А.АМБАСЭЛМАА: ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСИЙГ ВИРУСИЙН ЭСРЭГ ДӨРВӨН ТӨРЛИЙН БЭЛДМЭЛЭЭР ЭМЧИЛЖ БАЙНА

2020-11-21  

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Манай улсын хувьд коронавирусээр халдварласан 337 хүн эдгэрсэн. Коронавируст халдвартай хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Коронавирусийн зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлоос эхлэн Олон улсын жишгээр ДЭМБ-ын зөвлөмжөөр эмчилгээний удирдамжийн дагуу эмчилгээг хийж байгаа. Эмчилгээний үр дүн гарч эхэлсэн. Коронавирусээр батлагдсан тохиолдлыг эхний үед вирусийн эсрэг эмчилгээ хийнэ. Вирусийн эсрэг аргетол, аваген, ланевел, ремдезивир зэрэг дөрвөн төрлийн эмийг өвчнийх нь явц, эмнэл зүйн байдлаас шалтгаалан хэрэглэж байгаа. Түүнээс гадна дархлаа дэмжих эмчилгээг хийж байна. Хүндэрсэн, уушгиндаа хатгаатай, нэвчистэй бол антибиотик эмчилгээг хэрэглэж байгаа.

-Эмчлүүлж буй хүмүүсийн дунд архаг хууч өвчтэй хэдэн хүн байгаа вэ. Архаг хууч өвчтэй хүмүүс илүү өвчилж байгааг та бүхэн мэдээлж байгаа. Мөн өвчтөн ямар хугацаанд эдгэрч байна вэ?

-Эмнэлгийн ор хоног дунджаар 14-64 хоног байгаа. Дунджаар 28 хоног эмчлүүлж байна.

-ЭМЯ-ны мэдээллээр халдвартай хүмүүсийн тухай тоон мэдээлэл нь зөрөөтэй явж байна. Нэгтгээд системтэй өгч болох уу?

-Өдөрт гурван удаа мэдээлэл шинэчлэгдэж өссөн дүнгээр явж байгаа. Өглөө 10.00 цаг гэхэд Нийслэлийн Шуурхай штаб, УОК, ЭМЯ-нд мэдээлэл явж байгаа. Дараа нь 10.00-15.00 цагийн хооронд шинээр илэрсэн тохиолдлыг 17.00 цагт мэлээлж байгаа. Дараагийн өдөр нь 17.00 цагаас хойш илэрсэн тохиолдлыг мэдээлж байгаа. Энэ тоон дотор хүмүүс төөрөлдөж магадгүй. Эцсийн нэгдсэн дүнг хамруулан ЭМЯ-ны 11.00 цагт мэдээлж байгаа. 

-Халдвартай байх эрсдэлтэй хүмүүсийн маршратыг танилцуулж болох уу?

-Нийслэлийн хэмжээнд коронавирусийн шинжилгээ авах 18 цэг ажиллаж байгаа. Тухайн цэгт шинж тэмдэг илэрсэн, эсвэл бидний мэдээлж буй караоке, цайны газраар үйлчлүүлсэн, тоглолт үзсэн гэх мэт халдвар авсан байх эрсдэлтэй иргэдийг дүүрэг бүртээ байгуулагдсан төвөөр үйлчлүүлж болно.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг бид маш богино хугацаанд 24  цагийн дотор цаашлаад 48 цагийн дотор тусгаарлаж байгаа. Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан ойрын хавьтлаас энэ халдварууд гарсан. Тиймээс гадуур хоёрдогч, хаа хамаагүй улсуудаас халдвар илрээгүй гэж ойлгох хэрэгтэй. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?