ӨДНӨӨС ХӨНГӨН, СУМНААС ХУРДАН ХҮЛЭГ БОЛООРОЙ, ДУР-РР, ДУР-РР-РР

2016-05-30  

Монголчууд өдрийн сайныг өнжин хүлээж байж үрээ морьдоо хөнгөлдөг уламжлалтай. Хөнгөлөхдөө өвс ургамал гарч, адуу мал өвсөнд цадаж тэнхээ авахыг нь бас хүлээдэг.Адууг голдуу дөрвөн насанд нь буюу хязаалан насанд засдаг. Түүнээс өмнө бол балчирддаг, соёолон насанд хүрчихвэл гүү хураагаад азаргасаад эхэлдэг гэмтэй.

Тиймээс хязаалан нас хамгийн тохиромжтой нас байдаг гэж малчид үздэг. Өвсөнд цадаж тамир тэнхээ орохыг хүлээхээс гадна хэт оройтуулж, халуун зунтай угтуулбал ялаа өт цацчих гээд мал зовоочих гэмтэй. 5-р сарын сүүлийн нэг ийм өдөр CONTROL.MN Өвөрхангай аймгийг зорилоо.

Насааг хэн ч малчин гэж төсөөлөхгүй. Тэр малд нүдтэй, аав ээжийнхээ хамт Өвөрхангайд малаа өсгөдөг. Өвлийг өнтэй давсан. Наадмаар нас насны хэд хэдэн морь сойж орон нутгийнхаа наадамд тоосоо өргөнө гэж ярьж сууна. Биднийг очиход тэднийх, энэ өдөр хоёрын зэрэг үрээгээ хөнгөлөхөөр зэхэж суулаа. Унагаа барих болоогүй тул адуугаа хашиж байгаад, үрээгээ уургаллаа. Уургалсан үрээгээ унагах, унасан хойно нь төмсгийг нь авахын тулд хойд хөлийг нь татах арга нь энгийн бөгөөд бас нарийн технологи аж.

Хойд хөлийг нь хэр сайн татна, төмсөг нь төдий чинээ наашлах боломжтой болдог гэж Насаа ярина. Засахдаа эхлээд өвчин намдаагч тариа хийдэг болсон гэнэ. Малаа зовоохгүй, дээр нь шарх түргэн анихад нь тустай гэх. Багаж нь хурц үзүүртэй хутга, түүгээр хальсыг нь ярна, сугалсан төмсгийг нь төмпөндөө хийнэ. Ердөө л энэ. Мэдээж гар ажиллагаа ихтэй. Тиймээс хуруу, гарандаа бяртай байх шаардлагатай. Ялангуяа төмсгийг нь эрчлэх үед бахь мэт хавчиж байж хөвчийг нь тасалдаг. Үрээний төмсгийг түүхийгээр нь идэх нь бий. Гэхдээ үрээнийхийг халуун нурманд булж болгож идэх нь нэлээд дэлгэрсэн. Төмсгийг зөвхөн үрээ гаргасан малчин айлдаа л идэх бөгөөд, түүнийг гадагш нь авч явахыг цээрлэдэг. Мөн засаанаас үлдэх хальс болон үлдэгдлийг нь зөвхөн галд өргөдөг ёс заншилтай байна. Тиймээс очсон зочид, үрээний засааг хот газар руу авч явах эрхгүй. Мөн энэ үед шашны үйлийг ч үйлдэх нь бас тохиолдоно. Адууны хийморийг сэргээх, чоно нохойноос хамгаалах зэрэг ном судар айлтгуулах нь таардаг. Монголын шүдний урдаа барьдаг Дорж эмчтэй Насаа малчинийд нэг өдрийг өнгөрүүллээ. Дорж эмч ч мөн морь малд дуртай, залуудаа уургач гэдгээрээ нутагтаа алдартай байсан гэж хуучиллаа.

Үрээгээ хөнгөлчихөөд монголчууд; "Өднөөс хөнгөн, сумнаас хурдан болоорой, дур-рр, дур-рр-рр" гэж хэлдэг хэмээн Дорж эмч өгүүллээ. Өднөөс хөнгөн, сумнаас хурдан болоорой, дур-рр, дур-рр-рр.

 

 

 

Сурвалжилсан : Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?