УОК-ын шийдвэрээр 12 дугаар сард гадаад орон руу гурван удаагийн тусгай нислэг үйлдэх байсан ч иргэдийн хүсэлт, бусад нөхцөл байдлаас шалтгаалж Франкфурт руу энэ сарын 17-нд нэмж нислэг үйлдэнэ.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, Франкфурт руу 11 дүгээр сард 250 хүний суудалтай том оврын онгоцоор нислэг хийх байсан нь хойшилсон. МИАТ компани 12 дугаар сарын 20 гартал тусгай захиалгат, ачааны нислэгтэй байсан. Тиймээс иргэдийг чирэгдүүлэхгүйн тулд бага оврын онгоцоор Франкфурт руу энэ сарын 16, 17-нд нислэг хийнэ" гэв.
Урьдчилсан байдлаар 12 дугаар сард 720 гаруй иргэн эх орондоо ирнэ.
Гадаадын 17 улсаас 100 орчим иргэн санхүүгийн хүндрэлд орсноо гадаад дахь Монгол Улсын ЭСЯ, Консулын газарт мэдэгджээ. Үүний дагуу НҮБ-ын Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагатай хамтран, 11 улсад байгаа 48 иргэний нислэгийн тийз, тусгаарлалтын байрны зардлыг Иргэдэд туслах сангаас гаргахаар болжээ.
Монгол Улсаас гадаадад зорчих хүсэлтэй, гадаад улсын урт хугацааны болон хөдөлмөр эрхлэх визтэй иргэдийн хүсэлтээр тусгай үүргийн нислэг үйлдэж байгаа. 10 дугаар сарын нэгнээс хойш Японд хөдөлмөрлөх, суралцах визтэй 1200 иргэнийг Токиод хүргэх нислэг хийж байна. 12 дугаар сарын 19, 20-нд хийх нислэгээр Японоор дамжин, Америк, Австралиас буцах хүсэлтэй иргэдийг эх оронд нь ирүүлэхийг зохицуулжээ.
Япон улсад зорчих хүсэлтэй иргэдийн дийлэнх нь энэ сарын нислэгээр яваад дуусаж байгаа. БНХАУ-д зорчих хүсэлтэй, Хятадын иргэдтэй гэр бүл болсон иргэдийн талаар олон сар ярьж байгааг Л.Мөнхтүшиг дурдсан юм.
БНХАУ-ын Өвөрмонгол, Манжуурт халдвар гарч, эрсдэл нэмэгдсэн тул Монгол Улстай хиллэдэг боомтуудад халдвар хамгааллын дэглэмээ чангатгаад байна. БНХАУ холимог гэр бүлийн иргэдийг хилээр нэвтрүүлэх нь тодорхой хугацаанд хойшилж байгааг мэдэгджээ. ГХЯ эдгээр иргэдийн визийн хугацааг сунгах асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай ярилцаж байгаа аж.
Тэрбээр, "БНСУ-аар транзит хийх хоригтой байгаа тул тусгай үүргийн нислэгээр гуравдагч улс руу зорчих хүсэлт ирдэг. Сөүл рүү энэ сарын 25-нд хийх нислэгээр гуравдагч орон руу зорчих иргэдийн мэдээллийг МИАТ компани нэгтгэн авч байна. ГХЯ БНСУ-ын талтай дипломат шугамаар харилцаж, дамжин өнгөрөх зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа"-г мэдээллээ.
БНХАУ-ын Өвөрмонголд халдвар гарсны улмаас тус улс руу гарах экспорт, импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн эргэлт огцом буурсантай холбоотой, Замын-Үүд, Эрээнээр нэвтрэх тээврийн жолооч нарын тоо, нэвтрэх хүчин чадал давтамжийг нэмэхэд анхаарч байна. Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтод манай консулын ажилтан Хөх хотоос томилогдож, Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байгааг Л.Мөнхтүшиг нэмж хэлэв.