АНУ-ЫН НАСАНД ХҮРСЭН ХҮН АМЫН 63 ХУВЬ НЬ ВАКЦИНЫ ЭХНИЙ ТУНГ ХИЙЛГЭЖЭЭ

2021-06-03  

АНУ-ын насанд хүрсэн хүн амын 60 гаруй хувь нь коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн бол 12 муж улсад энэ үзүүлэлт 70 хувьд хүрлээ гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт Цагаан ордонд үг хэлэхдээ мэдээлжээ.

“Долоодугаар сарын 4 буюу АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр гэхэд насанд хүрсэн хүн амынхаа 70 хувийг вакцины ядаж нэг тунд хамруулахын тулд би тавдугаар сарын 4-ний өдөр америкчуудад хандаж үг хэлсэн. Өнөөдрийн байдлаар 12 муж улсад энэ чухал амжилтад хүрчээ. Энэ долоо хоногт илүү олон муж улс ийм түвшинд хүрнэ гэж бид найдаж байна. Улсын хэмжээнд насанд хүрсэн хүн амын 63 хувь нь эхний тунг хийлгээд байна" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдээлснээр, тус улсын 40-өөс дээш насны хүн амын 73 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн байна. "40-өөс доош насны хүмүүсийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг бид уриалж байна. Хэрэв та бүхэн энэ долоо хоногт вакцинаа хийлгэвэл долоодугаар сарын 4 гэхэд вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн байх юм" гэж Байден ​​хэлжээ.

АНУ дахь коронавирусийн нөхцөл байдал

АНУ-д шинэ коронавирусний тархалтаас үүдэлтэй хямралын байдал эрс өөрчлөгдөж, эдийн засаг хурдацтай сэргэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч вакцинжуулалтад хандах хандлагын улмаас улс орон дахин хуваагдах аюул хэвээр байна гэж Байден нэмж хэлэв.

"Америк өнгөрсөн зунаас тэс өөр зуныг угтаж байна. Энэ бол эрх чөлөөний зун, баяр баясгалан, уулзалт, амралтын зун юм. Энэ бол бид бүгдээрээ урт удаан уйтгартай өвлийг өнгөрүүлсний дараа энэ улс хүртэх ёстой жинхэнэ Америкийн зун юм" гэж АНУ-ын төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.

"Манай эдийн засгийн стратегийн ачаар эдийн засаг сүүлийн хэдэн арван жилд байгаагүй өндөр түвшинд өсөх төлөвтэй байна" гэж Байден нэмж хэлэв. Тэрбээр олон улсын нөлөө бүхий олон байгууллагууд энэ онд Америкийн эдийн засаг ихээхэн хурдацтай өснө гэж урьдчилан таамаглаж байгааг дурджээ. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжээчдийн урьдчилан таамаглаж байгаагаар, энэ онд АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 3.5 хувиар буурсныхаа дараа 6.9 хувиар өсөх төлөвтэй байна.

Байден мөн вакцинжуулалтын хурдыг нэмэгдүүлэх кампанит ажлын хүрээнд зургаадугаар сарыг “Үндэсний үйл ажиллагааны сар” болгон зарлажээ. Тэрбээр вакцинжуулалтын шинэ урамшууллын талаар, америкчуудад вакцин хийлгэхэд амар хялбар байхад чиглэсэн шинэ арга хэмжээний тухай ярилаа. Тухайлбал, Вашингтоны захиргаа “Budweiser” шар айргийг үйлдвэрлэдэг, шар айраг үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болох “Anheuser-Busch”-тай тохиролцоонд хүрчээ. Мөн Америкийн компани долоодугаар сарын 4 гэхэд насанд хүрсэн хүн амын 70 хувийг вакцинжуулах Байдены зорилгод хүрвэл үнэгүй шар айраг тараахаа лхагва гарагт мэдэгдсэн байна. 

Үүнээс гадна, Байден хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг тус улсын хамгийн том дөрвөн байгууллага вакцин хийлгэх америкчуудад долоодугаар сарын 4-нийг хүртэл үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр болсныг мэдэгдэв. Түүнчлэн ирэх долоо хоногоос эхлэн мянга мянган сүлжээ эмийн сан илүү олон америкчуудад вакцин хийлгэх боломжийг олгохын тулд баасан гараг бүр үдэш орой болтол ажиллах аж.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис, түүний нөхөр Дуглас Эмхофф, тэргүүн хатагтай Жилл Байден болон Ерөнхийлөгчийн кабинетийн гишүүд тус улсын янз бүрийн муж улсуудад үг хэлж, америкчуудыг вакцинд хамрагдахыг уриална.

Цагаан ордны мэдээлснээр, энэхүү хөтөлбөрийн хүрээнд хар арьст америкчуудын эзэмшдэг үс, гоо сайхны газруудад вакцинжуулалтын ач холбогдлын талаар нутгийн оршин суугчдад мэдлэг олгоно. Мөн телевиз, радио, олон нийтийн сүлжээгээр Америкийн алдартнууд, нөлөө бүхий хүмүүс вакцинд хамрагдахыг уриална.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д 33.2 сая гаруй хүн коронавирусний халдвар авснаас 595 мянга гаруй нь нас барсан байна. Тус улс халдварын тохиолдол болон нас баралтын үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт орсон хэвээр байна.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?