МУСГЗ Д.ЦЭДЭН-ИШ: Отгон тэнгэр хайрханы тахилга, эргэн дурсагдах гунигт нэгэн түүх (Үргэлжлэл)

2022-05-05  

Бидэнтэй ойр дотно хамтарч ажилладаг МУСГЗ, ахмад сэтгүүлч Д.Цэдэн-Иш өмнө гаргасан “Аян зам бодол эргэцүүлэл” номынхоо үргэлжлэл болох дараагийнхаа номонд орж буй аян замын тэмдэглэлийн үргэлжлэлийг хүргэж байна. 

Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу!

 ...Аймгийн удирдлагуудтай “Бурхан буудай хайрхан”-ыг тахихаар явсан Наро Банчэн гэгээнтэн, хамт яваа лам нараа Баагий андын багийнхан хүлээж байгаад Богд Очирваань Отгонтэнгэр хайрханы тахилгад хамтдаа ирэхээр болсон юм. Тайшираас таван цаг шахам давхиад шөнө дөлөөр Отгон суманд ирцгээв. Сумын төвийн захад орж ирэхэд л зам дагуу машин унаа, морь малтай хүмүүс гар даллан зогсоцгоож байлаа. Нутгийнхаа гэгээнтнийг хүндэтгэн угтацгаах гэж буй нь энэ аж. Биднээс гэгээнтнээ хаа явааг нь асууж байцгаав. Сумын төв рүү орж зочид буудал сурагласан боловч гэгээнтний багийнхан гол гол буудлуудыг урьдчилаад захиалчихсан гээд бидэнд хоног төөрүүлэх газар олдсонгүй. Хагас цаг гаруй эрэл сурал болж яваад сумын төвөөс зайдуухан гэр буудал оллоо. Гэгээнтнийг Отгон сумандаа морилох үеэр энэ нутагт хөл хөдөлгөөн ихсэж унаа тэрэг, зочид буудал ер нь олдохгүй талдаа болдог юм гэж биднийг хүлээн авсан гэр буудлын эзэгтэй өгүүлж байв. Өглөөгүүр цайлчихаад Богд Очирваань Хайрхан руугаа хөдөлцгөөв. Арван хэдэн километрийн алсаас л Отгонтэнгэр Хайрханы цаст цагаан зулай цайвалзан харагдаад эхлэх юм. Тийшээ дөхөх тусам унаа машины хөл хөдөлгөөн ихсэж байлаа. Хайрханы наад хөндийд гэр байшин ярайсан багийн төв юм уу гэхээр бага шиг суурин буй болжээ. Гэр буудал, хоолны газрууд ажиллаж байна. Том том чулуугаар тэг гортиг татсан эмх цэгцтэй тийм нэг бага шиг үйлчилгээний цэгийн хамгийн хойт талын модон байшинд орж бага үдийн цай ууцгаав. Манай багийн залуу гишүүн , энэ Завхан нутгийн уугуул Д.Ариунбаатар дүү нутгийнхаа танил ахтай тааралдаж яриа хөөрөө болов. Аймгийн Байгаль орчны газрын дарга Д.Батдэлгэр гэх тэр эр Хайрханы тахилга хийх энэ арга хэмжээний үеэр байгаль орчны хууль дүрэм сахин хамгаалахад сум орон нутгийн байгаль хамгаалагчдаа удирдан зохион байгуулж ажиллуулахаар хоёр хоногийн өмнө энд ирээд байгаа ажээ. Ер нь ийм тахилгын үеэр хэдэн зуун машин тэрэг, хэдэн мянган хүн цуглардаг тул аймаг сумын байгаль хамгаалагчид нилээд өргөн бүрэлдэхүүнтэй энэ хавийн байгаль орчинд хяналт тавьж ажиллацгаадаг гэж Д.Батдэлгэр дарга ярьж байлаа. Мөн аймаг, сум орон нутгийн хууль хяналтын байгууллагын зарим удирдлага, мэргэжилтнүүд ч энд ирж ажилладаг тухай тэрээр мөн нэмж өгүүлсэн юм. Аймаг, сум орноос энд ажиллаж буй энэ нөхдийн ярих нь Наро Банчэн гэгээнтэн өөрийн төрсөн нутаг Отгон сумандаа урд шөнө ирж хоносон гэнэ. Бага үдийн орчим буюу морин цагийн үед гэгээнтэн морилон ирж Богд Очирваань Отгонтэнгэр Хайрханы тахилгаа эхлэх юм гэцгээж байв. Манай багийнхан иймэрхүү мэдээлэл авчихаад тахилга эхлэхээс өмнө Бадархундага нуур, Отгонтэнгэр хайрханд хүндэтгэл үзүүлчихээд ирэхээр дээш өгсөцгөөв. Хоёр км орчим өгсөөд Хайрханы бэлийн доохонтойх байгаль хамгаалагчийн хаалт хамгаалалтад тулж ирцгээлээ. Үүнээс дээш машин тэрэг нэвтрүүлдэггүй юм байна. Сурталчилгаа, ухуулгын хэд хэдэн зурагт самбар, бас нэг гэрэлт хөшөө энд байна. Биднээс өмнө ирсэн олон арван аялагсад ч энд унаа машинаа тавьчихаж. Бадархундага нуур хүртэл зам их өгсүүр, хад чулуу ихтэй, бартаатай болохоор аялагсадын ихэнх нь морь унаа хөлсөлдөг юм байна. Залуус харин нуур хүртэл уралдах шахуу гүйж өөрсдийгөө сорьдог гэнэ. Манай багийнхан морь хөлсөллөө. Нутгийн залуус энэ талын үйлчилгээ үзүүлдэг юм байна. Хайрханы бэл, Бадархундага нуур хүрээд эргээд ирэхэд цаг хагасаас хоёр цаг орчим болдог аж. Бид таван морь хөлсөлж 150 мянган төгрөг төллөө. Тахилгын үеэр иймэрхүү үнэ ханштай байдаг гэнэ. Морины эздээс нэг нь хөтөч болж манай цувааг дагалдав. Морьд нь энэ замаар байнга яваад зам харгуйдаа дасал болчихсон болохоор төвөггүйхэн өгсөөд хагас цагийн дараа Бадархундага нуурын эрэгт биднийг аваад ирэв.

 Нөгөө түмэн олны эргэл мөргөл, өргөл үйлддэг Хайрханы бэл дэх нуурын эрэг нь эндээсээ арай зайтай юм. Тэр лүү морьтой явахын аргагүй аж. Морьдоо эзэнтэй нь үлдээчихээд тийшээ зүглэцгээв. Том том бул чулуу дамжин намаг шалбааг гатлан байж тэнд хүрлээ. Нартай сайхан өдөр болохоор халууцах талдаа. Хүмүүсийн жишгээр манайхан Бадархундага нууранд өөр өөрсдийн бэлдэж ирсэн задгай мөнгө, жижиг сажиг мөнгөн эдлэл энэ тэрийг өргөж мөргөл залбирал үйлдэцгээлээ. Би аавынхаа хөрөг зураг, бас олон жилийн өмнө тээр дээр цайрах цаст цагаан оргилынх нь наахантай аавыгаа эргэхдээ авсан хоёр гурван фото зургийг гаргаж тавьж байгаад аавыг оршоосон тэр цагаан цас мөсний наахантайх хад хайргатай газрыг харж байгаад мөргөж залбирлаа. Аавыгаа эргэж ирснээ мэдэгдэж арц хүж уугиуллаа. Нийтлэлийнхээ эхэнд Отгонтэнгэр Хайрханы тахилгын тухай Нэмэхээ андын урилгад баяртайяа нэгдэх учир жанцан байсан юм гээд дурдсаны учир үүнд байсан юм. Аав минь энэ Отгонтэнгэр Хайрханы цаст цагаан оргилын яг доохонтой мөнх нойрсож буй. Арван таван жилийн өмнө шарил дээр нь очиж булш бунхныг нь сэргээж байв. Энэ удаад эндээсээ л эргэл мөргөлөө үйлдэхээс өөр аргагүй байлаа. Ойрхон мэт харагдаж байгаа хэдий ч тийшээ очих бол багадаа таван цагийн ажил болно гэдгийг би мэдэх юм. Тэгээд ч энэ удаа тахилгад оролцох найз нөхдийн багт багтаад явж буй болохоор ганцаарчилсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй байлаа.

 

     Мөнх цасны доохонтой мөнх нойрсож буй аавыгаа эргэсэн минь. Одоогоос хагас зуу гаруй жилийн өмнө Улаанбаатараас Увс, Ховдын чиглэлд нислэг үйлдэж байсан 40 гаруй зорчигчидтой Иргэний агаарын тээврийн 105 дугаартай Ил-14 онгоц 1963 оны наймдугаар сарын 9-ний өдөр Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Отгонтэнгэр ууланд осолдсон эмгэнэлт түүх байдаг юм. Улаанбаатарт зорчоод нутгаадаа буцаж явсан Увс аймгийн Цагаанхайрхан сум нэгдэлд Ерөнхий нягтлан бодохоор ажиллаж байсан миний аав Ганжаа овогтой Доной энэ ослоор амь үрэгдэж ах дүү бид зургаа аавгүй болж өнчирч байлаа. Айлын том нь болох ах бид хоёр арваадхан настай балчир байсан болохоор аавынхаа амь алдсан Отгонтэнгэр уул руу тэр үед явж огт чадаагүй юм. Сүүлийн үед болсон онгоцны ослынх шиг төрөл төрөгсөд, ойр дотныхноос нь өршөөл уучлалт гуйгаад, үлдсэнийг нь харж халамжлаад унаа мал гаргаад тэр ослынх нь газар оронд аваачиж салах ёс хийлгэх тийм ёс зүй, анхаарал халамж, үлдсэнийх нь өмнө хүлээх хариуцлага гэх юм тэр цагийн засаг захиргаанд ч огт байгаагүй юм билээ. Одоогийнх шиг хэвлэл мэдээллээр бичих, шуугих энэ тэр бол бүр ч байгаагүй. Алс холын манай нутагт бензин шатахуун ховор, сум нэгдлийн гурав дөрвөн  машин нь түлш шатахуунгүй зогсчихсон тийм цаг үе байж. Аавын минь төрсөн ах Хяргас сум нэгдлийн дарга Г.Цэдэв хувийнхаа Ява мотоциклд балга бензин олж хийгээд аймгийн төв ороод тэндээсээ нэгдсэн унаагаар Завхан явсан гэж хожим нь сонсож байв. Улаанбаатараас аавын минь ах Г.Аюушжав, Г.Жамба нар Завхан аймагт ирсэн гэдэг. Шинжлэх ухааны академийн Физик математикийн хүрээлэнгийн захирал байсан ШУА-ийн сурвалжлагч гишүүн Одоогийнхоор бол академич Г.Аюушжав ах нь Засгийн газрын комиссыг ахлаж Отгонтэнгэрт ирсэн юм билээ. Бидний Дайдаа хэмээн авгайлдаг энэ авга ах маань соронзон орон судлалаар мэргэжсэн нэрт эрдэмтэн байсан тул Отгонтэнгэрийн энэ осолд шинжлэх ухаан талын дүгнэлт гаргахад дөхөмтэй гэх үүднээс комисс ахлуулсан гэж хожим нь би сонсож байв. Энэ комиссын хэдэн гишүүн, Иргэний агаарын тээврийн ажлын албаны цөөн тооны инженер, нисэгчид, Завханы эмнэлгийн эмч, тэндэхийн цэргийн ангийн зарим офицер цөөн тооны цэргүүдтэй ослын газарт очсон юм билээ. Нөгөө хоёр авга маань Завханы төвд үлдэж аймгийн төвд шарил авчрахыг хүлээсэн гэдэг. Онгоцонд сүйдсэн Ховд, Увс аймгийн иргэдийн төрөл төрөгсөд нь бүгд л Завханы төвд цугларч оршуулах комиссынхны уулнаас буулгаж ирсэн талийгаачдын шарилын цуглуулгатай салах ёс гүйцэтгэсэн гэдэг. Тэр минь энэ минь гээд үзэж харахаар юм байгаагүй тул авс хайрцгийг нь нээж үзүүлж хараагүй юм билээ. Аавыгаа алдсан ах дүү бид хэд уй гашууд автан хэд хонож байтал Цэдэв авга нутгаадаа буцаж ирсэн. Бага балчир байсан бид хэдэд төдий л юм яриагүй юмдаг. Арай том болсон хойноо оршуулгын зарим нэг зургийг Цэдэв ахын гэрийнх нь цомгоос олж үзэж байв. Завханы төвд онгоцны сэнстэй том хөшөө босгосон оршуулгын үеийн гэрэл зураг тэнд байсан. Арай том, арван дөрөв тавтай болохдоо авга ахаас сонссоноор бол аавын маань шарил Отгонтэнгэр Хайрхандаа байгаа болж таарсан юм. Бидний аав тэр олон хүмүүсээс арай бүтэн биеэр, өрөөсөн гар нь л сугаараа тасарчихсан, бие нь сандалтайгаа бэхлэгдсэн хэвээр үлдсэн байсан гэдэг. Бүр хожмоо 1974 онд би Эрхүүгээс Москвад шилжээд сурах санаатай сургууль хөөцөлдөөд Аюушжав Дайдаагийндаа сар шахам байв. Москвагийн ШУА-ийн Физик техникийн салбар хүрээлэнд нь Дайдаа томилолтоор ажиллаж шинжлэх ухааны докторын цолоо хамгаалж тэднийхэн гэрээрээ тэнд амьдарч байсан үе. Ач дүү нь хорь хүрч аливааг ойлгохтой болж буй болохоор Дайдаа удам угсаа, өвөг дээдэс, нутаг усны тухай хаяа ярьдаг байлаа. Отгонхайрханы ослын тухай, аавыг яаж оршуулсан тухайгаа нэг удаа ярьлаа. “Та нарыг аавын чинь газар дээр нэг аваачих юмсан гэж би боддог л юм. Нас яваад байдаг, тэр дээшээ гарч чадах болов уу гэж санаа зовж байна. Ер нь тэнд хүрэхэд их хэцүү шүү. Манай комиссынхон чинь Завханд онгоцоор буучихаад тэндээсээ машинаар Хайрханы бэлд хүрч буугаад тэндээсээ мориор явцгаасан юм. Завханы цэргийн ангийнхан Засгийн газрын комиссын хүн бүрт морь, хөтөч цэрэг бэлдчихсэн байсан. Хажуу уулыг нь ташиж нилээд мацаж байж Отгонтэнгэрийнхээ наад хяр дээр хүрч байлаа. Морь явж чадахааргүй хад асгатай тулчихсан болохоор цэргүүд биднийг хөтлөж гар гараасаа барилцаж яваад онгоц унаж сүйрсэн тэр газрыг олж очицгоосон юм. Тэр газар ямар л олиг байхав, нүд хальтирч, сэтгэл зүрх шимширмээр...” гэж хэлээд хоолой нь зангирч байсан юм. Эрэмдэг зэрэмдэг болсон олон хүний цогцосыг комиссынхон, шүүх эмнэлгийн эмч нар, цэргүүд эд эрхтэнээр нь бөөгнүүлж нэг том нүх ухаж тэнд нь оршуулсан гэдэг. Аавын шарил өрөөсөн гаргүй л болохоос бүрэн бүтнээрээ байсан болохоор тэр нийтийн нүхэнд оршуулаагүй, тусад нь Хайрханы оргилын их цас мөсний доохонтоо газарт оршуулсан гэж ярьсан юм. Нэг том чулуу тэр хавиас нь олж шарилын толгойн хэсэгт хөшөө маягаар тавьсан. Тэр чулуун дээр аавын чинь нэрийг тосон будгаар бичсэн юм. Олон жил болсон болохоор тэр арилсан байх. Аавыг чинь оршуулж байгаа зураг манайхны альбомд уг нь байгаа юмсан. Хотын гэрт үлдсэн бололтой гэж Дайдаа ярьж байв. Түүнээс хойш бас ч гэж олон жил өнгөрч Дайдаа маань 1980 аад оны сүүлээр 73 настайдаа өөд болж аавын газар руу бидэнтэй хамт явах санаа нь хэрэгжих боломжгүй болсон юм. Харин Дайдаагийн өөртөө хадгалчихсан байсан аавын Хөдөлмөрийн дэвтэр, онгоцны тийз гэх мэт зарим бичиг баримт, аавын туг үс, сүйрсэн онгоцны сандалны бэхэлгээний бага шиг төмөр, хөнгөн цагааны хэлтэрхийг Дайдаагийн охидууд хожим нь бидэнд өгсөн юм. Дүүгийнхээ дурсгал болгож Дайдаа тэдгээрийг авсан байж. Тэр бичиг баримтууд нь аавын халаасанд байсан гэдэг. Дайдаагаар орос хэл заалгаж үг цээжилж байснаа бичсэн тэмдэглэл нь тэнд бас байсан нь аавын минь сүүлчийн дурсгал болж бидэнд ирсэн юм. Дайдаагийн ярьсан гэрэл зургийг ч охидууд нь гэрийнхээ цомгоос олж бидэнд өгсөн билээ. Тэр зургаар нь бид баримжаа болгож аавынхаа шарилыг Отгон Хайрханы цаст оргилын доохонтойгоос төвөг багатайхан олсон билээ.

 

Авга ах Г.Аюушжав Отгон тэнгэр хайрханы мөнх цасны доохонтой дүүгээ оршуулж буй нь

Мөн үүнээс гадна манай нэрт уулчин, уулын спортын ууган мастеруудын нэг Раднаабазарын Зориг гуай онгоцны осол сүйрэл болсон тэр газрыг хайж олоход ихээхэн тус дэм болсон юм. Отгон хайрханд сүйрсэн онгоцны сэг зэмийг манай уулчид цэвэрлэсэн тухай мэдээ хэдэн жилийн өмнө  сонин хэвлэлд гарч байв. Уулчдын энэ багийг Р.Зориг гуай ахалсан гэж байв. Нэрт сэтгүүлч, 25 дугаар суваг телевизийн Захирал З.Алтайтай бид нэг байр байшинд ойр хөрш ажиллаж байсан болохоор аавтай нь уулзаж мэдээлэл авах хүсэлтэй байгаа тухайгаа хэлж аав руу нь яриулж зөвшөөрүүлсэн юм. Сансарын 15 дугаар хороололд амьдардаг нэрт уулчин Р.Зориг гуайнд очиж түүний яриа хөөрөөг сонсож онгоц сүйрсэн тэр газарт уулчдын хийсэн ажлын талаарх олон сайхан гэрэл зургийг хуулбарлаж авсан юм. Сүйрсэн онгоцны том том сэг зэмийг уулчид чирч гулдарч ойролцоох хавцал руу унагаж цэвэрлэсэн юм билээ.

   

  

Гэрэл зураг энэ бүхнийг тод томруун өгүүлж байв. Онгоцны том эд ангиудыг хөрөөдөж салгаад зөөсөн гэдэг. Ер нь ингэж цэвэрлэхгүй бол болохгүй учир шалтгаан байсан гэж уулчдын багийг ахалсан Р.Зориг гуай ярьж байсан юм. Онгоцыг бүтээсэн металл, хөнгөн цагаан нь нарны тусгалыг ойлгож Отгонтэнгэр хайрханы мөнх цасыг их бага хэмжээгээр хайлуулж байна гэж эрдэмтэд үзсэн гэдэг. Мөнх цаст энэ оргилд олон жил болсон эд зүйл чанараа алддаггүйг уулчид бас дурсан ярьсан байх юм билээ. Энэ ослоос үлдэж хоцорсон 1963 оны молоког 2004 онд задлахад хөргөгчинд байсан юм шиг л шинэхэнээрээ байсан гэдэг бяцхан түүх юм. Ер нь энэ уулчид буянтай сайхан үйлс олныг бүтээсэн байв. Онгоцны нисэгч нь тохиолдлоор Р.Зориг гуайн офицерийн дунд сургуулийн нэгэн үеийн төгсөгч Тарваа гэл үү, тийм нэгэн байсан гэнэ. Тэр нисэгчийн шарил нь бүхээгтээ байсныг уулчид олж онгоцны сэг зэмээс нь салгасан юм билээ. Зориг гуай тэр нисэгчийн үр хүүхдүүдийг олж тэр мэдээллээ ч хүргэж. “Сайн хүний үрс, Сүүтэй гүүний унага...” гээд үр удам сайтай хүмүүсийг дээдэлэн ярьдаг даа манай ард түмэн. Хэлмэгдлийн их зовлон үзэж хүндхэн амьдралаар амьдарсан монголын тэргүүлэх сэхээтэн, зохиолч Мөрдэндэвийн Ядамсүрэн гуайн үр удам, хүү нь болох Зориг гуай, их зохиолч Донровын Намдаг гуайн охин, Гавьяат эмч Дэнсмаа гуай нар аавынхаа шарилыг эрж яваа надад ч их л элэгсэг хандаж үзсэн харсан, зураг хөрөгт буулгасан мэдээ мэдээллээрээ харамгүй тусласан юм. Зориг гуайг зураг эрж байхад Дэнсмаа гуай хүртэл түүнд нь оролцож хайлцаж дутуу хөтүү юм үлдчих вий гэх сэтгэлээр хандаж буй нь надад мэдрэгдэж байлаа. Тал талын ийм мэдээлэл, онгоц сүйдсэн үеийн болон цэвэрлэгээ хийсэн тухайн олон гэрэл зурагтай болсон би аавынхаа шарилыг эргэхээр шийдсэн юм. Одоогоос арван зургаан жилийн өмнө нэгэн намар би гэр бүлээрээ, төрсөн ахынхантайгаа хамт хоёр машинтай Отгонтэнгэр хайрханыг зорьсон юм. Энэ нутаг оронд анхлан ирж буй бид хэд Хайрханы бэл, Буянт голын хөндийд намаржиж буй хот айлд ирж Отгонтэнгэр хайрхан руу өгсөх зам заалгаж байлаа. “Сохорсон биш... завшив” гэгчээр зам заалгах гэж буугаад замчлах хүнтэй болоод авцгаасан юм даг. Гэрийн эзэн, энэ хотны ахлах малчин Гансүх гэх дөчөөд насны эр бидэнд замчлах болов. Гансүхийн ээж хөгшинөөс тэр эмгэнэлт үеийн тухай мэдээлэл ч сонсоод авлаа. “Тэр өдөр би энэ Буянт голынхоо хөндий, Хайрханы бэл хавиар хонио хариулж явсан юмдаг. Бороо шивэрсэн их бүрхэг өдөр байсан санагдана. Онгоцны дуу дүнгэнээд л байсан юм. Манай үүгээр дандаа л онгоц нисч байдаг болохоор тэр дуунд нь бид дасчихсан байдаг байв. Хэсэг дүнгэнэж байтал яг л аянга буучих вуу яав гэхээр тас няс хийсэн нүргэлсэн дуу гараад явчихсан юм даг. Би ч “Юу болчихов оо...” гээд гайхасхийгээд л өнгөрсөн. Оройхондоо хонь хотлох болоод гэртээ ирэхэд манай хотныхон ч тэр дуу чимээг бас сонсчихсон “Нэг л юм боллоо доо...” гээд өөр хоорондоо ярьцгаагаад байж байв. Маргааш нөгөөдрөөс нь “Онгоц алга болчихсон... Танай үүгээр чимээ, юм хүм мэдэгдэв үү?” гээд л аймаг сум орноос машинтай хүмүүс ирээд л хөл хөдөлгөөн болоод явчихсан. Бид ч сонссоноо төлөөлөгчдөд хэлсэн... Тэгээд л осолдсон тэр онгоцыг олсон байх. Хожим нь хонь малд явсан манайхны залуус ослын газар очоод үзчихлээ гээд элдвийг ярьцгаадаг л байсан. Манай энэ Гансүх хэдэн жилийн өмнө хонинд явж байгаад тийшээ очоод үзчихлээ гээд надад загнуулж л байлаа” гэж Гансүхийн ээж хөгшин бидэнд ярьж байв. Гансүх ч өөрөө “Нэг биш удаа тэнд очиж үзсэн, онгоцны том мотор, хаалга хамар, дугуй гээд зөндөө юм байдаг юм билээ...” гэж яриад ээждээ “Хуншгүй золиг...битгий оч гээд хориод байхад...” гээд дахин загнуулж байв. Ингээд л тэнд очиж байсан, зам харгуйгаа сайн мэдэх Гансүх замчтай болсон юм. Эдний хотноос хөдлөөд хэсэг давхиад Отгонхайрханы бэлд хүрч унаа машин цааш явахааргүй болов. Тэгээд л хагас цаг орчим алхацгааж Бадархундага нууранд хүрч өргөлөө өргөж мөргөлөө үйлдэцгээгээд ах Цэрэнчимэд болон миний том хүү Амартүвшин бид гурав аавын шарилыг эргэхээр Отгон тэнгэр хайрханы оргил руу зүглэж байсан юмдаг. Бага хүү маань арав гаруй настай арай балчир байсан тул ээж болон бэр эгчтэй унаа машин руугаа буцаж байлаа. Бид Хайрханы наад талын хоёр гүвээг дамжиж өгсөж уруудсаар байтал нар оров. Отгонтэнгэр хайрхан их л ойрхон мэт харагдаад байх хэдий ч яг яваад туулаад эхлэхээр тийм ч амаргүй, сүрхий алсдуу юм билээ. Наахантайх нугачаа, толгод нь хад чулуу, бартаа ихтэй. Хайрханыхаа хормойд хүрч хэсэг өгсөж байтал  бүрэнхий болж эхэлсэн юм. Хад чулуу, хайргатай энэ хайрханы дунд хэсэгт мацаж байтал бороо ороод эхэллээ. Хад чулуу, хайрганых нь завсраар булаг шанд урсаж зам халтиргаа гулгаа ихтэй болж байв. Хайрханы дунд хэсэгт мацаж байтал бороо нь цас болж навслаа. Зуны хувцастай бид хэд сүрхий зутарч байв. Зам асууж хөтөч авсан Буянт багийн тэр айл хотынхон бид хэдийг оройдоо амжаад буцаад ирнэ ээ гэсэн болохоор нутгийн тэр хүмүүсийн үгэнд ороод бид хэд хувцас хунараа дулаалаа ч үгүй юм. Бас замын хоол хүнс ч аваагүй, хоол ундтай нэг машинаа тэр айлуудын гадаа үлдээчихээд нэг машинаараа л Хайрхан руу өгсчихсөн юм. Аавынхаа шарилд өргөх гэж авч явсан боов чихрээсээ хороож, ах замч бид гурав даарч бээрсэндээ өргөлийнхөө хоёр гурван шил хатуу юмнаас хүртэж дотроо бүлээцүүлээд л оргил руу мацацгааж байв. Үүр цайж гэгээ орох үеэр Хайрханы зүүнтэйх зоон дээр гарч ирцгээлээ. Хэсэг тэгшдүү газраар алхсаар Хайрханы цаст цагаан оргилд дөхөж очлоо. Наахантай нь том хар хадан хавцал байв. Нөгөө Зориг уулчнаас авсан фото зургуудаа гаргаж харлаа. Онгоцны сэг зэмүүдийг зөөж үйсэн гэх тэр хавцал зураг дээр яг дүрээрээ байж байна. Хайрханы энэ оргилд нар их эрт тусдаг юм байна. Орчин тойрны байдал ч улам бүр тод болж байв. Хавцалын ирмэгт бид хэд дөхөж болгоомжтойхон доош тонгойн харцгаалаа. Дөч тавиад метр гүнзгийдүү бололтой. Онгоцны далавч, их биеийн хэсэг, сэнс, мотор сэг гээд л өдий төдий юм тэнд харагдана лээ. Цаст оргилыг мөргөөд осолдсон онгоц хэдэн хэсэг болж бутрахад зарим эд анги нь хавцал руу унасан байх гэдэг таамаглал байдаг тухай ч бид сонсож байсан юм. Ер нь их л том талбайд агаарын тэр хөлөг цацагдсан байсан гэдэг. Хавцлаас баруунтаа хэсэг алхаад авгын авсан хоёр фото, Р.Зориг уулчны өгсөн арваад гэрэл зургийн баримжаагаар аавынхаа шарилыг хайцгаав. Арваад минут алхаж байгаад ах бид хоёр аавынхаа оршуулгыг олоод авав. Толгойд нь байршуулсан том чулуу анх нүдэнд туслаа. Авгын овоолсон шарилын чулуу фото дээр нилээд овгор харагдаж байсан хэдий ч нилээд суучихаж. Аавынхаа шарилыг олоод ирсэн бид хэд арц хүжээ уугиулж, аавдаа өргөх идээ будаа, сүү сааль, хатуу ундааныхаа дээжийг өргөж эргэл мөргөлөө үйлдэцгээлээ. Доош суугаад навтайчихсан шарилын чулууг сэлбэцгээлээ. Ах маань хөлийнх нь хэсгийн чулууг янзалж байснаа аавын хөл харагдаж байна, чи харах уу гэж надаас асууж байх. Эмч болохоороо энэ талд ах маань надаас илүү зоригтой юм. Мөнх цэвдэгтэй, мөсөн оргилтой энэ уулын тагт аавын маань шарилыг яг л хөргөгч шиг хэвээр нь хадгалж байдаг бололтой юм. Хуруу хумс нь харагдаж байна, хэдэн чулуу сөхвөл хөл нь гараад ирэхээр байна гэж байв ах маань. Хүү бид хоёр түүнийг зориглож хүсээгүй юм. Ойр тойрных нь бага шиг чулууг  хамж овоолоод аавын шарилыг аятайхан хучицгаалаа. Ах маань энэ хооронд авга Дайдаагийн  хөшөө болгон тавьсан том чулуун дээр аавын овог нэр, төрсөн оныг нь хүрэн тосон будгаар сэргээн бичив.

Дайдаагийн маань бичсэн бичээс он цагийн уртад арилчихсан, ганц нэг үсгийн мөр үлдсэн байсан юм. Арц хүжээ уугиулаад, авчирсан идээ будаа, сүү цагаагаа өргөж аавынхаа шарилыг гурвантаа тойрч мөргөж залбирал үйлдээд бид хэд тэндээсээ доошилцгоов. Тэрүүхэн зам зуур онгоцны бага шиг сэг зэм бас ч гэж цөөнгүй тааралдаж байв. Уулчид том хэсгийг нь хавцал руу зөөж цэвэрлэсэн юм билээ. Чемодан савны өгөршсөн тасархай, гутал хувцасны үлдэгдэл таарч байв. Найм естэй боловуу гэхээр охины савхин гутал ах олоод бидэнд харуулж байх юм. Дотор нь охины шилбэ харагдаж байна. Яг л хурц багажаар зүсээд үлдээчихсэн юм шиг... Хөөрхий тэр нялх охиныг өрөмдөм... Ийм л эмгэнэлтэй юм энэ уул хайрханд болж дээ. Эндээсээ доошлоод удаа ч үгүй нэг чулуун овоолгот оршуулгатай тааралдав. Толгой хэсэгт нь онгоцны бяцхан сэнс урлаад байршуулчихаж. Сэнс нь уулын салхинд чахарсхийгээд эргэж байв. Уулчин Зориг гуайн багийнхан сүйрсэн онгоцны мотор дор дарагдсан байсан нисэгчийг нь гаргаж авч хүүхдүүдэд нь хэл хүргэсэн тухайгаа ярьж байсныг дээр би нэгэнтээ дурдсан даа. Нисэгчийн үр хүүхдүүд нь аавынхаа шарилыг нь хэдэн жилийн дараа оршуулсан нь энэ аж. Хөшөө, сэнсний будаг шунх төдийлэн хуучраагүй шинэвтэр байна лээ... Бид дөрөв уулнаас доош дөрвөн цаг гаруй явж эхнэр хүүхдүүд, унаа машин дээрээ ирээд л ядарч тамирдсандаа шууд л унаад өгцгөөсөн юм. Шөнөдөө биднийг хүрээд ирнэ байх гэж нойртой нойргүй санаа зовж хоносон тэд ч сэтгэл нь амсхийх шиг болно лээ. Арван зургаан жилийн өмнө аавынхаа шарилыг би ийнхүү эргэж байсан түүхтэй юм. Энэ удаад дээр нэгэнтээ бичсэнчлэн Бадархундага нуурын эргээс камерийн дуран хараагаар аавыгаа оршоосон тэрүүхэн хадат орчныг харуулдаж аавынхаа шарилд эргэл мөргөлөө үйлдсэн юм.

      Наро Банчэн гэгээнтэн нутгийнхаа Их Хайрханыг тахив. Нуурын эрэгт хүлээж буй унаа мал дээрээ очиж тус тусынхаа морьдыг унаад Хайрханы доод бэлийн овоон дээр очиход Наро Банчэн гэгээнтэн тэнд морилж байлаа. Хүн зон маш олноороо цугласан байв. Бага шиг хадад толгод дээр суудал засаж лам хуврагууд, бас хүндтэй зочид морилжээ. Аймаг сумаас гэлтгүй нийслэл хотоос ч олон зуун мөргөлчид ирсэн бололтой. Олны таниж мэдэхээс гэвэл Нийслэлийн Захирагч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд төр засгийн өндөр алба хашиж байсан Миеэ Энхболд гэргийтэйгээ морилсон харагдана лээ. Түүний хүү Улсын Банкны газрын дарга Э.Анар, Хотын Захирагч асан, Миеэгийн бүлгийн гэгддэг Улаан хацарт хэмээн нэршсэн Ц.Батбаяр нар тэдэнтэй хамт хүндэтгэлийн суудалд заларч харагдсан. УИХ-ын гишүүн асан, ТБД андууд компанийн эзэн Д.Тэрбишдагва, Завхан аймгийн удирдлагууд, Отгон сумын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нар бас энэ ёслолд хүрэлцэн ирсэн байна лээ. Эрхэм Гэгээнтэнтэй хамт хоёр гурван аймгийн нутаг дахь уул хайрханы тахилгад оролцоод ирсэн УИХ-ын гишүүн, Ажнайн хэмээн нэршдэг Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, түүний багт яваа улсын алдар цолтой бөхчүүд, мөн Гэгээнтний энэ аялал, уул хайрханы тахилгын зардал сэлтийг хариуцан дааж яваа Капитрон банкны захирлууд хүндэтгэлийн суудалд заларсан байв. Наро Банчэн гэгээнтэн ийн заларч нутгийнхаа хайрханыг тахиж байгаад нь талархал илэрхийлж аймаг, сумын засаг дарга удирдлагууд үг хэлж байв. Мөн Отгон сумын өндөр настан, ер гаруй настай Гүрцог гуай залуу гэгээнтнээ хүндэтгэж үг хэлсэн юм. Тэрээр хутагт хувилгаад олноороо төрөн гарсан энэ нутаг усанд залуу гэгээнтэн төрж тодорсон нь тохиолдлын юм биш, зүй тогтлоороо л өмнөх дүрийн их хувилгаан Наро Банчэн гэгээнтний долдугаар дүр болон тодорсон тухай ярив. Мөн бага насных нь тухай цухас дурсав.

      

Отгон сумын өндөр настан Д.Гүрцог гуай тахилгын үеэр

 

Отгонхайрханы магтуу дуу болон Гэгээнтэнд зориулан зохиосон мөргөл хүндэтгэлийн дууг дуучин Н.Энхбат дууллаа. Дараа нь уншлага ном эхлэв. Сүсэгтэн олон, эргэлч мөргөлчид суух нь сууж зогсох нь зогсож ном залбиралаа үйлдэж байлаа. Наро Банчэн гэгээнтэн залбирал уншлагынхаа эхэнд оршил үг хэлэх юм. Тэр нь бүхэлдээ соён гэгээрэлийн номлол аж. Байгаль дэлхийгээ хайрлах, амьтай бүхнийг, бас нэг нэгнээ хайрлан хүндэтгэх гээд л мэдээжийн мэт санагдавч бас тэр болгон бид бүхний мөрдлөг болгоод байж чаддаггүй бүхнийг л бурханы ном судартай холбож хослуулаад аятай таатай өнгө аясаар сануулж ухуулаад байх юм билээ. Жишээ нь: Хайр энэрэл гэж юу юм, хэн нэгнийг хайрлаж энэрч байж л эргээд энэрэл хайрыг нь хүртэнэ... Аз жаргалыг хаа холоос эрээд байх нь тийм ч чухал бус, ойр тойронд хажууханд чинь аз жаргал оршиж л байдаг, түүнийг олж хардаг билгийн мэлмийтэй байх нь харин чухал... Байгаль дэлхий, газар шороогоо хайрлаж хамгаалж байж бид өөрсдөө аятай таатай амьдарна... Сэтгэлээ зөв авч явж байж, биеэ зөв авч явна... Мууг тэвчиж байж сайн үйлийг бүтээнэ...Бие, хэл, сэтгэлээр үйлдэх нүгэл, түүнийг тэвчих нь гэх мэт сургааль үгсийг сүсэгтэн олондоо эхэлж айлдаад дараа нь дагалдан яваа лам нарынхаа хамт ном уншлагаа эхлэв.

Тэгэхдээ бурхны ямар нэртэй ном залбиралыг ямар үйлд зориулж уншиж буйгаа тайлбарлаж хэлээд уншлагаа эхлэх юм билээ. Ном уншлага нь хоёр цаг гаруй үргэлжилсэн юм. Тэнгэр цэлмэг, дулаахан сайхан өдөр байлаа. Уншлагын дундуур нар хүрээлэх үзэгдэл болсоныг сүсэгтнүүд анзаарч гэгээнтний номын хүч чадал илэрч байгаа нь энэ байх гэж ойр зуураа шивнэлдэцгээж цэлмэг цэнхэр тэнгэрийн нар руу саравчилцгааж байв. Уншлага түр завсарлах үеэр тахилгад оролцож буй улс төр, бизнесийн томчууд тэргүүлээд л хадаг, дугтуй болцгоож Наро Банчэн гэгээнтэнд мөргөж адис жанлавыг нь хүртэцгээж байх юм билээ. Дээдсийн хэмээн ялгахын учир нь гэгээнтний дагуул хуврагууд энэхүү цувааг урьдчилсан дэг, хязгаартайгаар зохион байгуулж байсан юм. Жирийн сүсэгтэн олон Хайрханы тахилга өндөрлөсний дараа уртаас урт оочер дугаар болж байгаад Гэгээнтэнд мөргөж адис авцгаасан юм. Зураг бичлэг хийж байгаад оочерт орж амжаагүй би санд мэнд Цэндээг дуудаж арын хаалгадав. Гэгээнтний багт багтаж яваа юм болохоороо тэрээр дагуул лам хуврагуудтай нь ч сайн танил юм. Оочерлосон олны дундуур, дэг сахиулж буй лам нарын дэргэдүүр намайг хөтлөөд л Наро гэгээнтний морилсон ширээний өмнө аваачив. Би ч аавыгаа оршоож буй авга ахын фото, сүүлд аавынхаа шарилыг эргэсэн өөрийн зургийг Гэгээнтэнд зэрвэсхэн харуулж “Аав минь энэ Хайрханы оргилд нойрсож буй юм аа, та болгоож хайрлаарай...” гэж хэлээд толгой бөхийв. Араас цувсан олны урдуур орчихоод үүнээс олон юм ярьж тайлбарлах боломж ч байсангүй, Гэгээнтэн юу гэж ойлгосныг буй мэд, маань уншаад л адис өгөв.

 Дараа боломж олдвол Нэмэхээ, Цэндээ нараар зуучлуулж байгаад Гэгээнтэнтэй уулзаж жил бүр тахидаг энэ уул хайрханд нь мөнхөд нойрсож буй аавдаа ном уншуулах юмсан гэх бодол төрж байв. Хүлээж буй нөхөд, унаан дээрээ хүрч байхад салхи ширүүсч тэнгэр хуйсганаж цас бударч эхлэв. Отгонхайрхан ч манан буданд бүдгэрч царай зүсээ нуух аядаж байх. Гэгээнтний их тахилгын дараа энэ хайрхан ийн аягладаг юм гэж бидэнтэй зам нийлж алхасан нутгийн нэгэн гэр бүлийнхэн ярьж явсан юм. Өглөө бууж цайлсан цайны газартаа ирэхэд бидний захиалсан хоол унд ч бэлэн болчихож. Гэгээнтний тахилга ёслолын эхэнд үг хэлсэн энэ нутгийн уугуул, Отгон сумын өндөр настан Гүрцог гуай, өөрийн ач хүү, сумын хүн эмнэлгийн салбарын эмч Төгөлдөрийн хамт цайлж суув. Хэрэгт дурлаж өвгөнтэй хэдэн үг солив.

    

Гүрцог гуай болон түүний ач хүү, Отгон сумын эмч Төгөлдөр нартай бид ийн хуучлав.

 “Тэнгэр бүүдийж цас будраад эхэллээ, зам харгуй хэцүүдэх байх даа...” гэсэн чинь Гүрцог гуай “Алзахгүй ээ, тахилгын дараа ингэж нэг түрхэн хуйсганадаг юм, Гэгээнтэн үүгээр буцах үеэр тэнгэр тайвширчих байх аа” гэж ярив. Гүрцог гуай Наро Банчэн гэгээнтнийг хүүхэд байхаас нь л мэддэг юм байна. Өвөө эмээг нь сайн таньдаг, тэдэнтэй нь нутаг ус ойр явсан хүн аж. Тэр хөгшчүүл нь энэ ач хүүгээ зүгээргүй гэдгийг нь анзаардаг байж. Ойр тойрных нь айл амьтан ч бас мэддэг байсан юм байх... Ийн хэдэн үг сольж цайлж дуусаад замд гарахад нөгөө бударсан цас, хуйсганасан тэнгэр ч үнэхээр тайвширчихаж. Аян замын бид хэдэд ч аштай юу даа. Буянт голоо гаталж хөндийгөөр нь хэсэг өгсөөд Цагаан сайрын даваан дээр гарч түр бууцгаагаад Отгонтэнгэр хайрханаа эргэн харж хүндэтгэцгээв. Удаавтар нүүх үүлний завсраар цаст цагаан оргил нь цайвалзаж харагдана лээ. Тэрүүхэн доохонтоо нь мөнх нойрсож буй аавдаа баяртай гэж хэлье дээ...   Үргэлжлэл бий

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Маш сонирхолтой нийтлэл байна. Та осолтой холбоотой гэрэл зургуудаа хуваалцаж болох болов уу? Ganbaatardulguun@gmail.com 2023-12-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?