ДЭМБ ХУМХААНЫ АНХНЫ ВАКЦИНЫГ ХҮҮХДҮҮДЭД ХЭРЭГЛЭХИЙГ ЗӨВЛӨЖЭЭ

2021-10-07  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ хумхааны эсрэг цор ганц батлагдсан вакциныг Африкийн хүүхдүүдэд тарихыг лхагва гарагт зөвлөлөө. Энэ өвчний улмаас жилд олон зуун мянган хүн нас бардаг байна.

Тодруулбал, ДЭМБ Их Британийн “GlaxoSmithKline” эмийн компанид гарган авсан “RTS,S” буюу “Mosquirix” вакциныг хэрэглэхийг зөвлөжээ. 

Гана, Кени, Малавид 2019 оноос хойш явуулсан ДЭМБ-ын туршилтын хөтөлбөрийн хүрээнд “Mosquirix” вакцины 2.3 сая тунг бага насны хүүхдүүдэд тарьжээ. Хумхаа өвчний улмаас нас барсан хүмүүсийн дийлэнхийг таваас доош насны хүүхдүүд эзэлдэг байна. 

Африкт хумхаа нь “COVID-19”-өөс илүү аминд халтай өвчинд тооцогдож байгаа юм. ДЭМБ-ын мэдээллээр, 2019 онд Африкийн 386 мянган иргэн хумхаа өвчний улмаас нас барсан бол сүүлийн 18 сарын хугацаанд “COVID-19”-ийн улмаас 212 мянган хүн нас баржээ.

Мөн дэлхийн хэмжээнд илэрч буй хумхаагаар халдварласан, нас барсан тохиолдлын 94 хувь нь 1.3 тэрбум хүн амтай Африкт бүртгэгддэг байна. Урьдчилан сэргийлэх боломжтой уг өвчин нь халдвартай шумууланд хазуулсан хүмүүст дамжсан шимэгчээр үүсгэгддэг бөгөөд халдвар авсан тохиолдолд халуурах, бөөлжих, сульдах шинж тэмдэг илэрдэг.

ДЭМБ-ын хумхаа, дархаажуулалтын асуудал хариуцсан зөвлөх байгууллагууд “Mosquirix” вакциныг хэрэглэхийг зөвлөсөн мэдэгдлийг лхагва гарагт хийжээ. Уг вакцин нь хүүхдүүдийг хумхааны хүнд хэлбэрээс сэргийлэхэд 30 орчим хувийн үр дүн үзүүлсэн ч цор ганц батлагдсан вакцин юм.

“Энэхүү вакциныг хэрэглэснээр жилд олон арван мянган хүний амь насыг аварна” гэж ДЭМБ мэдэгдсэн байна. 

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /France24/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?