Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ГАДААДАД ОФФШОР ДАНСТАНУУДАД ХЭРЭГ ҮҮСГЭЖ БАЙНА, ХАРИН МАНАЙД?

2016-05-13  

Саяхан шуугиан тарьсан Panama Papers гэх оффшор данстануудыг илчилсэн ажиллагааны үр дүнд дэлхийн олон улсууд оффшор нууц данстай өөрсдийнхөө иргэдэд хариуцлага тооцож эхэлсэн байна.  Зарим улс орнууд оффшор буюу нууц дансыг хууль бус гэж үзээд хуулиар хориглодог, заримд нь хориглосон заалт байдаггүй. Гэхдээ аль ч улсад хууль ёсны болоод хууль бусаар олсон орлогоо татвараас зувчуулан оффшор дансанд хадгалах нь хориотой. Тийм ч учраас дэлхийн улс орнууд оффшор данстануудад хатуу хариуцлага тооцож, хэрэг үүсгэж эхэлсэн байна. 

АНУ, Канад, Япон, Энэтхэг, Украйн зэрэг улсуудын засгийн газраас оффшор данстай нь илэрсэн өөрсдийн иргэд, компаниудад хариуцлага тооцох, хэргийг мөрдөх тусгай комисс байгуулж шийдвэрлэхээ мэдэгдсэн бөгөөд тухайлбал Канадын сангийн сайд  Даяна Либотилиур (Diane Lebouthillier) асуудалд нухацтай хандаж нарийвчлан шалгах, шаардлагатай бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн хэрэг үүсгэх болно гэдгээ мэдэгдсэн байна. 

Panama Papers-ээр ил болсон оффшор данстай нөхдүүдээс нэлээд шуугиан тарьсан нь Исланд улсын ерөнхий сайд Зигмунд Ганлассон (Sigmundur Davíð Gunnlaugsson) юм.  Улс нь эдийн засгийн хямралд орж, дампуурлаа зарлан яахаа алдаад байхад ерөнхий сайд нь нууц оффшор данстай, түүндээ их хэмжээний мөнгө хадгалж байсанд дургүйцсэн Исландын ард түмэн эсэргүүцлийн жагсаал хийж ерөнхий сайдаа огцоруулсан төдийгүй асуудалд дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна гэж үзэн парламентаа бүхэлд нь огцруулах асуудлыг нухацтайгаар хөндөж байсан. 

Оффшорт бүртгэлтэй компанид хувь эзэмшиж байсан нь илэрсэн Испанийн аж үйлдвэрийн сайд  Хусе Сориа (Jose Manuel Soria) мөн огцорсон бөгөөд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд оффшор данс нь илэрсэн Францын иргэд, ялангуяа улс төрчидтэй хатуу хариуцлага тооцож, хуульд заагдсан бүх л шийтгэлийг хүлээлгэх болно гэдгээ мэдэгдэж байсан. Оффшор данс түүнээс үүдэлтэй хөрөнгийн гадагш чиглэсэн урсгалтай шийдвэртэй тэмцэж байгаа улсуудын нэг нь ОХУ бөгөөд өнгөрсөн жил Оросын засгийн газраас төрийн өндөр албан тушаалтнууддаа гадаадад данстай байхыг хуулиар хориглосон байдаг.

ОФФШОР БҮС, ОФФШОР ДАНС НЬ ХЯНАЛТААС ГАДНА, НУУЦ, ДАЛД БАЙДАГ

Ард түмнийх нь дургүйцлийг хүргэж, улс төрчдийг нь огцруулах, хуулиар шийтгэх үндэслэл болоод байгаа оффшор данс гэгч нь яг юу юм бэ? Оффшор (offshore) гэсэн үгнээс эхэлье. Оффшор гэдэг үг нь шууд утгаараа эргийн гадна, хол, далд гэсэн утгатай үг. Тэгвэл эдийн засагт оффшор данс, оффшор компани гэдэг нь төр засгийн хяналтаас гадна, далд байгаа хувь хүмүүс, компанийн данс, бүртгэлийг хэлдэг. Оффшор данс, бүртгэл нь тухайн улсын засаглал, хууль эрх зүйн хүрээллээс гадна, нууцлалыг нь сайтар хадгалдаг баталгаа бүхий гадаадын улсууд, газар нутагт нээгдсэн байдаг. Дэлхийн ихэнх улсуудын хувьд Кайманы арлууд, Виржиний арлууд, Бахамын арлууд, Бермүдын арлууд, Швейцар, Люксембүрг, Панам, Недерланд, Хонг Конг зэрэг улсууд оффшор банкны данс нээх, оффшор компани байгуулхад хамгийн тааламжтай оффшор бүс, оффшор улс болдог. 

Хувь хүмүүс, компаниуд гадаад улс орнуудад данстай, бизнесийн бүртгэлтэй байх нь ихэнх улсуудын хувьд хууль зөрчсөн асуудал уу гэвэл үгүй. Тэгвэл асуудал юунд байна вэ гэвэл оффшор бүс, оффшор данс нь хяналтаас гадна, нууц, далд байдагт оршдог.

Өөрөөр хэлбэл бохир эх үүсвэртэй байсан ч хамаагүй дансанд буй мөнгө, компанид эргэлдэж буй хөрөнгийн нууцлалыг найдвартай хадгалж байдаг. Тиймээс дээр дурдагдсан оффшор бүс, улсууд нь оффшор дансны эзэд, компани эзэмшигчдийн бүртгэлийг маш нууц, чандлан хадгалдаг ба бусад улс орнуудаас, олон улсын түвшинд шаардсан үед ч харилцагчийнхаа мэдээллийг ил болгодоггүй эрх зүйн орчинтой. Оффшор бүсийн өөр нэг онцлог нь бүртгэлтэй компаниудынхаа ашиг, орлогоос татвар авдаггүй зөвхөн банкны данс нээх, компани бүртгүүлэхэд голчлон багаахан хэмжээний тогтсон төлбөр авдаг нь гадаад улс орнуудаас харилцагч татах гол нөхцөл нь болдог.

Үүнээс үзэхэд оффшор бүс, оффшор данс нь компаниуд, хувь хүмүүсийн хувьд татвараас зугтах, хуулийн дагуу эсвэл хууль бусаар олсон хөрөнгө, орлогоо нуух тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд хөрөнгө орлогоо нуухыг хүссэн, татвар төлөхийг хүсээгүй хувь хүмүүс, компаниудын зорин очдог гол газар нь болж хувирсан юм.

Оффшор бүс, оффшор дансны орчин бүрдүүлдэг улсуудын хувьд оффшор бүс, улс байх гол хөшүүрэг нь оффшор статусаас орж ирэх орлого байдаг. Тийм ч учраас орлогын эх үүсвэр муутай жижиг арлын улсууд, жижиг эдийн засагтай бүс нутгууд оффшор нөхцлийг бүрдүүлэх нь түгээмэл. 

Нийгэм, эдийн засгийн харьцаа нь төлөвшсөн, тогтворжсон улсуудын хувьд оффшор данс, бүртгэл нь ихэвчлэн татвараас зайлсхийх орчин нь болдог. Харин хоцронгуй хөгжилтэй, нийгэм, эдийн засгийн бүтэц, харьцаа нь төлөвшөөгүй Монгол мэтийн улсуудын хувьд оффшор данс, оффшор компани гэдэг нь татвараас зайлсхийх төдий бус мөн хууль бусаар олсон байж болох орлогоо нуух гол хэрэгсэл болдог. 

 

БАЯЛГИЙГ БҮТЭЭЖ БАЙНА УУ, ГАДАГШ ЗӨӨН ДУНДРУУЛЖ БАЙНА УУ?

Panama Papers-тэй холбоотойгоор өнөөдөр манайд үүсээд байгаа нөхцөл байдлыг харвал зарим улс төрчдийн зүгээс оффшор данс нь ямар ч хууль зөрчсөн юм биш, "баялаг бүтээгчид" нь бизнесийн тааламжтай орчныг сонгон ажиллах нь зөв гэх зэрэг эдийн засгийн үндэслэлгүй, ёс суртахуун, хууль эрх зүйн хэм хэмээг огоорсон тайлбар өгч хууль бус байж болох орлогоо нуун дарагдуулах, татвараас зугтахыг зөвтгөх оролдлого хийж байгаа нь тун харамсалтай. Гэвч авлига, хээл хахууль, хууль бус аргаар олсон байж болох орлогоо нуун дарагдуулж гадаадад байршуулсан хүмүүс баялгийг бүтээж байна уу, эсвэл баялгийг гадагш зөөн дундруулж байна уу гэдгийг монголчууд ялгахтайгаа болсон гэдгийг хэлэх нь зүйтэй.

Монголд их мөнгө, орлоготой хүмүүсийн хувьд бизнес, татварын орчин бол харьцангуй тааламжтай, ялангуяа Монголын банк, санхүүгийн орчин бол үнэндээ диваажин л гэсэн үг. Татвар гэж юм төлөхгүй, арилжааны хэдэн банкинд нь мөнгөө хадгалж дэлхийд хаа ч байхгүй өндөр 14-16% хүүг нь идээд л хэвтэж байх боломжтой. Мэдээж мөнгөний чинь эх үүсвэр цэвэр бол шүү дээ. Харин бохир, хууль бус аргаар олсон мөнгө бол найдваргүй, үргэлж айдас, болгоомжлолыг дагуулдаг, тиймээс оффшор гаргах нь л найдвартай. Энэ нь ялангуяа бидний нэрлэж заншсан төрөөс төрсөн тэрбумтануудад илүү хамааралтай. Тиймээс Panama papers-т яригдаж буй шиг 40-50 иар тогтохгүй тооны оффшор данстанууд Монголоос илэрч буй нь цочирдоод байх зүйл биш ч сүүлийн 25 жилийн турш төр барьсан МАН, АН-ын засаглалын үед манай нийгэм ямаршуухан хэмжээний ялзрал завхралд хүрснийг илтгэж буй юм.

Оффшор данстануудыг цагаатгах, хамгаалах, өмгөөлөх ямар ч үндэслэл хэнд ч, хаа ч байхгүй. Үүнийг ялангуяа МАНАН-гийн нөхдүүд онцгой анхаарах ёстой. Товчхондоо оффшор данс, оффшор компани гэдэг бол хууль бус орлого, бохир мөнгийг нуун дарагдуулдаг, татвараас зугтагсадыг орогнуулдаг газар юм. Тиймээс оффшор данстанууд хууль хүчний байгууллагуудын анхаарлын гадна үлдэх ёсгүй. 

 

 

 

 Нийтлэлч : Х.Батсуурь

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:huuli n hulgaich nariin tuluu uilchleh gj batlagdsan yum shg l bh yum 2016-05-13
malena:маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэж юутай үнэн үг вэ чихэр горьдож байгаа хүүхэд шиг хахчихваа 2016-05-13
saruul:zarim neg delhiin hemjeeni odood blch yhw mnai mongold bga uls turchid bl hulgainh gdg n todorhoi l bnshu 2016-05-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?