Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

БУРМАА, ЖУРМАА ХОЁР БУЮУ БУРМАА ЖУРМАА МӨРД!

2016-05-09  

Жил жилийн хавар, намар, тариалалт эхлэх, ургац хураах цагаар дуусашгүй маргаан дэгддэг боллоо. Р.Бурмаа гэдэг сайд газар тариалан эрхлэгчдээ сонсохгүй, өөрийнхөөрөө зүтгэдэг нь эхэллээ. Өнгөрсөн хавар тариалан эрхлэгчид ургацынхаа 80%-ийг алдах нь гэсэн дохиог өгсөөр байтал "ҮГҮЙ" хэмээн муйхарлан зөрүүдэлсээр байгаад ургацынхаа 80%-ийг алдахыг харсан. Түүнийгээ 80 биш 50% гэж зүтгэсээр л ...гэхдээ л тоо нь чухал биш, салбар нь чухал гэдгийг бас л ойлгоогүй бололтой. Газар тариалан гэсэн маш чухал, маш ирээдүйтэй салбарыг элгээр нь хэвтүүлж байхыг харсаар толгойг нь илээд өнгөрөх Засгийн газар бас байна гэдэг нь сонирхолтой. 

Энэ салбарыг бүрмөсөн нураалгах гэж Р.Бурмааг үлдээлээ ч гэж уншиж болох нь. Газар тариалан хөгжих эсэх нь Монголын энэ Засгийн газарт огт хамаагүй бололтой. Бодвол, газар тариаланг гурил гэж харж байх шиг байна, тэд. Тиймээс таван төгрөгөөр гурил худалдаад л авчихна гэсэн хоноцын сэтгэлээр бүхэл бүтэн салбараа, үйлдвэрлэлээ нураахад бэлэн байгааг харж болох нь, гунигтай. Газар тариалан бол хөгжил, Монголын ирээдүй. Хэр ургац авах вэ? гэдэг бол хаврын тариалалтаас, ямар үр суулгахаас шууд хамааралтай. Төр байдаг бол, яамны бодлого гэж байгаа бол үрийн буудайгаа нөөцөлсөн, түүнийгээ тариаланчдадаа тарааж байх ёстой цаг. Энэ жил 18000 тонн үрийн буудай шаардлагатайгаас дөнгөж 2000 тонн үрийн буудайтай сууж байна, ХХААЯ. Өөрсдөө оруулж ирэх гэж хөөцөлдөөд, бүтэхгүй болохоор нь үрийн буудай оруулж ирэх квотыг компаниудад тараасан гэдэг мэдээлэл гарсан. "Дурын компанид үрийн буудай оруулж ирэх эрх олгож болохгүй. Үрийн буудайг төр өөрөө хариуцах ёстой" гэж энэ салбарын туршлагатай мэргэжилтэн, Монгол улсын ерөнхий сайд асан Ж.Гунгаадорж хэлж байна. Тариалан эрхлэгчдээ сонсохгүй төр байж болохгүй гэдгээ ч Гунгаадорж сайд хэллээ. 

Асуудал тэгэхээр тариаланчдад биш, Р.Бурмаад байна уу? ч гэж асууж болохоор боллоо. Р.Бурмаа газар тариалан эрхлэгчдийнхээ 80%-ийг нь орхичихоод 20%-тай нь ажилласан ч болно гэж эндэж тооцсон бололтой. Тэгээд ямар үр дүнд хүрэхийг зорино вэ? Бурмаа. Тушаалаа биелүүлэхгүй бол тушаал гаргаад яадаг юм бэ? Бурмаа. Журмаа мөрдөхгүй юм бол журмаар яадаг юм бэ?, Бурмаа сайд аа. Бурмаа сайд А-90 гэж тушаал гаргасныг тариаланчид ярьж байна. Жилийн өмнө гаргасан тэр тушаалын хавсралтад хилээр оруулж ирж болохгүй шалгуурыг маш тодорхой заасан байна. Гэтэл тэр хавсралтад заасан шинж тэмдэг агуулсан үрийн буудайг хилээр оруулж ирүүлсэн төдийгүй, тариаланчдад хэдийнээ тараажээ. Р.Бурмаа үүнийг хамгаалж сууна. Монголд нутагшуулсан үрийн буудайг тариалах ёстой гэдэг журмыг жирийн тариаланчид ч мэднэ. Гэтэл тариалахаар тараасан Алтайская жница гэх сортын үрийн буудай нь огт нутагшаагүй. Манайд тариалж байсан үрийн буудайнаас тэс өөр сортын буудай байдаг. Хажууд бас хогтой. Түүнийг нь Сэлэнгийн мэргэжлийн хяналтын туршлагатай, мэдлэгтэй, дээр нь шударга байцаагчид шинжилсэн нь дарга нарын нь хилэнг бадраажээ. Шударгаар, бодитойгоор гаргасан Сэлэнгэ аймгийн шударга байцаагчдын дүн дээд дарга нарын сэтгэлд нийцсэнгүй. Арга хэмжээ авна, ажлаас нь түдгэлзүүлнэ гэж дарамталж эхэлсэн байна. Түүнийгээ ч хэвлэлийн бага хурлын үеэр ил тод зарлалаа. Тэгэхээр шударга ёс гэж байхгүй, зөвхөн дарга нарын үзэл бодолд, зорилгод нийцэж мэргэжлийн хяналтынхан ажиллах ёстой юм байна, хөөрхий. Тиймээс Дарханд дахин шинжлүүлж, өөрсдийн санаанд нийцсэн дүнгээ гаргуулж, түүний дараа хэвлэлийн бага хурал хийх нь энэ. Хэвлэлийнхний асуулт Ц.Шаравдорж даргын уурыг хүргэж, шатаав. Үрийн буудай оруулсан компани нь Таны хүргэнийх гэсэн үү? Хүнсний аюулгүй байдлын баталгаа алдагдах нь. Хариуцлагыг нь та хүлээх үү? гэдэг сэтгүүлчдийн асуултад МХЕГ-ын дарга, олноо шударга гэж цоллогддог Шаравдорж хариулахаас татгалзан, хурлын өрөөг орхин зайллаа. Үрийн буудай бол тоглоом биш. Хөдөө аж ахуй бол улс төрчдийн ашиг хонжооны салбар ч биш. Нам нам дамнасан эдийн засгийн бүлэглэлийн сүлжээг хэн хэзээ таслах юм бэ? Улс төрчид нь хөлжөөд, тариаланчид нь өндийдөггүй, 50 жил тариалан эрхлэхдээ трактороо ч сольж чадахгүй тариаланчид хөөрхийлөлтэй биш үү? Оосрын үзүүрээс нь татсан сэтгүүлч рүү юундаа давшлахыг эрмэлзэнэ вэ, эрх мэдэлтнүүд. Энэ асуудлыг сэтгүүлчид ингээд орхихгүй гэж мэдэгдлээ. Тэд нар эрэн сурвалжлана гэдгээ илэрхийллээ. Оосрын үзүүр хаа хүрэхийг, хэн гэж эрх мэдэлтэнд хүрэхийг үзнэ гэдэг итгэл төрлөө. Журмаа мөрддөггүй Р.Бурмаа маргааш одно. Харин сэтгэл зүрхээ өгсөн тариаланчид энэ салбартаа үлдэнэ. Намар Р.Бурмаа байхгүй, харин тариаланчид л зүтгэж байх болно, тэндээ. Р.Бурмаа минь Журмаа мөрд!

 

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?