​ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДИЙН УДИРДЛАГА БУРХАН ШАШИНАА ХЭЗЭЭ ӨӨД ТАТАХ БОЛ ОО?..

2021-11-29  
НЭГ: ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД БА БОГД ЗОНХАВА ЦОГЦОЛБОР Богд Зонхава хөшөө цогцолборыг барих сургаар Монголын нийгэм хоёр талцсан. Уг цогцолборыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Монголын нийгэм, зарим лам нар, тэр дундаа Зава Дамдин Ренбучи гэж өөрийгээ цоллосон Осгонбаяр лам ч оройлон эсэргүүцсэн. Энэ асуудлыг хариуцаж байх ёстой Гандантэгчинлэн хийд тухайн үед байр сууриа илэрхийлэх нь бүү хэл, ганц үг гав хийлгүй таг чиг өнгөрсөн. Бүх цохилтыг хөөрхий, Соёлын сайд, залуухан эмэгтэй өөртөө авсан. Бурханы шашинаар нэр хүнд олж, үр ашгийг хүртэхээрээ ил гардаг Гандантэгчинлэн хийд Богд Зонхава цогцолборыг хамгаалж чадсангүй. Улсын төсвөөс биш, сүсэгтэн олны хандиваар босгох бүрэн боломжтой ч, үүнийг МБШТ Гандантэгчэнлин хийдийн өнөөгийн удирдлага санаачилсангүй.
ХОЁР: 2 ТЭРБУМЫГ 38 ТЭРБУМ БОЛГОЖ, ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ШАМШИГДУУЛСАН Улсын төсвөөр дугана бариулах туршлагыг Гандантэгчэнлин хийдийн удирдлага эзэмшсэн. Гандантэгчинлэн хийдийн хашаанд баригдсан Батцагаан хэмээх ганц дуганыг 2 тэрбум төгрөгөөр барихаар улсын төсөвд анх оруулсан байдаг. Гэвч уг дуганы өртөг 38 тэрбум төгрөгт хүрсэн.
ГУРАВ: МАЙДАР БУРХАН ЮУ БОЛСОН БЭ? Төв аймгийн Өгөөмөр хэмээх газарт, 20.8 сая ам.долларын төсөв бүхий Майдар бурханы цогцолбор барина гэж тухайн үеийн Монгол улсын төр ,засгийн удирдлага, сүсэгтэн олныг аваачин нээлт хийж сүржигнэж байсан. Дэлхийн олон улс орноос хөрөнгө мөнгө, хандив цуглуулах үйл ажил өрнөж байсан. Монголчууд ч хувиасаа дэм хандив өгч л байсан. Сүүлд нь Женко-гийн төсөл болоод л замарсан.
ДӨРӨВ: БУРХАН БАГШИЙН ХӨШӨӨ ХААЧИВ? Нийслэл Улаанбаатар хотын Хан уул дүүрэг дэх Богд хан уулын Бага Арцатын аманд өндрөөрөө есөн давхар барилгатай тэнцэх өндөртэй Бурхан багшийн хөшөө бий. Үүнийг Гандантэгчэнлин хийд мэдэлдээ шилжүүлж авсан. Олон тэрбум төгрөгөөр Хойд Солонгос улсад бүтээлгэсэн, чулуугаар урласан, маш уран тансаг хийцтэй энэхүү Богд Зонхава хөшөө нь өнөөг хүртэл модон бэхэлгээ баглаатай хэвээрээ Богд уулын Бага Арцатын амандаа газарт хэвтсэн хэвээр байна. Уул нь сүсэгтэн олны нүдийг хужирлаж, сэтгэлийг татаж байх ёстойсон.
ТАВ: МОНГОЛЧУУДЫН ХАНДИВААР БОССОН ЖАНРАЙСИГ БУРХАН 1990 онд, Монголын төр засаг болон Монголын ард түмний хандив тусламжаар бүтээсэн Мигжид Жанрайсиг Бурханыг БШТХ Гандантэгчинлэн 30 гаруй жил ашиглаж, орлого ашиг олсоор байна. 30 жилийн турш ашиг орлого олохоо мартаагүй хэрнээ, арчилж тордох ажлаа умартжээ, Гандантэгчинлэн хийдийн удирдлага. Зузаан хөө, утаа тортогт дарагдсан Жанрайсиг өнгө үзэмжээ гээжээ.
ЗУРГАА:МОНГОЛЧУУДЫН БҮТЭЭСЭН БОГД ЗОНХАВА ХӨШӨӨ Ч ШОРООНД ДАРАГДЖЭЭ Монголын анхны гурван хийдийн нэг, 255 жилийн түүхтэй Дамбадаржаалин хийд нь өнөөгийн хаягаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрладаг . Тус хийдийн ард сүндэрлэх Богд Зонхава уулын орой дээр залагдан шүтэгдэж ирсэн, монгол урчуудын бүтээсэн соёлын хосгүй үнэт бүтээл болох Богд Зонхавын чулуун хөшөөг буулган авч Гандантэгчэнлин хийд мэдэлдээ авсан. Гэвч соёлын үнэт бүтээл нь мөн л тус хийдийн хашаан дотор тоос шороонд дарагдан, ач холбогдлоо гээжээ.
ДОЛОО: БУРХАН БАГШИЙН ХӨШӨӨ САНГАСТ ДАРАГДЖЭЭ УИХ-ын гишүүн Анандбазар Бурхан багшийн бага насны хөшөөг бүтээж Гандантэгчэнлин хийдэд өргөсөн. Хийдийн төв хаалганы харалдаа байрлуулсан тус хөшөө нь тагтаа шувууны сангас болоод удаж байна.
НАЙМ: ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД БОЛ МӨРГӨЛИЙН АРИУН ГАЗАР БОЛОХООС ОРШУУЛГЫН ГАЗАР БИШ Ариун дагшин Гандантэгчэнлин хийдийн хашаан дотор 10 гаруй шарилын суврага байрлуулжээ. Гандантэгчинлэн хийд бол оршуулгын газар биш юм. Шүтээний суварга байрлуулах уламжлалыг гуйвуулж, ийнхүү шарилын газар болгох шахжээ.
ЕС: ЭВТЭЙ ДӨРВӨН АМЬТНЫ СОЙР ШУВУУГ ТАГТААГААР ОРЛУУЛЖЭЭ Гандантэгчэнлин хийдэд "Эвтэй дөрвөн амьтаны хөшөө" бий. Тус хөшөөний эвтэй дөрвөн амьтаны нэг болох сойр шувууг тагтаа шувуугаар орлуулчихсан байх аж. Ингэж орчин цагт шилжүүлж, үлгэр домгийг ч гуйвуулж болохгүй дээ.
АРАВ: МӨНГӨ ОЛОХ НЬ НЭГДҮГЭЭРТ ТАВИГДЖЭЭ Есдүгээр Богдын шарилыг нэгэн Төвөд ламд олон сая төгрөг өгч занданшуулсан байна. Одоо түүнийгээ Шүтээн эрдэнэ хэмээн сэнтий буюу арслант ширээн дээр залж сүсэгтэн олныг мөргүүлж ашиг олоод эхэлжээ.
ТӨГСГӨЛ: Энэ хэдийг эгнүүлээд харахад, Бурханы шашин, уламжлалт соёлоо хөгжүүлэх сэтгэлтэй, шинэлэг сэтгэлгээтэй , эзний ёсоор хандах удирдлага өнөөгийн Гандантэгчинлэн хийдэд үгүйлэгдэж байх шиг. Ямбыг нь эдэлж байвал ялыг нь ч үүр гэдэг үг Гандантэгчинлэн хийдийн өнөөгийн хамба Чойжамц болон бусад эрх мэдэлтнүүд ч хамаатай. 30 жилийн турш тасралтгүй ямба эдэлж буй тэдгээр удирдлагаас ялыг ч бас асууцгаая. Гандантэгчинлэн хийдэд сүсэгтэн олноос өргөж буй хандив, үйл ажиллагааны орлогыг ил болгооч. Гандантэгчинлэн хийдийн бүтэц, орон тоо, зарлагыг ч сүсэгтэн олонд тайлагнаач.
Гандантэгчинлэн хийдийн мэдэлд буй соёлын үнэт өвийг хамгаалах, бурханы шашиныг хөгжүүлэх төлөвлөгөө, сүсэгтэн олноо хэрхэн дэмжих гэж буй талаар ч Гандантэгчинлэн хийдийн өнөөгийн удирдлагаас асууя. Гандантэгчинлэн хийд Францын Эйфилийн цамхаг шиг менежмент нэвтрүүлэх үү? Эйфилийн цамхаг бол Парис хотын төсвийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг тооцоо бий. Ийм боломж Гандантэгчинлэн хийдэд бий эсэх.
No description available.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЦАГААН САР ХИЙХ НЬ ЗӨВ ҮҮ?