ОБЕГ-аас гал түймэртэй холбоотой мэдээлэл гаргажээ. Тус мэдээгээр оны эхнээс тавдугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 53 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж гэмтсэн байна. Хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 9-ний байдлаар Дорнод аймгийн Матад сумын Баянхангай багийн “Харганы цар” гэдэг газар хээрийн түймэр гарч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Дэрсэн-Ухаа” гэдэг газарт дамжин тархсаныг Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 40 иргэн 5 автомашинтай, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, хоёр автомашинтай, Эрдэнэцагаан сумын 29 иргэн, 3 автомашинтай, Сүхбаатар сумын 10 иргэн, 1 автомашинтай, нийт 115 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж бүрэн унтраасан байна. Одоогийн байдлаар Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт багийн “Өндөр хүрээ” гэдэг газарт гарсан гал хараахан унтраагүй байна. Галыг унтраахаар тус сумын нутагт байрлах Хилийн цэргийн 306 дугаар ангийн Мэнэнгийн отрядаас 11 албан хаагч, 1 автомашинтай, “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК-аас 52 хүн 6 автомашинтай, Халх гол сумаас 15 иргэн, 2 автомашинтай, нийт 78 хүн, есөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Хаврын хуурайшилт эрчимжиж байгаа энэ үед түймрийн гаралт, давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллахыг ОБЕГ-аас анхаарууллаа.