ШИНЖИЛГЭЭ АВАХ ТӨВИЙН ТООГ НЭМЖ 23 БОЛГОЛОО

2020-11-23  

  Эрүүл мэндийн яамны цар тахлын нөхцөл байдлын талаарх 11 цагийн мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулсныг хүргэж байна. 

-Нийслэлийн Сонгинохайрхан,  Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүрэгт түүврийн аргаар шинжилгээ авахдаа ямар аргыг баримталж байна. Иргэд хорионд байгаа нөхцөлд яаж шинжилгээ авч байгаа гэсэн үг вэ? Улаанбаатарт халдварын шинэ тохиолдол илэрлээ. Байршлыг нь хэлж, иргэдэд сэрэмжлүүлж болох уу?

Улаанбаатар хотод халдварын шинэ тохиолдол гармагц хавьтлыг тусгаарлаж байгаа. Сүүлийн тохиолдол Сонгинохайрхан дүүргээс гарсан. Батлагдсан өвчтөнөөс бидэнд санал тавьдаг. Гэрийн хаяг, гудамжны мэдээлэл тарааснаас бидний нэр төр, эрхэд аюул тулгарч байна гэж гомдоллодог. Иймд дүүргийнх нь нэрийг хэлж байна. Халдвар авсан хүнээ аваад, тухайн орчнийг халдваргүйжүүлж, дам хавьтлын хүнийг гэр гэрт нь тусгаарлан ажиглах, шинжилгээ авах зэргээр хариуцсан байгууллага хянаж байгаа. Төмөр зам, Сонгинохайрхан дүүргийн сүүлийн батлагдсан тохиолдлын хавьтлаас 11 илэрсэн. Тэднийг энэ сарын 20-21-нд тусгаарлаад байсан юм.

- Сэлэнгэ аймагт халдварын голомтыг бүрэн тогтоож чадав уу? Нийслэлд орон сууцнаас сэжиг бүхий иргэдийг аваад явж байна. Оршин суугчид айж эмээж, цаг тутмын мэдээ сонсож байгаа, тухайн байрны иргэд юун дээр анхаарахыг тодорхой мэдээлж болох уу?

Бид эхлээд халдварыг шинжилж илрүүлээд, хавьтлыг тогтоож, хаана амьдарч байгаагаар нь эрэмбэлж байна. Сэлэнгэ аймагт ХӨСҮТ-ийн хоёр баг, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Шуурхай штаб сайн ажиллаж байгаа. Халдвартай хүнээ олж байна гэдэг нь сайн хэрэг. Сэлэнгэ аймагт нийслэлтэй адилаар авах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Сэлэнгэ аймаг Алтанбулаг боомт, төмөр замтай учир эрсдэлтэй бүс нутаг учир өргөн хүрээнд илрүүлэг шинжилгээ хийж, хавьтал тогтоож байна.

Илрүүлэг тандалт хийх шинжилгээг 18 төвд авч байсныг 22-23 болгож байна. Шуурхай арга хэмжээний арав гаруй баг тойрч явж шинжилгээ авна. Харьяа Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж чиглэлийн дагуу шинжилгээнд хамрагдана гэж ойлгох хэрэгтэй.

-Короновирусийн халдвар аваад эдгэсэн ч ханиалгаж, үнэрлэх, амтлах мэдрэмж хуучин хэвэндээ очихгүй байна гэсэн мэдээлэл байна. Вирусээр өвдөөд эдгэрсэн 340 хүнтэйгээ хэрхэн эргэх холбоотой ажиллаж байна вэ?

Эдгэрч гараад ханиаж байгаа бол лавлах утсанд хандаж зөвлөгөө авч, ХӨСҮТ-д дахин давтан шинжилгээнд орно. Шинэ вирус учир дахиж өвдөхгүй гэж хэлэхгүй. Дэлхий дээр дахиж өвдсөн тохиолдол бий.

Эдгээд гарсан 340 хүнийг 3 хоног дараалан вирусийн шинжилгээ хийж, 14 хоног сувилалд байлгахдаа 2 удаа, гэрт нь гарсны дараа 2 удаа шинжилгээ хийж, харьяа аймаг, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч байгаа. Одоогоор 340 хүнээс дахиж вирус илэрсэн хүн байхгүй. Коронавирусээр өвдөөд эрхтэн нь гэмтсэн судалгаа гараагүй.

Манайд бүртгэгдэж өвчилсөн тохиолдлын 70 хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн. Уушгины нэвчдэс үүсэж, уушги хүндэрсэн хатгаагаар 10 хувь нь өвчилж байгаа. Өвчтөнийг рентген оношилгоо, компьютер томографаар харж, бүх төрлийн шинжилгээ хийж, бүрэн эдгэсний дараа гаргаж байгаа. Хөнгөн хэлбэрийн өвчтөн 14 хоног, хүнд хүндэвтэр хэлбэртэй нь арай олон хоног эмчлүүлж байгаа. Одоо байгаа халдвартай хүмүүсийн 50 хувь нь шинж тэмдэггүй, 10 хувь нь хүнд хүндэвтэр оноштой байгаа. Коронавирусээр өвчилсөн ард иргэдийнхээ сэтгэл зүйг хайрлаарай. Хэн ч өвчлөх боломжтой. Насан туршийн өвчтэй боллоо гэж бодож болохгүй. Энэ тахал хэзээ ч, хэнийг ч өвчлүүлж болох учир уян зөөлөн, эв нэгдэлтэй, бие биеэ хайрлаж хүндлэх нь зөв юм.

-Улсын хэмжээнд хэчнээн мянган оношлуурын нөөцтэй байна. Халдвар илэрсэн тохиолдол бүгд нэгдүгээр хавьтальтай холбоотой юу? Дотоодод илэрсэн халдварын мутацийн талаарх мэдээлэл өгнө үү?

Батлагдсан тохиолдлоос эхлээд иргэдийн дунд өргөн хүрээтэй шинжилгээ хийж байна. Одоогоор 100 мянга гаруй түргэвчилсэн оношлуурын тест бий. Орон нутагт хүргэсэн. Хамар залгиураас арчдас авч шинжилж байна. Энэ нь 98 хувийн баталгаатай. Голомтын ойрын хавьтлын давтан шинжилж байна. Батлагдсан тохиолдол бүгд ойрын хавьтлаас илэрсэн. Хоёрдагч хавьтлаас одоогоор халдвар илрээгүй. Өвчтөний ойрын хавьтлыг 24-48 цагт олж авч чадсан гэсэн үг. Харин өвчилсөн хүмүүс ойрын хавьтлаа мартах, хэлмээргүй байснаас болж ганц нэг хоног хойшилсон тал бий. Ойрын хавьтлын хүрээнд л коронавирус илэрч байна.

Бид дэлхийн 128 сүлжээ лабораториос мэдээлэл авдаг. АНУ, Япон, Австралийн вирус судлалын лабораторид өсгөврөө явуулж байгаа. Монгол Улсад өөр мутац явж байгаа зүйл байхгүй.

-Улсын хэмжээнд амны хаалт, эм эмнэлгийн хэрэгслийн хангамж хүрэлцээтэй юу? Вакцин захиалгын талаарх мэдээлэл өгөөч? ХӨСҮТ вирусний эсрэг үйлчилгээтэй эм захиалж авсан уу?

Амны хаалт, эм эмнэлгийн хэрэгсэл хангалттай байгаа. Амны хаалтын хэрэглээ өндөр байгаа ч хангамж хүрэлцээтэй. Эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын нэг удаагийн хувцас, эм эмнэлгийн хэрэгсэл хангалттай, нөхөж базаагаад явж байгаа. Цар тахлын үед аливаа улс орон вакцинаа авах, яаж түгээх, тарих төлөвлөгөө байдаг.

Манай улс вакциныг авах төлөвлөгөө хийсэн. Анхны тохиолдол 3 дугаар сарын 10-нд батлагдсанаас хойш дэлхий нийтийн хэрэглэж байгаа сонгомол эмийг боломжийн хэрээр захиалж авсан. ХӨСҮТ-д эхний тохиолдлын өвчтөнөө авч байгаа. Ор, эмнэлэг хүрэлцээтэй, ард иргэд санаа зовох асуудалгүй. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?