Б.Янжмаа: Шинфади захаас худалдагдсан 8 тонн хүнсийг буцаан татаж, устгалд оруулжээ

2020-06-26  

Шинэ коронавирусийн тархалт дэлхий дахинд ямар байгааг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

АНУ

Зургаадугаар сарын 25-ны өдөр АНУ-д 37,600 тохиолдол, 612 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 2,374,00 болсон бөгөөд 121,800 гаруй хүн эндээд байна.

АНУ-ын 30 муж улсад шинээр бүртгэгдэж буй халдварын тоо өссөөр байна. Тэдгээрээс 13-д нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад шинэ халдвар 50 хувиар нэмэгджээ. Аризона, Флорида, Калифорни зэрэг хүн ам ихтэй мужид тархалт нэмэгдсээр байгаа юм.

Пүрэв гарагт АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн захирал олон нийтийн дунд зай барих нь вирусийн тархалтын эсрэг хамгийн шилдэг хамгаалалт гэдгийг онцолсон. Тэрбээр, коронавирус 2 метрээс хол зайн тархах чадвар нь бага тул одоогоор бидэнд байгаа хамгийн хүчирхэг зэвсэг бол хүмүүстэй зайнаас харилцах явдал юм. Тиймээс бусдаас зайтай байж чадахгүй нөхцөл амны хаалт хэрэглэх нь халдвараас сэргийлэх хамгийн чухал хамгаалалт болно гэж зөвлөжээ.

Бразил

Бразил улсад өнгөрсөн 24 цагийн дотор 39,400 тохиолдол, 1,141 нас баралт шинээр бүртгэгджээ. Ингэснээр тус улсын батлагдсан халдварын тоо 1,228,000 гаруй болж, 54,900 гаруй хүн уг өвчний улмаас нас барсан талаар Бразилийн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

БНЭУ

Зүүн өмнөд Азийн бүсийн БНЭУ-д өчигдөр 16,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус улсын халдвар 470 мянга гаруй болжээ. Мөн өдөр 418 нас баралт нэмж бүртгэгдсэн байна.

БНСУ

Номхон далайн баруун бүсийн БНСУ-д сүүлийн 24 цагт 39 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 27 нь дотоодын халдвар байсан бол 12 нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын халдварын 4 нь Тежонь хотод, үлдсэн нь Сөүл орчмын бүсэд бүртгэлтэй байна.

Бусаны боомтод байгаа ОХУ-ын бие бүрэлдэхүүнтэй хавьтал болсон 163 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ.

БНХАУ

Пүрэв гарагт БНХАУ-д 13 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 11 нь дотоодын халдвар байсан бол 2 нь гаднаас зөөвөрлөгдсөн гэж мэдээлжээ.

Дотоодын халдвар бүгд Бээжин хотод бүртгэгдсэн байгаа юм. Зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш Бээжинд батлагдсан тохиолдлын тоо өссөн дүнгээр 280 боллоо гэж Бээжин хотын Эрүүл мэндийн хорооноос мэдээлсэн байна.

Вирусийн халдвар хүнсээр дамжихаас сэргийлэх үүднээс тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 12-ны хооронд Шинфади хүнсний захад худалдагдсан 8 тонн гаруй хүнсний барааг буцааж татан устгалд оруулжээ. Үүнд, шош, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд болон шувууны мах багтсан бөгөөд тэдгээрийг дээрх хугацаанд худалдан авсан 19 хүнсний дэлгүүр, 75 нийтийн хоолны үйлчилгээний газраас татан авж устгасан байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?