КОРОНАВИРУСЫГ ДАРАХ ЦОРЫН ГАНЦ НАЙДВАР НЬ ВАКЦИН БОЛСОН

2021-02-20  

КОВИД-19 дэлхийн хүн амыг айдас, түгшүүрт дэндүү удаан байлгасан хэвээр. Дэлхий дахины эдийн засагт ч хортойгоор нөлөөлж байна. Монгол улс ч ялгаагүй. Коровирусыг дарах цорын ганц найдвар нь вакцин болсон. ДНБ-нийхээ 2-5 хувийг шинжлэх ухаандаа зарсан улс орнууд үр шимээ эхлээд хүртэнэ. Яагаад гэвэл тэд вакциныг эх орондоо үйлдвэрлэж буй. Үйлдвэрлэсэн вакцинаа эхлээд өөрийн иргэддээ хийсний дараа нь үлдэгдэл илүү гарсныг нь худалдах юм. Монгол улс гаднаас вакцин харахаас өөр аргагүй. Монгол улс Шинжлэх ухаандаа мөнгө зарж сураагүй гэдэг нь энэ үед илүү тод болсон. ДНБ-ний 0,1 хувьд ч хүрэхгүй төсвийг төсөвт суулгасан нэр зүүснийхээ горыг Монгол улс амсаж бусдыг царайчилж сууна.
Уул нь Монгол улсыг вакцинжуулаад хялбар. Учир нь Монгол улс гуравхан сая хүн амтай. Энэ бол хамгийн түрүүнд вакцинд хамруулна гэж байгаа БНХАУ-ын эмч нарын тооноос ч бага, АНУ-ын эмч нараас гурав, ОХУ-ын эмч нараас бүр дөрөв дахин бага тоо байгаа юм. Дээрхи орнууд эмч, эмнэлгийн ажилтнуудаа аль хэдийнээ вакцинд хамруулж, үргэлжлүүлэн ард иргэдээ ч хамруулаад эхэлсэн.
Одоогийн байдлаар үйлдвэрлэгдсэн вакцины ихэнх болох 39 сая вакцин дэлхийн хамгийн баян 49 улс орнуудад түгээгдсэн. Мэдээж, вакциныг маш богино хугацаанд бүтээсэн, хэт түргэвчилсэн, хангалтгүй туршилт хийсэн зэрэг асуудлууд нь олон нийтийг вакцинд үл итгэх, эргэлзэх асуудлыг үүсгэж буй. Хэдий тийм ч цаг хугацаа бид бүхнийг шахаж, аль вакциныг ямар хэмжээгээр захиалах вэ гэдэг амаргүй сонголт манайх шиг олон улс орны өмнө үүссэн. 2012 оноос хойш Монгол улсыг ядуу буурай гэсэн орны тооноос хассан учир Олон улсын байгууллагууд манайд тусламжийн гараа сунгахаа больсон. Зөвхөн хөнгөлөлттэй нөхцөл, зээлээр л вакцинаа авах болно. Вакцинжуулалт удахгүй эхлэх гэж буй тул юуны өмнө , вакцины тухай өөр хооронд нь харьцуулсан мэдээллийг Та бүхэнд хүргэе. Хамгийн их яригдаж байгаа Pfizer / BioNTech, ModernaTX, AstraZeneca, Sputnik V вакцинуудын хооронд ямар ялгаа байгаа, аль нь илүү үр дүнтэй талаар олон талын мэдээллүүд байна.
 
Улс орнуудын сонголтод нөлөөлөх гол зүйл нь вакцины үр нөлөө, өртөг, хадгалалт, түгээлтийн шаардлага юм. Анагаах ухааны тэргүүлэх сэтгүүл болох Lancet сэтгүүлд гарсан харьцуулан судалсан дүгнэлтээс харахад Pfizer вакцин нь хамгийн өндөр үр дүнтэй 95% гэгдэх боловч хадгалах шаардлага -70 хэм бусдыгаа бодвол өндөр. Үнийн хувьд 100 саяас дээш хүн тунг авсан тохиолдолд нэг тунгийн үнэ 18,9-19,5 ам.доллар. Moderna вакцин нь өндөр үр дүнтэй 94%, хадгалах температурын горим харьцангуй бага -15-(-25) хэм боловч захиалах хэмжээнээс хамаараад нэг тун 25-37ам. долларын үнэтэй. AstraZeneca вакцин нь хамгийн хямд 3 ам.долл, хадгалалт хялбар 2-8 хэм боловч үр дүнгийн хувьд хамгийн бага 70,4% дунджаар байна. Sputnik V вакцины нэг туны үнэ 10 ам. доллараас бага, хадгалах горим хялбар +2 - +8 хэм, үр дүн харьцангуй өндөр 91,6%. Англи, Өмнөд Африк г.м орнуудад шинээр гарч буй SARS-CoV-2 омгуудын эсрэг эдгээр вакцинуудын үр нөлөө ямар байх нь эцэслэн батлагдаагүй байна. Хэдий вакцинууд өөр өөрийн онцлогтой байгааг бие биенийхээ эсрэг, нэг нэгнийгээ үгүйсгэж байна гэж ойлгох нь ташаа бөгөөд бүгд цар тахалтай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Түүхэнд байгаагүй богино хугацаанд вакцин үйлдвэрлэж, гаргасан хүчин чармайлт нь манай цаг үеийн шинжлэх ухааны томоохон ололт амжилтын нэг юм гэж дэлхий дахинаа дүгнэж байна.
 
Вакцин нь хүний ​​амь насыг аврах, хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээг бэхжүүлэх чухал үүрэгтэй. ДЭМБ, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, шинжлэх ухааны элитүүдийн дүгнэлтүүдийг итгэмжлэгдсэн мэдээллийн эх сурвалж болгон түшиглэх нь ард түмний дунд эерэг ойлголт, итгэлийг бий болгоход хувь нэмэр болно. Вакцинаас хүмүүс их зүйлийг хүсч байх нь эргэлзээгүй. Хайртаа хүмүүстэйгээ хамт байх, улс орнууд хилээ нээж эрдэм мэдлэгийн их аяндаа мордох, бизнесс үйл ажиллагаа идэвхижих, хэвийн амьдралдаа буцаж орох, хоосорсон сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа дэлгэн хүүхдийн дуу цангинах тэр мөчийг тэсэн ядан хүлээж байна. Гэвч вакциныг дэлхийн бүх хүн амд хүртээмжэй байлгаж сүргийн дархлааг үүсгэх хүртэл цаг хугацааг тэвчих л болох нь. Вакцинд хамрагдсан ч нөгөө л халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хувийн өндөр хариуцлагатай байж жинхэнэ утгаараа энэ аюулын ард гарна. Цаашид ч ариутгалын дэглэмийг хумьж болохгүй.
КОВИД-19 вакцины гаж нөлөө, үр дүнгийн талаар янз бүрийн мэдээлэл хүн бүрт харилцан адилгүй байгаа. Монгол улс хүн амынхаа 60 хувийг эхний ээлжинд вакцинд хамруулахаа зарлалаа. Вакцинд хамрагдахгүй хүмүүс байх аваас эрхийг нь хүндэтгэнэ, албадахгүй гэж мэдэгдлээ. Вакцинд хамрагдах, хамрагдахгүй нь хувь хүний эрхийн асуудал боловч өөрийн сонголтоо бусдад тулгаж, бусдын эрүүл байх сонголтыг няцаан, эрхийг нь хөсөрдүүлэх эрхгүйг ойлгох нь зүйтэй. Бидний улирлын томуугийн эсрэг хийгээд байгаа вакцин маань 40-60 хувийн л үр дүнтэй байдаг. Тэрэнтэй харьцуулах юм бол КОВИД-19 вакцинууд 80-95 хувийн үр дүнтэй талаар эрдэмтэд мэдээлж байна.
 
Монгол Улсын Засгийн газар энэ сарын 23-наас эхний ээлжинд хүн амынхаа 20 хувь буюу 690 орчим мянган хүнээ вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг хангаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалт чухал болохыг, хэдий чинээ эрт хүн амаа хамруулна төдийн чинээ эрт улс орноо, өрх гэрээ эдийн засгийн хямралаас аварч хэвийн амьдралдаа орох боломжтойг уриалан хамгийн түрүүд вакцин хийлгэхээ мэдэгдсэн. АНУ-ын ерөнхийлөгч нар амласан боловч биелүүлээгүй, хойд болон урд хөршийн маань тэргүүн нар амлалтаа хэр биелүүлсэн нь мэдэгдэхгүй байна. Бид хамтын хүчээр аюулт энэ өвчний эсрэг тэмцэж ялж чадна. Мэдээж, Монгол улс хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийж, Sputnik, Astra Zeneca зэрэг хямд үнэ өртөг бүхий вакциныг авч байна гэдгийг ойлгож байна. Бусад вакцинаас үзүүлэлт дутуу ч , үнэ өртөг нь хямд, бусадтайгаа л ижил Шинжлэх ухааны дэвшил болсон вакцинууд. Бүгдийг шүүх тунгаах цаг хугацаа ч алга. Бид вакцин үйлдвэрлэдэггүй. Тиймээс олдож буйгаа зөв зохион байгуулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Бүгдээрээ хамрагдвал сайн. Гэхдээ хийлгэхгүй нэгнийг хүчээр тулгаж вакцинжуулахгүй гэдэг шийдвэр нь буруу биш.
 
2021 он, хоёрдугаар сар, Улаанбаатар.
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?