Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын нэгдсэн мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "2020 оны 4 дүгээр сарын нэгэнд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Энэ сайн мэдээ. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа Катараас ирсэн 43 хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан 81 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 58 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 11, Орхон аймагт 20, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй. Ингээд нийт 326 шинжилгээ хийжээ. ХӨСҮТ-д шинжилгээ хийх тоног төхөөрөмжийн PCR аппаратын тоог нэгээр нэмсэн. Ингээд илүү олон шинжилгээ хийх нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, нийт иргэдээс цуглуулсан сорьц, тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээ болон давтан шинжилгээнүүдээ хийж хянах юм. Үүний хажуугаар бид хурдавчилсан оношлуур ашиглаж байгаа. Хамгийн үндсэн сүүлийн баталгаатай хариу PCR-аар буюу лабораторийн шинжилгээгээр гарна гэв.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “24 цагийн дотор халдвар бүртгэгдсэн улсын тоо 207 болж нэмэгдлээ. Япон улсын Токио хотод мөн халдварын эрчим нэмэгдэх хандлагатай байна. Манай улсын хувьд нийт 14 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Тэдний хоёрыг эдгэсэнд тооцож, эмнэлгээс гаргасан. Харин үлдсэн 12 тохиолдолд бие нь зарайх, хамар нь битүүрэх, булчин өвдөхөөс өөр зовуурь бага байна. Заримд нь халуурах шинж тэмдэг хааяа илэрч байгаа. Өчигдөр Сөүлээс тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 монгол иргэнийг журмын дагуу тусгаарлалаа. ХӨСҮТ-д 37-г нь тусгаарласан. Дэлхийн хэмжээнд халдварын оргил үе тохиох болоогүй. Азийн орнуудад хоёр дахь давлагаа хэлбэрээр дахин тархаж байна. Иймд анхаарал болгоомжоо сулруулж болохгүй” гэв.
О.Гоо-Оюун