ДЭЛХИЙ ДАЯР ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 12 САЯ ДАВЛАА

2020-07-09  

Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо лхагва гарагт 12 сая давсныг “Reuters” агентлагийн тоон мэдээлэл харууллаа. Агаар дуслаар дамждаг халдварын улмаас долоон сарын дотор хагас сая гаруй хүн нас баржээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, “COVID-19”-ийн тохиолдлын тоо жилд бүртгэгддэг томуугийн тохиолдлын тооноос гурав дахин өндөр хэмжээнд хүрчээ.

Халдвар хамгийн их тархсан олон оронд хөл хориог сулруулж байгаа бол БНХАУ, Австрали зэрэг оронд халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин хэрэгжүүлж байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр, ажил, нийгмийн амьдралд бий болсон өөрчлөлтүүд вакцин гарах хүртэл үргэлжилж болзошгүй ажээ.

Халдварын анхны тохиолдлын талаар Хятад улс өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр мэдээлснээс хойш 149 хоногийн дараа халдвар авсан хүний тоо зургаан саяд хүрчээ. Харин түүнээс хойш халдварын тохиолдлын тоо 12 саяд хүрч, хоёр дахин нэмэгдэхэд ердөө 39 хоногийн хугацаа зарцуулагджээ.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 546 мянга гаруй хүн нас барсан нь дэлхий даяар томуугийн улмаас жилд нас бардаг хүний тоотой ойролцоо хэмжээ юм. Халдвараар нас барсан анхны тохиолдол Хятадын Ухань хотод нэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш Европт дараа нь АНУ-д халдварын тохиолдол, нас барсан хүний тоо огцом нэмэгдсэн юм.

АНУ-д долдугаар сарын 3-нд “COVID-19” халдварын 56818 тохиолдол шинээр илэрсэнтэй зэрэгцэн дэлхий даяар халдвар авсан хүний тоо 11 сая давжээ. АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо мягмар гаргийн байдлаар гурван сая давсан бөгөөд тус улсад дэлхий даяар илэрсэн халдварын тохиолдол, нас барсан хүний дөрөвний нэг нь бүртгэгдсэн нь цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч Дональд Трампын стратегийг олны хараанд өртөхөд хүргэсэн байна.

Мөн цар тахлын үр дагаварт нэг их ач холбогдол өгөхгүй байсан Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан юм. Тус улсад долдугаар сарын 1-нээс хойш өдөрт 20-50 мянган халдварын тохиолдол илэрчээ. Бразилд халдварын 1.7 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 68 мянга орчим хүн нас баржээ.

Засгийн газрын тайлан мэдээнд тулгуурлан гаргадаг “Reuters” агентлагийн тоон мэдээллээс үзэхэд, халдвар Латин Америкт хамгийн хурдацтай тархаж байгаа ажээ. Мөн Америк тивд дэлхий даяар илэрсэн халдварын тохиолдлуудын тэн хагасаас илүү хувь нь бүртгэгдсэн байна. Түүнчлэн долдугаар сар гарснаас хойш өдөрт илэрсэн тохиолдлын 45 орчим хувь нь Бразил, АНУ-д бүртгэгдсэн байна.

Халдварын тохиолдлын тоогоор гуравдугаарт жагсаж буй Энэтхэгт халдварын 20 мянга гаруй тохиолдол өдөрт бүртгэгдэж байна. Үүнээс гадна зарим оронд оношлуурын нөөц хязгаарлагдмал байгаа тул халдварын тохиолдол болон нас барсан хүний тоо албан ёсны үзүүлэлтүүдээс өндөр байх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа ажээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?