Гудамжны бүжгийн аварга шалгаруулах “UB dance festival”-ийг Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар” чуулгатай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Фестивальд бүх насны хүмүүс болон чөлөөт бүжгийн хамтлагууд оролцох боломжтой юм. Оролцогчид рэп, хип хоп, брэк, электро, гудамжны бүжиг зэрэг орчин үеийн чөлөөт бүжгийн төрлөөр өрсөлдөнө.
Тэмцээнд оролцох чөлөөт бүжгийн хамтлаг, залуусыг энэ сарын 27-ныг хүртэл бүртгэх бөгөөд тэмцээний эхний шатны шалгаруулалт зургадугаар сарын 5-нд 13.00 цагт “Улаанбаатар чуулга”-д эхэлнэ. Харин эхний шатнаас шалгарсан хамтлагуудын тоглолт, аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 19-нд “Чингисийн талбай”-д болох юм. Өнгөрсөн жил Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан бол энэ удаад олон улсын тэмцээн болгон өргөжүүлжээ. Мөн тэмцээнийг Солонгос, Япон, Монголын шүүгч нар хамтран шүүхээр болсон байна.
Өнгөрсөн жил шилдэг гудамжны бүжигчинг 13 сая төгрөгөөр шагнаж байсан бол энэ жилийн хувьд 5 сая төгрөгөөр урамшуулахаар болжээ. Энэхүү фестиваль нь орчин үеийн хотын соёлыг дэмжих, түгээх, сурталчлах, орчин үеийн бүжгийн урлагийг сурталчлах, хөгжлийг дэмжих, орчин үеийн бүжгийн хамтлагуудыг олон нийтэд таниулах, жуулчдад Улаанбаатар хотын соёлыг сурталчлах зорилготой арга хэмжээ юм.
А.САЯН