ЯПОНД КОРОНАВИРУСИЙН ШИНЭ ХУВИЛБАРУУДААР ХАЛДВАРЛАСАН 230 ГАРУЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

2021-03-05  

Японд коронавирусийн шинэ хувилбаруудаар халдварласан 230 гаруй тохиолдол 47 мужийн 19-д илэрснийг тус улсын Засгийн газраас пүрэв гарагт танилцуулсан мэдээлэл харууллаа.

Цаашид коронавирусний хувилбарууд үргэлжлэн тархсаар байвал халдварын дөрөв дэх давлагаа дэгдэж болзошгүйг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтүүд анхааруулжээ.

Засгийн газар Их Британи, Өмнөд Африк, Бразилд анх илэрсэн коронавирусний хувилбаруудыг хянаж байгаа юм. Японд шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол өнгөрсөн 12 дугаар сарын 25-нд бүртгэгдсэнээс хойш 234 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнд нисэх буудлын тусгаарлалтаас илэрсэн тохиолдлуудыг оруулсан байна.

Эдгээр тохиолдлыг мужаар авч үзвэл, Сайтамад хамгийн олон буюу 38 тохиолдол, Хиогод 36, Нийгатад 29 тохиолдол бүртгэгджээ. Мөн хараахан батлагдаагүй байгаа боловч Хирошима зэрэг бусад мужид шинэ хувилбарууд тархсан байж болзошгүй байгаа ажээ.

Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 25-ны байдлаар бүртгэгдсэн тохиолдлуудын 93 хувь нь хилийн чанадад зорчоогүй байжээ. Түүнчлэн 30-50-аад насныхан хамгийн олон буюу 47 хувийг эзэлж байгаа бол 20 гаруй насныхан болон түүнээс залуу хүмүүс 39 хувийг, 60 болон түүнээс дээш насныхан 14 хувийг эзэлж байгаа юм.

Мөн коронавирусний гурван хувилбар дундаас Их Британид анх илэрсэн хувилбараар халдварласан тохиолдол нийт тохиолдлын 96 хувийг эзэлж байна.

Японы нийслэл хот болон зэргэлдээ оршдог гурван мужид онцгой байдал тогтоосон хэвээр байгааг үл харгалзан “COVID-19”-ийн тохиолдлууд нэмэгдэх хандлагатай байгаа талаар Эрүүл мэндийн яамны зөвлөх ажлын хэсэг лхагва гарагт хэлэлцжээ.

Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн хувьд шинэ хувилбараар халдварласан тохиолдлын тоо нэмэгдэж болзошгүй байгааг Токиогийн бүсэд онцгой байдлын дэглэмийг хоёр долоо хоног орчмын хугацаагаар сунгах шалтгаануудын нэг гэж үзэж байна.

Онцгой байдал тогтоосон 11 мужийн долоод нь хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хугацаанаас нь өмнөх цуцлаад байгаа хэдий ч Токиогийн бүсэд онцгой байдлыг сунгах төлөвтэй байгаа юм. С.Ёшихидэ энэ талаарх шийдвэрийг өнөөдөр гаргах төлөвтэй байна.

Үүнээс гадна Токиогийн Олимп, Паралимпын наадмын бэлтгэл ажилд оролцож буй зарим төлөөлөгч дэлхийн зарим бүс нутагт шинэ хувилбарууд өргөн хүрээтэйгээр тархаж буйг харгалзан зуны наадмаар гадаадын үзэгчдийг хүлээн авахад хүндрэлтэй байна гэж үзэж байгаагаа илэрхийлэх болжээ. 

 
 
Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?