Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 17-нд нийт 9070 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 18 хүнд коронавирус илэрчээ.
Эдгээр тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтын халдвар нийт 20 болж байна. Эхний батлагдсан тохиолдлууд халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байгаа. Гэхдээ хавьтлыг тандан судлах ажил үргэлжилж байна. Батлагдсан тохиолдлуудын хавьтал 645 хүнийг олж тогтоон, 266 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарласан. Эхний 469 хүнд хийсэн хавьтлын шинжилгээгээр халдвар илрээгүй. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчин, өвчтөн гээд 379 хүний тусгаарлаад байна” хэмээв.
Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусийн халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Улаанбаатарт 163, Сэлэнгэд 216, Дархан-Уулд 45, Орхонд 25, Говьсүмбэрт 4, Дорноговьд 32, Архангайд 3 тохиолдол нийт дотоодын халдварын тохиолдол 488 болжээ.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 923 болсноос 473 буюу 50 хувь нь эдгэрээд буй юм. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 459 хүн эмчлүүлж байна. Тэдний нэг нь маш хүнд, гурав нь хүнд, 32 нь хүндэвтэр, 423 нь хөнгөн байгаа аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ