"ASTRAZENECA"-ГИЙН ВАКЦИНЫГ ХҮҮХДҮҮД ДЭЭР ТУРШИХЫГ ТҮР ЗОГСООЖЭЭ

2021-04-07  

Оксфордын их сургууль “AstraZeneca” компанитай хамтран гарган авсан коронавирусний вакциныхаа хүүхэд, өсвөр насныхны дунд явуулж буй туршилтын эхний үе шатыг зогсоожээ.

Энэ тухай вакцины туршилтын хөтөлбөрийг хариуцсан Оксфордын их сургуулийн профессор Эндрю Поллард "BBC" корпорацид мэдээлсэн байна.

“Бид хүүхдүүдийн дунд явуулах эмнэлзүйн туршилт аюулгүй гэдэгт санаа зовохгүй байгаа боловч насанд хүрэгчдийн дунд бүртгэгдсэн цусны бүлэгнэлийн ховор тохиолдлууд вакцинаас шалтгаалсан эсэх талаар Их Британийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын агентлагаас нэмэлт мэдээлэл хүлээж байна. Одоогоор бид судалгааны хүрээнд хүүхдүүдэд вакцин хийхгүй байгаа” гэж тэрбээр хэлжээ.

6-17 насны хүүхэд, өсвөр насныхны дунд явуулах вакцины I/II үе шатны туршилт Их Британид хоёрдугаар сарын 13-нд эхэлсэн байна. Туршилтад Бристол, Оксфорд, Лондон, Саутгемптон хотуудын 300 хүүхэд сайн дураар оролцох бөгөөд тэдний 200-д нь вакцин, үлдсэнд нь плацебо хийхээр төлөвлөжээ. Туршилтын хүрээнд хэдэн хүүхэд, өсвөр насныхан вакцин хийлгэснийг Оксфордын их сургууль мэдээлээгүй байна.

Их Британийн Засгийн газрын дэргэдэх шинжээчийн зөвлөлийн гишүүн асан, нэрт тархвар судлаач Нейл Фергюсон зэрэг хэд хэдэн шинжээч вакцин тариулсан хүмүүсийн дунд цус өтгөрсөн ховор тохиолдол бүртгэгдсэн нь тэдний наснаас хамааралтай байж магадгүй гэж үзэж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан байна. Цусны бүлэн залуу хүмүүст ихэвчлэн тохиолджээ.

Европын эмийн агентлагийн вакцинжуулалтын асуудал хариуцсан газрын дарга Марко Кавалери мягмар гарагт Италийн “Il Messaggero” сонинд ярилцлага өгөхдөө, “AstraZeneca”-гийн вакцин тариулсан насанд хүрэгчдэд цусны бүлэгнэл үүссэн нь вакцинтай холбоотой байхыг үгүйсгээгүй байна. Гэхдээ тэрбээр цусны бүлэгнэл үүссэн шалтгаан нь одоо хэр тодорхойгүй байгааг онцолжээ. Түүний хэлснээр судалгаа бүрэн дуусаагүй байгаа аж.

Өнгөрсөн сард “AstraZeneca”-гийн вакцин хийлгэсэн хэд хэдэн хүний тархины судаснуудад цусны бүлэгнэл үүсэж, нас барсан тухай мэдээлэлтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх үүднээс Европын зарим орон уг вакциныг хэрэглэхээ түр зогсоосон билээ. Европын Эмийн агентлаг “AstraZeneca”-гийн вакциныг “аюулгүй, үр дүнтэй” гэж үнэлсний дараа эдгээр орнуудын ихэнх нь уг вакциныг дархлаажуулалтдаа дахин хэрэглэж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: ЛОНДОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?