Д.НАРАНГЭРЭЛ: ЭМЧ ХҮНИЙ ХУВЬД ХЭЛЭХЭД ИЛҮҮ ОЛОН ХОНОГ ХӨЛ ХОРИО ТОГТООХ НЬ ҮР ДҮНТЭЙ

2021-01-06  

 ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчийн асуултад хариулав. 

 

-Ачтан эмнэлгийн голомтын эх үүсвэрийг тогтоосон уу. Ер нь Улаанбаатар хотод эх үүсвэр тогтоогүй хэдэн голомт үүссэн бэ?

-А.Амбасэлмаа: Ачтан эмнэлгийн голомтыг тандан судалж байна. Энэ бол өргөн хүрээтэй голомт. Учир нь эмнэлэг учраас тэнд үйлчлүүлсэн хүмүүс байгаа. Нягталж шинжилгээний хариу гарсны дараа зарлана.

Энэ шинэ голомтын батлагдсан тохиолдлуудын гэр бүл халдвар авсныг одоогоор тогтоогоод байна. Бусад эмнэлгийн ажилчдыг шинжилгээнд хамруулах ажил өрнөж байгаа, хараахан хариу нь гараагүй байна.

Эх уурхай нь тогтоогүй 2-3 голомт байгааг өмнө нь зарласан. Үүнээс Мөнххада компанид халдвар гарснаас хойш тус голомттой холбоотой ажилчид, тэдний гэр бүлийн зэрэг нийт 17 тохиолдол батлагдаад байна. Нэг гэр бүлийн эх үүсвэрийг тогтоосон. 

-ГССҮТ болон Баянгол дүүргийн шинэ долоодугаар төвд сэжигтэй тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл гараад байна?

-А.Амбасэлмаа: Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг болон ГССҮТ-д Ачтан эмнэлгийн эмч нар очиж үйлчилгээ явуулсан тул ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулсан. Нийт 10 хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй. Ачтан эмнэлгээс тэнд очиж үйлчилсэн эмч байгаа тул тухайн үед эрүүл мэндийн байгууллагаас дээрх арга хэмжээг авсан. 

Улаанбаатар хотод эх үүсвэр тодорхойгүй халдвар цаашид гарна. Том дэгдэлт болж олон ойрын хавьтал гадуур явж байна. Ард иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байна. Нийлж баяр тэмдэглэх, бие биенээ гэртээ урих зэргээс хамаарч эх үүсвэр тогтоогүй голомт гарч магадгүй.

Бид одоогоор кластер голомтын үед байгаа тул эх үүсвэрийг тогтоох ажлыг шуурхайлна, тогтоогдоно. Гэхдээ хаана ч халдвар гарахад бэлэн болсон тул иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. 

-Нийслэлд хөл хорио тогтоосон хугацаа энэ сарын 11-нд дуусна. Энэ хугацаанд голомтыг бүрэн хумиж амжих уу?

-Д.Нарангэрэл: Монгол Улс цар тахалтай нүүр тулаад жилийн хугацаа өнгөрлөө. Дэлхий нийтэд халдвараас сэргийлэх гурван үндсэн арга байна. Тодруулбал, нэг нь хөдөлгөөн хязгаарлаж хөл хорио тогтоох. Өвчлөлийн хөдлөл, тархвар судлалын байдлаас хамаарч улс орнууд янз бүрээр хөл хорио тогтоож байна. Зарим улс орон 3-4 сар, зарим нь нэг сар, 5-14 хоног зэрэг хугацаагаар тэг зогсолт хийж байна. Хоёрдугаарт, өвчтэй хүмүүсээ илрүүлэх, тусгаарлах, эмчлэх гэсэн үндсэн арга байна. Гуравдугаарт, нийтээрээ амны хаалт зүүж шинэ амьдралын хэв маягт шилжих. 

Манай улсад тогтоосон хөл хорио 5 хоногийн дараа дуусна. Эмч хүний хувьд хэлэхэд, илүү олон хоногоор хөл хорио тогтоох нь үр дүнтэй гэж бодож байна. Гэхдээ ард нийтийн амьдрал ахуйтай холбогдуулан тодорхой шийдвэр гарах байх. Ийм богино хугацаанд голомтыг хумина гэдэг үнэхээр боломжгүй гэж мэргэжлийн эмч хүний хувьд бодож байгаа.

Зөвхөн төр засгийн шийдвэр, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа хүч мөхөсдөнө. Тиймээс хүн бүр төр засгийн шийдвэрийг дагаж хамтран ажиллах хэрэгтэй. Төр засаг, хувь хүн бүрийн оролцоотой халдварыг давж гарна гэж дэлхий нийтийн бэлээхэн туршлага харуулж байна.

 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?