“COVAX” 36 САЯ ГАРУЙ ТУН ВАКЦИНЫГ 86 ОРОНД НИЙЛҮҮЛЖЭЭ

2021-04-06  

Дэлхий нийтэд “COVID-19”-ийн вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилах зорилгоор ДЭМБ тэргүүтэй олон улсын байгууллагуудын санаачилсан “COVAX” хөтөлбөрийн шугамаар 36 сая гаруй тун вакциныг 86 улс оронд нийлүүлээд байна гэж НҮБ даваа гарагт мэдээлэв.

“COVAX” хөтөлбөрийн хүрээнд ирэх тавдугаар сарын эцэс гэхэд 201 сая тун вакциныг хуваарилах төлөвтэй байгаа боловч вакцины тэгш бус нийлүүлэлтийн асуудал тулгамдсан хэвээр байгааг НҮБ-ын тэргүүн Антониу Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик онцлон тэмдэглэжээ.

"Цар тахал бидний амьдарч буй нийгэм ямар тэгш бус байгааг илчлэн харуулж байна" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш дөрөвдүгээр сарын 7-нд болох “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан даваа гарагт үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

Түүний хэлснээр, одоогоор тариад буй вакцины тунгуудын дийлэнхийг “цөөн тооны баян чинээлэг орнууд” болон вакцинуудыг үйлдвэрлэж буй орнуудад хийжээ. Харин ядуурал нүүрлэсэн, амьдрах, ажиллах нөхцөл тааруу улс орнуудад “COVID-19”-ийн өвчлөл, нас баралт өндөр байгааг тэрбээр цохон тэмдэглэв.

“Хэдийгээр “COVAX” хөтөлбөрийн шугамаар вакцин хүлээн авч буй орнуудын тоо нэмэгдэж байгаа боловч бага, дунд орлоготой орнуудын ихэнх иргэн вакцин хийлгэх ээлжээ хүлээх шаардлагатай хэвээр байна. Ийм тэгш бус байдал нь ёс зүйгүйгээс гадна бидний эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд сөрөг үр дагавар учруулна” гэж А.Гутерреш мэдэгджээ.

Дэлхий даяар гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар “COVID-19”-ийн 547 727 346 тун вакциныг тарьжээ. ДЭМБ-ын мэдээллээр, дэлхийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар халдварын 131 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 2 850 520 хүн нас барсан байна. 

 
Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /UN/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?