ӨЧИГДРИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР 10 ХҮНД КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ

2020-12-01  

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр 12 116 хүнд PCR шинжилгээ хийснээс коронавирусийн 10 тохиолдол илэрчээ.

Тодруулбал, Улаанбаатарт 7, Архангай, Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт тус тус нэг  тохиолдол бүртгэгджээ. Харин Орхон, Дархан-Уул, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. 

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Архангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж буй ЗӨСҮТ-ийн лабораторид 190 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрсэн. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүний давтан шинжилгээнээс илэрсэн. Улаанбаатарт шинээр бүртгэгдсэн долоон тохиолдол өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн. Сэлэнгэ аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 180 болж байна. Говьсүмбэр аймагт хийсэн нэг тохиолдлын давтан шинжилгээгээр коронавирус илэрч тус аймагт нийт дөрөв болж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусийн халдварын дотоодын халдвар 358, нийт тохиолдол 801 болж байна. Үүнээс 358 хүн эдгэрээд буй юм.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 434 хүн эмчлүүлж байгаагаас  4 нь маш хүнд,  6 нь хүнд, 82 нь хүндэвтэр, 342 нь хөнгөн оноштой байгаа аж.

Дотоодод голомтлон гарч буй халдвар 2020.12.1-ний байдлаар

Сэлэнгэд 180

Улаанбаатарт 84

Дархан-Уулд 44

Орхонд 22

Дорноговьд 21

Говьсүмбэрт 4

Архангайд 3, нийт батлагдсан тохиолдол 358 байна. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?