ӨМНӨД АФРИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙ ХОРИГИЙГ ЦУЦЛАХЫГ УРИАЛЖЭЭ

2021-11-29  

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса коронавирусний “омикрон” хувилбартай холбогдуулан өөрийн улс болон хөрш орнуудыг нь хамруулан зорчих хөдөлгөөний хориг тогтоосныг зэмлэн буруушаажээ.

Тэрбээр улс орнуудын гаргаж буй шийдвэрт “ихэд сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлээд, нэн даруй цуцлахыг уриалсан байна. Зорчих хөдөлгөөний хориг тавьсан орнуудад Их Британи, Европын Холбооны орнууд, АНУ зэрэг багтаж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “омикрон”-ыг “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулаад байгаа бөгөөд одоогоор цуглуулаад буй мэдээллээс үзэхэд уг хувилбар нь дахин халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна.

Олон мутацитай “омикрон” хувилбар энэ сарын эхээр Өмнөд Африкт илэрч, холбогдох мэдээллийг ДЭМБ-д өнгөрсөн лхагва гарагт хүргүүлжээ. Тус улсын хамгийн олон оршин суугчтай Гаутенг мужид сүүлийн хоёр долоо хоногт илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь шинэ хувилбараар халдварласан байсан бөгөөд одоо бусад бүх мужид бүртгэгдээд байна.

ДЭМБ-ын хувьд улс орнууд зорчих хөдөлгөөнд яаран хязгаарлалт тогтоож буйгийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд, “эрсдэлд суурилсан, шинжлэх ухаанч арга барилыг” эрэлхийлэх хэрэгтэй гэж мэдэгджээ. Гэвч сүүлийн өдрүүдэд олон орон ийм шийдвэрийг гаргаад байна.

Ням гарагт ДЭМБ-ын Африкийн бүсийн асуудал хариуцсан тэргүүн Матшидисо Моэти хэлэхдээ, “Омикрон” хувилбар дэлхийн хэд хэдэн бүс нутагт илрээд байхад Африкийн орнуудад зорчих хөдөлгөөний хориг тавьж буй нь дэлхий нийтийн нэгдмэл байдалд халдсан явдал гэсэн байна.

Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн хувьд энэ талаар, зорчих хөдөлгөөний хориг тавих шинжлэх ухааны үндэслэл байхгүй гэдгийг онцлон тэмдэглээд, “Африкийн өмнөд хэсгийн орнууд шударга бус ялгаварлан гадуурхалтын хохирогч болоод байна” гэв. Мөн ийм хориг нь хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэхэд үр дүнгүй гэдгийг нэмж хэлжээ.

Тэрбээр, “Зорчих хөдөлгөөнийг хязгаарлах нь Африкийн орнуудын эдийн засгийг улам доройтуулж, цар тахалтай тэмцэх, түүний үр дагавраас сэргэх чадварыг сулруулахаас өөр үр нөлөөгүй. Иймд эдийн засагт улам их хохирол учрахаас өмнө шийдвэрээ эргэн харахыг улс орнуудад уриалж байна” гэсэн байна.

Мөн С.Рамафоса “омикрон” хувилбар шинээр үүссэнийг дэлхийн хэмжээнд вакцины хүртээмж тэгш бус байгааг анхааруулсан дохио хэмээн тодорхойлоод, хүн бүр вакцинд хамрагдах хүртэл өөр олон хувилбар гарах нь гарцаагүй гэдгийг анхааруулсан байна. Өмнөд Африкийн хувьд вакцины хомсдол үүсээгүй бөгөөд Ерөнхийлөгч халдвартай тэмцэх хамгийн сайн арга нь вакцин хэвээр байгааг онцлоод, вакцинд хамрагдахыг иргэддээ уриалсан байна.

Бямба гарагт Өмнөд Африкийн Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд мөн зорчих хөдөлгөөний хоригийг хүчтэй шүүмжлээд, манай улсыг “омикрон” хувилбарыг илрүүлсний төлөө сайшаахын оронд “шийтгэж” байна гэсэн юм. Уг хувилбар нь одоо Их Британи, Герман, Австрали, Израил тэргүүтэй олон оронд бүртгэгдээд байна. 

Эх сурвалж: ПРЕТОРИА. /BBC/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЦАГААН САР ХИЙХ НЬ ЗӨВ ҮҮ?