнд “COVID-19”-ийн урт хугацааны зовуурь илэрсэн байна.
Европын судалгаагаар эмэгтэйчүүдэд урт хугацааны зовуурь илрэх магадлал эрэгтэйчүүдийнхээс хоёр дахин их байгааг тогтоосон гэдгийг ДЭМБ мэдээлжээ.
Мөн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарсан буюу хүндээр өвчилсөн хүмүүст ийм зовуурь илрэх магадлал маш өндөр байгааг тогтоосон байна.
Гэхдээ хүйсийн хувьд ялгаатай байдал ажиглагдсан бөгөөд хүндээр өвчилсөн гурван эмэгтэй тутмын нэгд урт хугацааны зовуурь илэрсэн бол эрэгтэйчүүдийн хувьд таван хүн тутмын нэгд нь илэрчээ.
Энэхүү судалгааг явуулсан Эрүүл мэндийн хэмжигдэхүүн, үнэлгээний хүрээлэнгийн дарга Кристофер Мюррейн ярьснаар, хэчнээн хүнд зовуурь илэрсэн, хэр удаан үргэлжилж байгааг нарийвчлан тогтоох нь эрүүл мэндийн тогтолцоо, төрийн байгууллагуудад нөхөн сэргээх, дэмжлэг үзүүлэх үйлчилгээ бий болгоход чухал ач холбогдолтой байна.
Эх сурвалж: БРЮССЕЛЬ. /DW/