ЭМЯ-ны ээлжит мэдээллийн дараа тус яамны ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Манай улсад коронавирусний хэчнээн голомт байгаа вэ. Өчигдөр сэжигтэй тохиолдол илэрсэн E-mart дэлгүүрийг голомт гэж үзсэн үү?
-Улсын хэмжээнд халдвар бүртгэгдсэн 9 багц голомт байгаа. Халдварын голомтын цар хүрээг цомхотгох арга хэмжээ авч байна.
E-mart дэлгүүрийн хувьд худалдааны зах, олон хүн орж гардаг онцгой обьект тул халдварын сэижгтэй тохиолдол гэж үзсэн. Учир нь эхний шинжилгээ эргэлзээтэй байсан. Сэжигтэй тохиолдол гэдэг нь халдварт өвчний хувьд өвчлөл гарсантай адил тооцож халдвар эсэргүүцэх арга хэмжээг зохион байгуулдаг. Хэдийгээр сэжигтэй тохиолдол ч гэсэн тэнд байгаа хүмүүсийг үзлэг шинжилгээнд хамруулах, хавьтлыг тогтоох, тухайн байгууллагыг ариутгах зэрэг арга хэмжээг авсан.
-Коронавирусний эсрэг вакциныг хэрхэн хийхээр төлөвлөсөн бэ?
-Вакциныг хамгийн түрүүнд хийх эрсдэлт бүлгийг гаргасан. Нэгдүгээрт, эмч, эмнэлгийн ажилтнууд, хоёрдугаарт, онцгой байдал, цэрэг цагдаа зэрэг хүчний байгууллагын ажилчид, гуравдугаарт архаг хууч өвчтэй хүмүүс, өндөр настан, дөрөвдүгээрт сургууль, цэцэрлэгийн багш нар, тавдугаарт бусад эрсдэлт бүлэг гэсэн 5-6 ангиллаар бэлтгэл ажлаа хангаж байна.
-Автобусны жолооч нарын шинжилгээ хийж дууссан уу?
-Автобусны жолоочийн хувьд ойрын хавьтлыг бүрэн тогтоож шинжилгээнд хамруулсан.
-Ойрын хавьтал гээд байгаа хүмүүсээс хэдэн хүнийг шинжилгээнд хамруулад байна вэ?
-Нийт 9 багц голомтын ойрын хавьтлын 4 325 хүнийг шинжилгээнд 100 хувь хамруулж байгаа. Шинээр голомт үүсэх бүрт ойрын хавьтлын тоо нэмэгдэж, шинэ голомтод хавьтал болсон хүмүүсийг шинжилгээнд хамруулж байгаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ