Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 16-нд нийт 10 599 хүнд хийсэн PCR шинжилгээгээр таван хүнд коронавирус илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Халдвартай иргэдийн гурав нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэр бүлийн гишүүдийн 2-3 дахь давтан шинжилгээнээс халдвар илэрсэн. Хоёр тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс. Тэд тус эмнэлэгт хэвтэх үедээ түргэн оношлуулаар сөрөг гарч байсан. Хэвтсэнээсээ хойш 4,5 дахь хоногт хийсэн давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Тэгэхээр нууц үедээ эмнэлэгт хэвтсэн гэсэн үг. Тиймээс тандалт судалгаа үргэлжилж байна” хэмээв.
Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусийн халдвар шинээр бүртгэгдээгүй байна.
Улаанбаатарт 145, Сэлэнгэд 216, Дархан-Уулд 45, Орхонд 25, Говьсүмбэрт 4, Дорноговьд 32, Архангайд 3 тохиолдол нийт дотоодын халдварын тохиолдол 470 болж байна.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 923 болсноос 384 нь эдгэрээд буй юм. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 530 хүн эмчлүүлж байна. Тэдний нэг нь маш хүнд, гурав нь хүнд, 45 нь хүндэвтэр, 481 нь хөнгөн байгаа аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ