МЭДЛЭГИЙН ЗЭРЭГЦЭЭ ХҮМҮҮЖИЛ, АМЬДРАХ ЧАДВАР ЧУХАЛ
Хүүхдүүд орчноосоо суралцдаг. Гэхдээ одоо тэдний орчин биднийхээс тэс өөр болсон. “Золиг минь, санах ойгоо гээчихээ юу” гэж та хэлдэггүй байж болох ч Солонгос кино хэлж байна. Одооны хүүхдийг эцэг, эх, багшаас гадна зурагт, фейсбүүк хүмүүжүүлж байгаа нь нууц биш. Ийм үед хүүхдүүдээ гэрт нь цоожлоод, эсвэл багшид 100 хувь даатгаад “сайн хүн болгох” гэдэг эцэг, эхчүүдийн мөрөөдөл биелэхэд бэрх. Ер нь Монголчуудын сурган хүмүүжүүлэх өв уламжлалд эцэг, эхийн үүрэг оролцоо их байсныг орхигдуулж болохгүй. Ардын хувьсгалаас өмнөх үеийн хүмүүжил шашин төвтэй байсан бол хувьсгалын дараа үе, үндсэндээ XX зуун нийгэм төвтэй байсан. Нүгэл, эсвэл нам засгаас айдаг байсан үе нэгэнт ард хоцорсон. Орчин үед хүн төвт хүмүүжил зонхилж байна. Хүний эрх, эрх чөлөө, хүүхдийн эрх, жендерийн асуудал бурхан, нам засаг хоёроос өндөр байр суурьтай болоод ирчихлээ. Ийм үед айлгаж хүмүүжүүлдэг арга барил хог дээр хоцорсон шүү дээ. Ийм шинэ нөхцөл байдалд Боловсролын хуулийн шинэчлэл, түүний дотор суралцагчийн сургалт, хүмүүжлийн асуудлыг өмнөхөөсөө өөрөөр томъёолох нь гарцаагүй нийгмийн захиалга болох юм. Мэдлэгээс илүүтэй хүмүүжил, төлөвшил, эх оронч үзэл, хүмүүнлэг сэтгэл ямар чухал болохыг өнгөрсөн 30 жил бидэнд хангалттай харууллаа. Гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн гэх цагаан зах, улаан дипломтой хүмүүс яаж төр улсаасаа хумсалж, уул усаа худалдсаныг бид нүдээрээ харлаа. Мэдлэгтэй хулгайч мэдлэггүйгээсээ илүү уршигтайг хууль сахиулах салбарынхан бэлхнээ хэлнэ. Орчин цагийн сурагч, оюутнууд хангалттай их мэдээлэлд дарагдаж, бэлэн мэдлэгийг цээжлэхээс залхдаг болжээ. Тиймээс боловсролын мэргэжилтнүүд сургууль хүүхэд, залууст шүүмжлэлт сэтгэлгээ, харилцаа, хамтын ажиллагаа, бүтээлч чадвар олгох ёстой гэж зөвлөдөг болсон. Ерөнхийдөө, сургууль техник ур чадварт бус амьдрах ур чадварт анхаардаг боллоо. Түүний дотроос өөрчлөлтөд дасан зохицох, гэнэтийн нөхцөл байдалд сэтгэцийн тэнцвэрээ хадгалах ур чадваруудыг онцолж байна.
АЖ ҮЙЛДВЭРИЙН IV ХУЬСГАЛ, АЖЛЫН БАЙР
Чулуун, хүрэл, төмөр зэвсгийн сүр хүч улиран одож, хүн төрөлхтөн аж үйлдвэрийн үр шимээр амьдарсаар ирлээ. Аж үйлдвэрийн III хувьсгал нь мэдээллийн технологи, интернэтийн ололтоор эхэлсэн бол IV хувьсгал нь хиймэл оюун ухаан, робот, 3D принтер, физик, химийн инженерчлэлийн хүний амьдрал дахь нөлөөллөөр тодорхойлогдох болж. Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Шваб хүмүүсийн 90 хувь нь интернэтэд хязгааргүй, үнэгүй хадгалалтын орон зайтай, ухаалаг утастай болно, 80 хувь нь интернэтэд дижитал хуудастай болно, 3D принтерээр хэвлэгдсэн автомашин үйлдвэрлэгдэнэ, хүний биед суулгах боломжтой гар утас худалдаанд гарна гэж “Аж үйлдвэрийн IV хувьсгал” номдоо бичжээ. Хиймэл оюун ухааны хувьсгал нь зөвхөн компьютерууд илүү хурдан болох тухай биш тэд хүнээс илүү ухаалаг болох асуудал юм. Компьютерууд хүний сэтгэл хөдлөл, хүсэл, сонголтыг мэддэг болж, бидний зан үйлийг дүгнэх, таамаглах ухаантай болсноор эхний ээлжид жолооч, нарийн бичиг, эмнэлгийн шинжилгээ, банкны ажилтан, хуульчдыг орлох талаар судлаачид бичих болов. Энэ янзаараа 2050 он гэхэд ажилгүйдлийн түвшин нэмэгдэх боловч чадварлаг ажиллах хүчин дутагдана гэнэ. Ирээдүйд үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд олон хүн ажиллуулах шаардлагагүй болж, зарим мэргэжлийн ажлыг робот гүйцэтгэж, бүрэн автоматжуулалт, технологиор асуудлыг шийддэг болох нь. Тиймээс бид орчин цагийн нийгэм, технологид дасан зохицож, цоо шинэ ур чадварыг эзэмшихээс өөр аргагүйд хүрнэ. Энэ утгаараа боловсролын бодлого, мэргэжил сонголт, хөдөлмөрийн зах зээлийн уялдаа нь зөвхөн сургуулийн биш ажил олгогчдын асуудал юм. Тэгэхээр компанийн захирал, байгууллагын дарга нар “хоёр дээд сургууль төгссөн хүн үйлчлэгчээр авна” гэж даапаалж суухын оронд ашиг, амжилтын үндэс болсон ажилтнаа сурган бэлдэх тогтолцооны хөгжилд хувь нэмрээ оруулбал сайнсан. Харамсалтай нь айсуй өөрчлөлтийн өмнө хүний нөөцөө чадавхжуулахын зэрэгцээ нийгэмд тулгарах таагүй үр дагаврыг бууруулах талаар бэлтгэлтэй байгууллага үндсэндээ алга.