Хаврын нэгэн өдрийн хур буусан үдэш Соёлын төв ордноо "БОЛОР ЦОМ"-ын эзэд чууллаа. Риогийн тэнгэрт Монгол улсынхаа далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх тамирчдынхаа дээлийн захыг нь мушгиж уухайлан дэмжих Монголчуудын омогшил ойртсоор. "Рио-2016" зуны олимпын наадмыг шууд дамжуулах эрхийг МҮОНРТ дангаараа авсан билээ.Энэ эрхийг авах санхүүжилтийг босгож тамирчдынхаа ялалт амжилтын торгон агшныг шууд үзэх боломжийг бүрдүүлэхээр уран үгийн дархчууд түүчээлэн хандивын аяныг эхлүүллээ.
Анх 1983 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч яруу найрагч Д.Пүрэвдорж, "Болор цом" наадмын анхны тэргүүн шагналтан болж байсан бол өдгөө "БОЛОР ЦОМ" яруу найргийн наадам 34 жилийг ардаа үджээ.
Ийнхүү "БОЛОР ЦОМЫН ЧУУЛГАН"-д үе үеийн "БОЛОР ЦОМ"-ын эзэд тухайн он жилүүдэд наадамдаа сойн торгон жолоо өргүүлж байсан шүлэг найраглалуудаа уншиж мялаалга өргөлөө. Соёлын төв өргөөний тайзнаа гурвантаа заларч шүлэг найраглалаа үзэгчид уншигчиддаа хүргэсэн эрхэм бол "БОЛОР ЦОМ"-ын гурван удаагийн эзэн Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Цоодол байлаа. Яруу найрагчид шүлэг найраглалаа уншсанаас гадна тэдний шүлгээр нь бүтсэн олон сайхан дуу эгшиглэлээ.
Өнөөдрийн байдлаар Монголын баг тамирчид Риогийн олимпийн 37 эрх аваад байгаа. Ялалт бахдалын торгон агшинд нь хамтдаа байх Монголчууд та бүхнийг ийнхүү хандивын аянд нэгдэхийг "БОЛОР ЦОМ"-ын эзэд уриаллаа.
Л. ГАНТУЯА