Азийн Хөгжлийн Банк (АХБ) Ази, Номхон далайг коронавирусний вакцинд хамруулах 9 тэрбум ам.долларын санхүүжилттэй “АПВАКС” хөтөлбөрөө өнөөдөр эхлүүллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд тус банк хөгжиж буй гишүүн орнууддаа “COVID-19”-ийн эсрэг үр дүнтэй, аюулгүй вакцин худалдан авч, иргэдээ дархлаажуулахад нь түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй дэмжлэг олгох юм.
“Иргэдээ аль болох хурдан вакцинжуулахаар зэхэж буй АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудад вакцин худалдан авах санхүүжилт хэрэгтэйгээс гадна вакцинжуулах ажлыг аюулгүй, тэгш хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах төлөвлөгөө, мэдлэг чадвар шаардлагатай болж байна” хэмээн АХБ-ны Ерөнхийлөгч Масацугу Асакава хэлээд, “Эдгээр бэрхшээлийг даван туулж, цар тахлыг ардаа орхин, цаашлаад эдийн засгаа сэргээхэд нь хөгжиж буй гишүүн орнууддаа банкны зүгээс дэмжих АПВАКС хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэх болно” хэмээн онцлов.
АПВАКС хөтөлбөр нь хоёр нэмэлт бүрэлдэхүүн хэсгээрээ дамжуулан Ази тивийн хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох цогц бүтэц, хөрөнгө нөөцийг олгох юм. "Шуурхай хариу арга хэмжээ үзүүлэх бүрэлдэхүүн хэсэг"-ийн хүрээнд вакциныг судлах, худалдан авах, үйлдвэрлэсэн газраас АХБ-ны хөгжиж буй гишүүн орон руу тээвэрлэх зэргийг цаг алдалгүй дэмжих юм.
Төслийн "Хөрөнгө оруулалтын бүрэлдэхүүн хэсэг"-ийн хүрээнд вакциныг амжилттай түгээх, хүргэх, вакцинжуулалтыг зохион байгуулах тогтолцоонд хөрөнгө оруулахын зэрэгцээ чадавх бэхжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах, тандалтын үр дүнг нэмэх зэрэгт чиглэсэн дагалдах хөрөнгө оруулалтыг хийнэ. Үүнд хүйтэн хэлхээ бүхий агуулах байгууламж ба тээвэрлэлт, тээврийн хэрэгсэл, түгээлтийн дэд бүтэц, боловсруулах байгууламж болон бусад хөрөнгө оруулалт багтаж буй юм. Мөн энэхүү бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хөгжиж буй гишүүн орнуудад вакцин үйлдвэрлэх чадавхыг хөгжүүлж, өргөжүүлэхэд хөрөнгө оруулах боломжтой. Энэхүү санхүүжилтээ олгохдоо Дэлхийн Банк, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), КОВИД-19 Вакцины Даян Дэлхийн Хөтөлбөр (КОВАК), ГАВИ болон бусад хоёр талт, олон талт түншүүдтэйгээ нягт уялдаатай ажиллах аж.
АПВАКС хөтөлбөрийн санхүүжилтэд хамрагдахын тулд тухайн вакцин нь дараах гурван шалгуурын аль нэгийг хангасан байх ёстой. Үүнд, КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан худалдан авах, ДЭМБ-ын урьдчилсан шаардлагыг хангасан байх, эсхүл өндөр шаардлагатай улсын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байх зэрэг болно. Хөгжиж буй гишүүн улс нь вакцинжуулалтын хэрэгцээний үнэлгээ, вакцин хуваарилах төлөвлөгөө гаргасан байх зэрэг нэмэлт шалгуурууд тавих юм.
Аюулгүй, тэгш хүртээмжтэй бөгөөд үр дүнтэй вакцинд хамрагдах боломжийг дэмжих нь АХБ-ны “COVID-19”-ийн эсрэг авч буй ажлын хамгийн чухал хэсэг юм. Вакцинжуулалтын хөтөлбөр нь вирусний тархалтыг таслан зогсоож, иргэдийн амь насыг аврахын зэрэгцээ аюулгүй хөдөлмөрлөх, аялах, нийгмийн амьдралд оролцох итгэлийг сэргээснээр цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна хэмээн тус банк үзэж байна.
Мөн АХБ хөгжиж буй гишүүн орнуудынхаа вакцин худалдан авах, түгээх болон вакцинжуулахад хэрэгцээтэй бараа материалыг татах хүчин чармайлтыг дэмжих зорилгоор 500 сая ам.долларын Вакцин импортлох хөтөлбөрийг эхлүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь АХБ-ны Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг санхүүжүүлэх хөтөлбөрийн нэг хэсэг аж. Вакцин импортлох хөтөлбөрийн хүрээнд гурван А үнэлгээтэй батлан даалтын үйлчилгээг үзүүлснээр төлбөрийн эрсдэлийг бууруулж, эдгээр барааг импортлох явцыг хөнгөвчлөх юм. Тус хөтөлбөр нь КОВАКС хөтөлбөртэй ижил шаардлага тавих аж. Импортын хөтөлбөрөөр хувийн хэвшлийн түншүүдтэй хамтран санхүүжилт хийснээр нэг жилийн хугацаанд вакцин болон бусад импортыг дэмжихэд нэг тэрбум ам.долларын санхүүжилт гаргах боломжтой юм.
Энэ жилийн 4 дүгээр сард, АХБ цар тахлын үр дагаврыг арилгахад өөрийн хөгжиж буй гишүүн орнуудаа дэмжих 20 тэрбум ам.долларын багцыг баталсан бөгөөд тусламжаа илүү хурдан, уян хатан байдлаар үзүүлэх зорилгоор зарим дүрэм журмаа хялбаршуулсан юм. АХБ 14.9 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцаа үзүүлэхээр баталсан бөгөөд үүнд КОВИД-19 Цар тахлын хариу арга хэмжээний хувилбар (CPRO) хөтөлбөрөөс санхүүжүүлэх 9.9 тэрбум ам.долларын яаралтай төсвийн дэмжлэг, хувийн хэвшлийн дэмжлэг зэрэг багтаж байна. Мөн энэ оны 11 дүгээр сард, АХБ Ази, Номхон далайн бүс нутагт вакциныг үр ашигтай, тэгш түгээх боломжийг бүрдүүлэх тогтолцоог бий болгох зорилгоор 20.3 сая ам.долларын нэмэлт техникийн туслалцаа үзүүлэх болсноо зарласан юм.
Ташрамд дурдахад, Ази, Номхон далайн бүс нутагт коронавирусний 14.3 сая гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 200 мянга гаруй хүн нас барсан. Цар тахал даамжирснаас Ази тивийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2020 онд 0.4 хувиар агших төлөвтэй байгаа нь 1960-аад оны эхэн үеэс хойш дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тус бүс нутагт агшиж буй анхны тохиолдол болох юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ