ШАНХАЙ ХОТОД КОРОНАВИРУСИЙН НАС БАРАЛТ БҮРТГЭГДЭВ

2022-04-20  

БНХАУ-ын Шанхай хотод коронавирусийн халдвар авсан долоон иргэн нас баржээ. Нас барсан хүмүүс 89-91 настай байсан гэнэ. Албаныхны өгч буй мэдээллээр, Шанхайд 60-аас дээш насныхны 38 хувь нь л вакцины бүрэн тунд хамрагдсан гэнэ. Шанхай хотод 2020 оны гуравдугаар сараас хойш “Ковид-19” цар тахлын нас баралт бүртгэгдээгүй байжээ. Энэ талаар мэдээлсэн ВВС агентлаг “25 сая хүнтэй хотод одоо болтол нас баралтын нэг ч албан ёсны тохиолдол бүртгэгдээгүй байна гэдэг хачин. Мэдээж, өнгөрсөн хоёр жилд маш олон хүн нас барсан. Ахмадын асрах газарт ч хүмүүс нас барж байсан. Гэхдээ тэднийг эрх баригчид үндсэн өвчнөөрөө нас барсан гэж тооцсон бололтой” хэмээн бичжээ. Шанхай хотод хорио цээрийн хатуу дэглэм үйлчилсэн хэвээрээ байна. Шанхай хот одоо хөл хорио дөрөв дэх долоо хоногтоо үргэлжлэн нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 20.000-аас буухгүй байна.Гэвч өнгөрсөн хоногт БНХАУ-д коронавирусийн халдварын 21600 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь дөрөвдүгээр сарын 6-наас хойш өдөрт илэрсэн хамгийн цөөн тохиолдол болоод байгаа юм. Тус улсын Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр, сүүлийн 24 цагт бүртгэгдсэн тохиолдлуудын 3316-гаас нь “Ковид-19”-ийн халуурах, ханиалгах, бие сулрахшинж тэмдэг илэрсэн байна. Үүний 19 нь хилийн чанадаас ирсэн бол 3297 нь дотоодын халдвар байжээ. Халдварын хамгийн олон тохиолдол Шанхай (3084), зүүн хойд Жилинь (88) болон Хар мөрөн мужид (64) бүртгэгдсэн гэнэ.Үлдсэн 18 284 тохиолдол нь шинж тэмдэггүй тээгчид бөгөөд тэдний 97 нь хилийн чанадад, 18187 нь дотооддоо халдвар авсан байна. Шинж тэмдэггүй тохиолдлуудын 17 332 нь Шанхайд, 384 нь Жилиньд, 122 нь Жянсу мужид бүртгэгджээ. Албан ёсны мэдээллээр, Хятадад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын 188 300 тохиолдол батлагдаж, 4648 хүн нас баржээ. Мөн ӨМӨЗО-ны Хөх хотод омикроны анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дэд дарга Ван Давэй хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.Түүний хэлж буйгаар, энэ сарын 16-ны өдөр тус хотод бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдолд шинжилгээ хийж үзэхэд генийн дараалал нь омикрон В.А.2 төрлийн вирус гэж гарсан байна.Энэхүү халдвар тээгч нь Шаньси мужаас Хөх хотод ирсэн тээвэр ложистикийн компанийн жолооч байсан ба 14-ний өдрөөс эхлэн тусгаарлах байранд хяналтад байсан хүн аж.Түүний 14, 15-ны өдрийн шинжилгээний хариу сөрөг гарч байсан ч 16-ны өдөр эерэг хариу гарсан байна.Халдвар авсан уг хүнтэй ойрын хавьтал болсон 19 хүн, дам хавьтлын 104 хүнийг тусгаарлан ажиглалтад авчээ. Халдвартай хүний ойр орчмын халдвар авсан байх эрсдэлтэй 36765 иргэнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг хариу гарсан байна.Хятад нь дэлхийн худалдааны тэргүүлэгч гүрний нэг учир эдийн засагчид тус улсын коронавирусийн асуудалд санаа зовж, байнга ажиглан харж байгаа билээ.


ТОВЧХОН

Киев нийт долоон мянга орчим гадны хөлсний цэрэг татсанаас өдгөө таван мянга орчим нь үлдсэн тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдээлжээ.Украинд Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш тус улсад 63 улсын 6824 хөлсний цэрэг ирж, тулалджээ. Хамгийн олон тооны буюу 1717 хөлсний цэрэг Польш, Румын улсаас, Их Британи, Гүржээс тус бүр 300 хөлсний цэрэг ирсэн бол Туркийн хяналтад байдаг Сирийн бүс нутгаас 193 хөлсний цэрэг ирж үүрэг гүйцэтгэжээ. Хөлсний цэргүүдийн ихэнх нь Киев, Харьков, Одесс, Николаев, Мариуполь хотод Украины бүлэглэлүүдийн бүрэлдэхүүнд хуваарилагдсан байна. Тэднийг Украины батлан хамгаалах олон үндэстний легионы бүс нутгийн зохицуулах штаб хуваарилдаг байна.Цэргийн ажиллагааны явцад гадны хөлсний цэргүүдийн тоо буурч байгаа ба одоогоор 4877 хүн үлдээд байна гэж генерал Конашенков мэдээлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2017 онд Сирид айлчилсан. Тухайн үед Путин удаан үргэлжилсэн иргэний дайнд босогчдыг ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн Сирийн генералыг магтан сайшааж байв. Тэрбээр Оросын цэргүүдтэй хамтарч ажиллах нь ирээдүйд асар их амжилтад хүргэнэ гэж хэлжээ.Тэгвэл Сирийн цэргүүдийн цөөн хэсэг нь бэлтгэлд хамрагдахаар Орост ирээд буй тухай “MSN” хуудас мэдээллээ. Ойрхи Дорнодоос дайнд оролцох 16 мянга гаруй өргөдөл хүлээж авсан гэж дайны эхэн үед Кремлийн албаныхан хэлж байв. Гэвч АНУ-ын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус бүс нутгаас Украины дайнд нэгдэх цэрэг төдийлөн олон гараагүй гэжээ.

Украин дахь Оросын армийн командлагчаар Александр Дворников албан ёсоор томилогдсоны дараа Сириэс цэргүүд орж ирж болзошгүйг шинжээчид мэдээлэв. Сирийн армиас оргож одоо Турк улсад ажиллаж буй цэргийн шинжээч Ахмад Хамада хэлэхдээ, “Орос улс Украинд илүү том тулалдаан хийхээр бэлтгэж байна. Үүнд Сирийн цэргүүд оролцох магадлалтай байна” гэжээ. Энэ хүрээнд Орост бэлтгэгдсэн цэргүүдийг идэвхийлэн элсүүлж байгаа гэв. Харин барууны зарим судлаачид сиричүүд Укрианд очин шууд бууж өгөх нь баруунд цагаачлах хамгийн амар арга учир олон хүн бүртгүүлэх магадлалтай гэж үзэж байгаа билээ.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон энэ долоо хоногт Энэтхэг улстай аюулгүй байдлын харилцаагаа бэхжүүлэх зорилгоор удаан хугацаагаар хойшилсон айлчлал хийх гэж байна. Тэрбээр ирэх баасан гаригт Шинэ Дели хотноо өөрийн түнш Нарендра Модитой уулзаж, батлан хамгаалах болон худалдааны асуудлаар хамтран ажиллах хэлэлцээ хийх аж.Борис Жонсон өмнө нь “Ковид-19”-ийн улмаас Энэтхэгт айлчилж чадаагүй билээ. Энэ удаа Энэтхэгт айлчилснаар, ОХУ Украинд довтолсонтой холбогдуулан Энэтхэгийг Москвагаас “зайгаа барих”-ыг ятгах зорилготой гэнэ.Өнгөрсөн сард Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс Энэтхэгт айлчилж, ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, Их Британи- Энэтхэгийн худалдаа, батлан хамгаалах, эрчим хүч, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр илүү нягт хамтран ажиллахыг санал болгосон.Энэтхэг улс өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш Оросыг шууд шүүмжлээгүй бөгөөд НҮБ-аас уг асуудлаар санал хураалт явуулахад түдгэлзсэн юм. Жонсон пүрэв гаригт Энэтхэгийн тав дахь том муж болох Гужаратад айлчлах бөгөөд Их Британи, Энэтхэгийн гол салбаруудад томоохон хөрөнгө оруулалт хийх, шинжлэх ухаан, эрүүл мэнд, технологийн салбарт шинэ хамтын ажиллагаа эхлүүлэхээ зарлах төлөвтэй байна.

Францын ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхийлөгч Эммануэль Макронтой сонгуулийн сүүлийн шатанд тунан өрсөлдөж буй Марин Ле Пен болон түүний хамтрагчид Европын холбооноос хагас сая фунт стерлинг шамшигдуулсан хэргээр буруутгагджээ. Тодруулбал, 53 настай Марин Ле Пен болон түүний эцэг 93 настай Жан-Мари Ле Пен нарыг хэт барууны үзэлт Үндэсний Ралли намын нэрийн өмнөөс 620 мянган евро буюу 513 мянган фунт стерлингийг шамшигдуулсан гэж Европын холбооны мөрдөн байцаагчид мэдэгдэв.Марин Ле Пен Францын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал тун өндөр байгаа энэ үед уг мэдээлэл ил боллоо. Уг мэдээлэлд “Марин Ле Пен сэтгэл дундуур байна” гэж түүний өмгөөлөгч Родольф Босселут хэлэв. Мөн Европын холбооны залилангийн эсрэг агентлаг арав гаруй жилийн өмнөх хуучин баримтуудыг дахин сөхөж байна гэлээ. Нийт 116 хуудастай тайланг Парист төвтэй эрэн сурвалжлах мэдээллийн хэрэгсэл “Mediapart” нийтэлжээ.Тайланд Марин Ле Пенийг 2004-2017 оны хооронд Европын холбооны гишүүн байхдаа хууль бусаар авсан 114 мянган фунт стерлингийг намын данс руу шилжүүлсэн гэжээ. Түүний эцэг бөгөөд Жан-Мари Ле Пен болон Перпиньян хотын захирагч Луис Алиот нарыг уг хэрэгт холбоотой байж болзошгүй гэж сэжиглэж байна. Жан-Мари Ле Пен нь 1972 онд Үндэсний ралли намыг үүсгэн байгуулсан бол Луис Алиот нь Ле Пений хуучин найз залуу юм.Түүнчлэн, Марин Ле Пенийг Үндэсний раллигийн ажилтнуудад цалин өгөхийн тулд Европын холбооны бэлэн мөнгийг хууль бусаар ашигласан гэж буруутгаж байна.

Эх сурвалж: BBC.CNN. REUTERS. NHK. UKRIN­FORM.TASS.Global Times.Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА, Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?