Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХУУЛИЙН ТУХАЙ БИШ ТАНЫ ЁСЗҮЙГ ЯРЬЖ БАЙНА. ОФФШОР!

2016-05-10  

Олон улсын эрэн сурвалжлагчдын уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр хууль бус мөнгөө татваргүй бүсэд хадгалдаг тэрбумтнуудын жагсаалт ил болсоор байна. Энэ жагсаалт дотор Монгол улсаас одоогийн байдлаар 40 гаруй хүн байгаа гэж мэдээлэгдэж нийгэмд дахин нэг шуугиан дэгдлээ.

Эхний ээлжид оффшор данстай Хятадын харъяат иргэдийн дотор С.Баярцогтын нэр байгаа юм. Хятадын баячуудын жагсаалтад нэрээ бичүүлсэн энэ эрхэм ичих нүүргүйгээр одоо ч саарал ордныхоо сэнтийд заларсаар байгаа. Хүн хэчнээн хөрөнгөтэй байж болох мөн түүнийгээ хаана нуух нь хувь хүний хэрэг ч Монголын улс төрчид болоод түүний хүүхдүүд энэхүү дансыг эзэмшиж байгаад олон нийт дургүйцлээ илэрхийлж байна. Энд улс төрийн бус бизнесийнхнийг түр орхиё. Иргэдийн уур бухимдал ихэсч тэднийг тэрхүү хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлахыг хүсч байгаатай зэрэгцэн ийм данстай байх нь хууль бус зүйл биш хэмээх талууд мөн гарч ирэв. Энэ асуудлыг бүрхэгдүүлж, бүдгэрүүлэх захиалгат бичвэрүүд мөн гарч ирлээ.

Оффшор дансны эзэд бүрэн зарлагдаагүй байхад Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Цагаадайгаас эхлэн мөнгө байтугай тийм данс ч байхгүй хэмээн тайлбар хийв.

Мөн Сү.Батболд хэвлэлийн хурал зарлаад амжлаа. Тэдний эхний тактик нь тас гүрийх бололтой. Хууль зөрчсөн гэж иргэд тэднийг эсэргүүцсэнгүй. Харин төрд ажиллаж байгаа хүн, тэр их мөнгөө хаанаас хэрхэн бүрдүүлснээ тайлбарлахыг шаардах, хардах эрхтэй. Энэ бол мөнгөний гэхээсээ төрийн хүний ёсзүйг тэднээс нэхэж байгаа хэрэг юм. Өнөөгийн нийгэмд ямар нэгэн луйвар булхай илэрч шуугиан дэгдэхэд хөөсрүүлж байгаад мартагнуулдаг дадмаг аргад эрх баригчид шилжжээ. Энэ удаад мөн л тийм дүр зураг эхнээсээ харагдаж эхэллээ.

Дансны эздэд “энэ үгээ илрүүлсэн хүмүүстээ л очиж хэл” гэмээр санагдана. Муу нэрийг хусавч арилахгүй. Монголчууд эдийн засгийн хямралд өртөөд тарчигхан амьдарч байгаа энэ үед төрийн тэрбумтнууд татваргүй дансанд хэдэн зуун саяар нь доллар нууж байхад хэн дуртай байх билээ. Биднийг төлөөлөөд төрд ажиллаад, бидэнд аятайхан амьдарч болохоор хууль батлаад, татвараар цугласан мөнгийг нь ижил тэгш, шударга, хэрэгтэй зүйлд хувиарлаатахаа гэж бид тэднийг сонгоогүй бил үү? Алдсан хүн арван тамтай гэдгээр олон нийт харддагаараа хардана. 

Харин олон улсын эрэн сурвалжлагч нарын ил гаргасан баримтуудыг эсэргүүцэж няцааж эндээ хашгичихаас илүү эхлээд ичих хэрэгтэй. Мөнгөө нуухаасаа эрээлээгүй юм чинь буруу аргаар цуглуулаагүй гэдгээ батлахаасаа юундаа ичнэ гэж! Их мөнгө үү, бага мөнгө үү гэдгээсээ илүү улс төрчид ичих булчирхайтай юу, үгүй юу гэдгийг асуух цаг. Өнөөг хүртэлх хугацаанд түүхийн хамгийн том алдагдсан нууц мэдээллээр нэрлэгдээд буй “Panama Papers”-ийн 2.6 TB мэдээлэл өнөө шөнө бүрэн утгаараа нийтэд нээлттэй болох юм. Эдгээр мэдээлэл нь урьд өмнө нь байгаагүй их хэмжээтэй төдийгүй ноцтой. Энэхүү нууц мэдээллээр Монгол Улсын 46 иргэн оффшор данс эзэмшдэг тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл “Panama Papers”-ийн нарийн мэдээлэл ямар байдлаар ил болох тухай загвар нийтлэгдээд байна. Цаашид ямар мэдээлэл цацагдаж, бусад улс орнуудын эрх баригчид ямар хариу үйлдэл үзүүлэхийг хэвлэлүүд ажиглаж байна. Эхний ээлжинд Япон улсын улс төрийн намууд энэ мэдээлэлд анхаарал хандуулж хянан шалгах хороодыг байгуулж эхэлжээ. Иргэд хардах, хариултаа нэхэх эрхтэй. Ямар ч асуудлын хөөсийг хамуулсаар таг чимээгүй болсон дадсан арга барилаас залхаж байна!.

 

 

Х. АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:ichih bulchirhai n uuruus n icheed alga bljee huurhii 2016-05-10
zochin:bas tailbar hiichihjee bulaonuud 2016-05-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?