Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Ховд аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 6-нд нийт 23 341 хүнд шинжилгээ хийснээс 38 хүнд коронавирус илэрчээ.
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Улаанбаатар хотод 32 тохиолдол бүртгэгдсэнээс 3 нь Цэргийн төв эмнэлэгт, бусад 29 тохиолдол нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан болон тэдний гэр бүлийн хүмүүсээс илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусийн халдварын тохиолдол нийт 128 болж байна. Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол бүртгэгдэж тус аймагт нийт өвчлөл 203 болж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол шинээр илэрсэн бөгөөд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрлээ. Орхон аймагт нэг тохиолдол бүртгэгдэж нийт өвчлөл 25 боллоо” гэв.
Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 887 болж байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусийн улмаас 494 хүн эмчлүүлж байна.
Тэдний 2 нь маш хүнд, 5 нь хүнд, 71 нь хүндэвтэр, 416 нь хөнгөн оноштой байгаа аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ