“COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны өнөөдрийн 11 цагийн мэдээллийн үеэр сэтгүүлчдийн хөндсөн асуултанд тус яамны эмч мэргэжилтнүүд хариулт өгсөн юм.
-Тэсо группийн түгээгч, эхнэрийн хамт шинжилгээний хариу нь эерэг гарсан гэх мэдээлэл сошиалаар гараад байгаа, “COVID-19” халдвар мал амьтнаар дамждаг гэсэн мэдээлэл байгаа энэ талаар, Мөн халдвар авсан хүүхэд болон настай хүн хэд байна вэ?
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Тэсо группийн ажилтнуудын шинжилгээний хариу сөрөг гарсан. “COVID-19” халдвар мал, амьтнаар дамжин халдварлах тохиолдол олон улсын хэмжээнд 10 хүрэхгүй тохиолдол байгаа. Гэхдээ сэрэмжлэх нь чухал. Өнөөдөр халдвартай байгаа хүмүүсээс 1 настай нэг, 10-13 настай 2 хүүхэд байна. Харин 74 настай хүний бие хүнд байсан ч өнөөдрөөс биеийн байдал тогтворжиж байгаа гэв.
-Халдвар авсан эмч, сувилагчийн 7 тохиолдол гарлаа. Цаашдаа эмч, сувилагчдаа бэлтгэж сургах болон халдварын бүсэд ажиллах бэлтгэл нөөц, судалгаа тооцоо гаргасан уу?
-Энэ халдвар авсан 7 эмч, мэргэжилтэн, сувилагчид манай бэлтгэгдсэн 2 багаас илэрсэн. Бид “COVID-19” халдварын бүсэд ажиллах 15-16 баг бүрэлдэхүүнийг бэлтгэж сургалтад хамруулж, мэргэшүүлээд байна. Мөн нөхцөл байдлаас хамаарч хэрхэн ажиллах тооцоо, судалгаа, төлөвлөгөөг хийж гаргасан байгаа.
-Энх саран сувилалын газар анх хэзээ халдвар гарсан талаар сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулахдаа : Энхсаранд анх 2020 оны 11 дүгээр сарын 07-нд 24 хүнд халдварын тохиолдол илэрсэн. Тэгээд 61 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Өнөөг хүртэл 45 халдварын тохиолдол илрээд байгаа. Тус сувилалаас тээврийн 6 жолоочийг олж тогтоон тусгаарлалтад авч шинжилгээнд хамруулсан. Тэдний 3 нь хотод, Өмнөговийн нэг, Орхоны нэг, Сэлэнгийн 1 хүн байсан бөгөөд тэдний шинжилгээний хариу сөрөг буюу илрээгүй.
Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар тээгч жолоочийн ойрын хавьталтай 288 хүний шинжилгээ сөрөг гарсан, тэднийг тусгаарлан тандалтын байдалд байлгаж байна. Харин 2 дугаар хавьтлын хүмүүс болох 5000 гаруй хүнийг гэрт нь хатуу хяналтанд байлгаж байгаа гэлээ.