Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 5-нд нийт 14 019 хүнд шинжилгээ хийжээ.
Үүнээс 700 гаруй нь хавьтлын хяналтын шинжилгээ байснаас долоон сорьцод коронавирусний халдвар илэрчээ. Бусад тандалтын сорьцод халдвар илрээгүй байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймагт дөрөв, Дорноговь аймагт коронавирусний гурван тохиолдол бүртгэгджээ. “Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн дөрвөн тохиолдол нь батлагдсан тохиолдолтой ойр харилцсан, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бүртгэгдсэн гурван тохиолдол нь гэр бүлийн хүрээнд байна” гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ээлжит хэвлэлийн хурлын үеэр тодотгов.
Улаанбаатар хот болон Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 849 болж байна. Коронавирусээр халдварласан 16 хүн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжсэнээр нийт 384 хүн эдгэрээд буй юм.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 456 хүн эмчлүүлж байна.
Тэдний 2 хүн маш хүнд, 4 нь хүнд, 68 нь хүндэвтэр, 382 нь хөнгөн байгаа аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ