ФРАНЦ УЛСАД ХӨЛ ХОРИХ ЦАГ ТОГТООЛОО

2020-12-16  

Франц орон даяар тогтоосон хоёр дахь хөл хориогоо сулруулж, шөнөөр хөл хорих цаг тогтоолоо. Ингэснээр хүмүүсийг 20:00-06:00 цагийн хооронд зөвшөөрлийн хуудасгүйгээр гэрээсээ гарахыг зөвшөөрөхгүй юм.

Уг арга хэмжээг зул сарын баярын өмнөх орой сулруулах боловч шинэ жилийн баяр үеэр баримтлах шаардлагатай. Мөн зоогийн газар, шөнийн цэнгээний газрууд ирэх нэгдүгээр сарын 20 хүртэл хаалттай хэвээр байна.

Францын иргэд өдрийн цагаар гэрээс гарахдаа албан ёсны зөвшөөрөл авах шаардлагагүй болсон хэдий ч өдөрт илэрч буй халдварын тохиолдол товлосон тооноос /5000/ хоёр дахин өндөр байгаа тул ийнхүү шөнөөр хөл хорих цаг тогтоожээ.

Францад мягмар гарагт коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 790-ээр нэмэгдэж, 59072-т хүрсэн байна.

Хөрш Герман улсын хувьд халдварын үзүүлэлтүүд өмнө нь бүртгэгдэж байгаагүй хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор зул сарын баярын үеэр хатуу хөл хорио тогтоохоор болжээ. Уг шийдвэрийн дагуу онцын шаардлагатай дэлгүүрүүдийг хаах юм.

Герман дахь зоогийн газар, шөнийн цэнгээний газар, чөлөөт цагаа өнгөрүүлэх төвүүд 11 дүгээр сараас хойш үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм.

Канцлер Ангела Меркель сүүлийн үед халдварын үзүүлэлтүүд нэмэгдсэнийг зул сарын баярын худалдан авалттай холбоотой гэж үзжээ.

Германд шинэ хөл хориог 12 дугаар сарын 16-наас нэгдүгээр сарын 10-ны хооронд тогтоох боловч энэ сарын 24-26-нд түр хугацаагаар сулруулж, нэг өрхөд гэр бүлийн ойр дотны дөрвөн гишүүнээ гэртээ урихыг зөвшөөрөх ажээ.

Европын бусад орноос Нидерландад таван долоо хоногийн хөл хорио тогтоохоор болсон нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш хэрэгжүүлсэн хамгийн хатуу арга хэмжээ болж байна.

Энэхүү шийдвэрийн дагуу онцын шаардлагагүй дэлгүүр, кинотеатр, үсчин, бялдаржуулах төвүүдийг хаах бөгөөд иргэддээ ирэх гуравдугаар сарын дунд үе хүртэл онцын шаардлагагүй тохиолдолд хилийн чанад руу зорчихгүй байхыг зөвлөжээ.

Гэвч хязгаарлалтын арга хэмжээнүүдийг зул сарын үеэр гурван хоног сулруулж, өрхүүдэд гурван зочин хүлээн авахыг зөвшөөрнө.

Их Британийн хувьд Лондон хотод хязгаарлалтын хамгийн хатуу арга хэмжээнүүдийг тогтоохоор болжээ. Ингэснээр зоогийн газар, шөнийн цэнгээний газар, театр, кинотеатруудад үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрөхгүй ажээ.

Мөн өдөрт халдвараар нас барсан хүний тоо 500 орчмоор нэмэгдсээр байгаа Италийн эрх баригчид зул сарын баярын үеэр хязгаарлалтуудыг чангатгах талаар хэлэлцэж байна. 

Эх сурвалж: BBC, montsame.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?