ХАЛДВАРЫН ГОЛОМТЫГ ЦЭГЦЛЭЕ

2021-11-10  

“Картаа дараач ээ, дандаа ингэж байх юм" гэж хянагч нар автобусны хаалгаар багтаж ядах хүмүүсийг зохицуулна. Гэтэл ар араасаа чихэлдэн орох хүмүүс юун хянагчийн үг манатай. Хүн хоорондын зай барих цаашаа, хөл дээрээ гишгэчих нь холгүй уралдан орцгооно. ЭМЯ-наас зөрөөд өнгөрөх төдийд л халдвар авч байгаа. Тиймээс нийтийн тээврээр зорчихдоо хүн хоорондын зай барихыг сануулах ч үүнийг тоож байгаа хүн алга. Цаашаа зогсооч гэх бүсгүйн өөдөөс найтааж, ханиаснаа “зай алга” гэж хэнэггүйтэх нэгэн, өөрөөсөө том цүнх үүрээд томчуудын дунд зогсох жаал хүү. Автобусанд яваа тэдний хэд нь COVID-19-өөр өвчилж, хэд нь эерэг гарсныг хэлж мэдэхгүй. Ханиасан, найтаасан хүн цөөнгүй.

Өнгөрсөн хавар автобусанд хүн хоорондын зай барьж, нэг суудал өнжөөд нэг хүн суух зохицуулалт хийсэн. Харамсалтай нь сандал дээр наасан бичгийг хүмүүс тоогоогүй. Үүнийг нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийслэлийн тээврийн албанаас тооцоолоогүй гэж хэлж болно. Түүний нотолгоо нь автобусны сандал дээр “Суухыг хориглоно” гэсэн урагдаж, тасарсан бичиг. Ямартаа ч хэрэгжээд байсан хүн хоорондын зай барих зохицуулалт долоо хоног үйлчилсэн. Гэтэл одоо манай улсад халдварын тохиолдол ямар байгааг хүн бүр мэдэж байгаа. Амны хаалт халдвараас хамгаалж, тодорхой хувиар эрсдэлээс сэргийлнэ гэдгийг иргэдийн ихэнх нь андахгүй. Харин үүнийг мэддэггүй бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд энэ талаар зөвлөмж мэдээллийг нэмэлтээр хүргэх шаардлагатай байна.

Мөн нэг автобусанд 30-40 хүн сууна гэж тооцоход тэдний 20 орчим хувь нь бага насныхан. Хүүхдүүд халдварт өвчний талаар ойлголтгүй болохоор амны хаалтаа зөв зүүхгүй байх тохиолдол их. Мөн эцэг эхчүүд хүүхдээ гадуур дагуулж явахдаа ороолтоор эсвэл амны хаалтгүй авч яваа нь ажиглагддаг. Хойно нэг хүн ханиалгаж, зарим хүн суудал тавьж өгсөнгүй хэмээн уурлана. Утсаар чанга ярьж, инээлдэх охид, шилэн хүзүүн дээр амьсгалах хүмүүс гээд автобусны амьдрал цар тахалгүй үеийнх шиг. Мөн зарим хүн амны хаалтаараа амаа дарах төдий зүүж, хамраа ил гаргасан харагдана. Амны хаалт эрсдэлээс тодорхой хувиар хамгаална гэдгийг Эрүүл мэндийн яамнаас удаа дараа сануулж байгаа. Гэсэн ч зарим хүнд энэ сануулга чухал биш. Учир нь цар тахлаас айдаг, нуугддаг, сав саваар нь гурил будаа нөөцөлдөг үе ард хоцорчээ. Иргэд аль хэдийнэ "дасан зохицсон" байна.

Нийтийн тээврээр өдөрт дунджаар 90-120 мянган хүн зорчдог гэх статистик бий. Хувийн автомашиныг аль болох хязгаарлаж, түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг нэмэхийг зорьдог ч даац нь хэтэрсэн нийслэлд энэ менежментийг хэрэгжүүлэх боломж байдаггүйг иргэд хэлж байлаа. Улаанбаатарт өнөөдрийн байдлаар 100 орчим чиглэлд 900 гаруй автобус явдаг. Тэдгээрээс холын чиглэлд зорчдог автобусны тоо хүрэлцдэггүйг иргэд байнга хэлж шүүмжилдэг ч хэн ч тоож хэлэлцдэггүй. Олон жил дуншсан түгжрэлийн асуудлыг цэгцэлж, нийтийн тээврийн шинэчлэлт хийхийг жил бүрийн хавар, намар ярьдаг. Гэсэн ч биеллээ олсон зүйл алга. Харин ч хүмүүс чихэлдсэн, зай талбайгүй, халдвар тархах эрсдэл өндөр орчин ажиглагдаж байна.

Халдвар хамгаалын дэглэм хаана хамгийн их алдагдаж байгааг хүмүүс өөрсдөө тунгаах хэрэгтэй гэсэн эрдэмтдийн багийн үг оргүй биш бололтой. Хэрэв иргэд хариуцлагатай байвал эрсдэл холуур байна. Харин цар тахлыг жирийн ханиад мэтээр бодож, хувийн ариун цэвэр болон хамгаалах хэрэгслийг тогтмол зүүхгүй бол богино хугацаанд хүндэрч байгаа юм. Автобуснаас хамааралтай COVID-19-ийн тохиолдол хэр их байгаа бол. Тоймлож гаргасан статистик байхгүй ч бага тоо биш байх. Хэрэв нэг халдвартай хүн нийтийн тээврээр зорчвол тухайн битүү орчинд агаар сэлгэлт муу учраас эрсдэл өндөр байна хэмээн ЭМЯ-наас мэдээлж байсан. Анх халдвар дотоодод бүртгэгдэхэд барих, хорих, хязгаарлах бодлого баримталж байсан бол өнөөдөр дасан зохицох шийдвэрийг Монгол Улс дэмжиж буй. Дэлхийн жишгийг дагаж болох ч нийтийн тээвэрт халдвар тархах эрсдэлийг тооцоолж автобусны тоогоо нэмэх үү эсвэл ариун цэвэр, орчин нөхцөлийг нь сайжруулах найдвартай арга олж зохицуулах шаардлагатай болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?