Д.БАЯРСАЙХАН: ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ЕВРОПЫН ХОЛБОО ГАРЛАА ГЭДЭГ НЬ..

2020-11-25  

  Ковид 19-оос болж Европын Холбоо (ЕХ) ДЭМБ-аас гарч эрүүл мэндийн асуудлаа тусдаа шийдэх боллоо гэж нэг, хоёр монгол хүний бичсэн ташаа мэдээллийг сошиалаас уншлаа. Миний мэдэхийн ийм юм болсонгүй. Болох ч үндэслэл муутай юм. Учир нь ДЭМБ-ын гишүүнээр янз бүрийн холбоо, байгууллага биш харин дэлхийн улс орнууд элсдэг. Иймд ЕХ энэ байгууллагаас гарлаа гэж бичих нь ДЭМБ-ын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг огт мэддэггүйг харуулж байгаа хэрэг. Ингэж бичиж байгаа хүн ядахдаа л ДЭМБ бие даасан зургаан бүстэй, түүний нэг нь Европын 53 орныг хамарсан ДЭМБ-ын Европын Бүс (WHO/EURO) гэж байдгийг мэдэх хэрэгтэй л дээ. Дээр нь нэмж хэлэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сард Европын Комисс, ДЭМБ хамтдаа санаачлан Ковидын эсрэг Access to Covid 19 Tools-Accelerator буюу АСT-A хөтөлбөр гаргаад одоо амжилттай хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн гол зорилго нь Ковид 19-оос сэргийлэх, хамгаалах, эмчлэх үр дүнтэй арга, хэрэгслийг тухайлбал вакцин бүтээх, тэдгээрийг хөрөнгө, нөөц дутагдалтай орнуудад хүртээмжтэй тарааж хүргэх, ашиглах ажлыг АССЕLERATE-ТҮРГЭТГЭХ явдал юм. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр ороод харж болно.

Ер нь ДЭМБ-ын бүх юм нээлттэй тул үйл ажиллагааны дүрэм, журмыг сайт руу ороод үзэж болно. Хэрэгцээ, шаардлагаа дагаад ДЭМБ дөрөв, дөрвөн жилээр ажлын ерөнхий төлөвлөгөө GPW буюу General Program of Work гаргаж 5 жил тутам томоохон өөрчлөлтийг дотроо хийдэг байгууллага. Өөрөөр хэлвэл цаг үетэйгээ хамт, зарим чиглэлд түрүүлэхийг эрмэлздэг. Үйл ажиллагаанд нь ямар нэг алдаа, завхрал илэрвэл жишээ нь хэн нэгний далд сонирхолд автсан, аль нэг оронд давуу эрх олгосон, үйлчилсэн, эсвэл бизнесс нөлөөнд орсон гэх мэт зүй бус явдал гарвал ДЭМБ-ын гишүүн 198 орны аль нь ч том жижиг гэхгүй асуудал дэвшүүлж Ерөнхий захиралтай шууд харилцах эсвэл Чуулган, Удирдах зөвлөлд асуудал тусгайлан оруулж хэлэлцүүлэх, шийдүүлэх эрхтэй байдаг.

Манайхны дунд заримдаа ДЭМБ вакцины бизнес хийдэг гэнэ, хөрөнгөтэй баян пүүс, компани, орнуудын эрх ашигт үйлчилдэг байгууллага гэх мэт үндэслэл, нотолгоогүй явган яриа гаргаж, бичиж байдагт харамсдаг. Бодит байдал дээр ДЭМБ-ын байгууллагын төсвийг гишүүн орнууд хянаж, баталдаг ба зарцуулалт, үр дүнг хөндлөнгийн шинжээч байгууллага хоёр жил тутам шалгаж, гишүүн орнуудад тайлагнадаг, ийм л хатуу дэг журамтай. Иймээс ч дээрх шиг үйлдэл гарах боломж нь хаалттай. ДЭМБ-ын мэргэжлийн үйл ажиллагаа бол ердөө үндсэн зорилгодоо үйлчлэх бүтэц, зохион байгуулалт дор шинжлэх ухаан, нотолгоонд суурилдаг гэж хэлж болно. Сүүлийн үед Ковидийн эсрэг вакцин нь чипстэй гэсэн, генид өөрчлөлт оруулдаг гэнэ, барууныхан ядуу орнуудад туршилт хийх гэж байгаа, иймд хийлгэх хэрэггүй гэх мэт санааны зоргоор бичсэн пост ч харагдаж байна.

Дээр хэлсэн, сайн мэдэхгүй юмаа таамгаар бичих, шар хэвлэлийн чанартай юманд итгэх, эсвэл өөр тодорхой зорилгоор ч юм уу ийм юм бичих нь Монголчуудын хувьд хэрэггүй л эд. Монгол улс 1962 оны дөрөвдүгээр сарын 18-нд ДЭМБ-д гишүүнээр элссэн цагаас хойш энэ байгууллагын бүх талын дэмжлэг, тусламжийг хүссэнээрээ хүртэж яваа орны нэг. Удахгүй бид хамтын ажиллагааны 60 жилийн ойг тэмдэглэж ажлын үр дүн, чиглэлээ тодотгоно. Энэ хамтын ажиллагаа цааш улам өргөжиж монгол хүний эрүүл мэндийг хамгаалахад урьд урьдаас илүү үр дүнтэй байх нь дамжиггүй.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?