МУСГЗ Д.ЦЭДЭН-ИШ: “Гэгээн нуур”-ын аялал, Отгонхайрханы тахилга.

2022-05-02  

Манай сайтад хэд хэдэн сонирхолтой ярилцлага, аян замын цуврал тэмдэглэлүүдээ нийтлүүлж байсан, бидэнтэй ойр дотно хамтарч ажилладаг МУСГЗ, ахмад сэтгүүлч Д.Цэдэн-Иш өмнө гаргасан “Аян зам бодол эргэцүүлэл” номынхоо үргэлжлэл болох дараагийнхаа номыг хэвлэлд бэлтгэж буй юм байна. Мөн сүүлийн үед хийсэн ярилцлагаараа бас нэг ном гаргах гэнэ. Эл хоёр номд орж буй аян замын нэг тэмдэглэл, нэг сонирхолтой ярилцлагыг нь сайтдаа тавих зөвшөөрөл түүнээс авсан ба өмнө та бүхэнд МУ-ын сайд, ЗГХЭГД Ц.Нямдоржтой хийсэн ярилцлагыг хүргэсэн бол энэ удаа аян замын тэмдэглэлийг хүргэж байна.

    Цар тахал эхлэсэн энэ оны хувьд гадаад аялал бүрэн хумигдсан болохоор манай багийнхан хамтын аялал төдийлэн төлөвлөөгүй юм. Тийм болохоор би гэр бүлээрээ улсын наадмын дараахан Архангайн Цэнхэрийн рашаан, миний төрсөн нутаг ус болох Хяргас нуурт аялаж амраад ирсэн юм. Сонин хэвлэл, сайтад ч аялалынхаа тухай тэмдэглэл нийтлүүлж байв. “Энэ зуны аялал амралт ч ингээд болчихлоо доо” гээд зуслан, хот хооронд амарч байтал манайхны аялалын багийн хамгийн идэвхтэй гишүүн, явсан үедээ байнга баг ахладаг Б.Нэмэхбаатар утасдаж байх. “Наймдугаар сарын 15-нд  Наро Банчэн гэгээнтэн Отгонхайрханыг тахих гэж байна. Гэгээнтэн болон тэдний лам нар тусгай онгоцоор тийшээ явчихсан байгаа. Бид нислэгийн тийзээ захиалах гэж байна, чи явах уу? Явна гэвэл нэрийг чинь өгье. Маргаашийн онгоцоор Говь-Алтай нисээд тэндээсээ машинаар Хайрхан руу очно. Би машинаа тийшээ явуулчихсан байгаа...” гээд намайг сүрхий шавдуулж байна. Надад тийшээ явах учир шалтгаан буйг ч Нэмэхээ сайн мэдэх юм. Нэмэхээгийн  “Заг групп”-ийн барьж байгуулсан “Хийморь” хотхонд Наро Банчэн гэгээнтэн Нэмэхээгийнхэнтэй хөрш амьдардаг гэсэн. Айл хөршийн хувьд ч, бас залуу хүнийхээ хувьд ч Наро гэгээнтэн Нэмэхээгийн бага хүү Төгсөөтэй үерхэж, завтай үедээ “Хийморийн овоо” руу хамтдаа алхдаг гэнэлээ. Ер нь эдний гэр бүлтэй залуу гэгээнтэн нилээд ойр дотно харилцаатай юм уу гэж би ойлгосон. Баян-Өлгий, Ховд, Өмнөговь аймгаас сонгогдсон Б.Бейсен, Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ нарын УИХ-ын гишүүд санаачлага гаргаж Алтай таван Богд, Сутай хайрхан, Отгонтэнгэр хайрханыг тахиулахаар Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтэн, түүний туслах лам нарыг урьж тусгай онгоц захиалан тэднийг авч яваа гэнэ. Нэмэхээгийн гэргий Б.Цэндсүрэн эмч Гэгээнтний багт багтаад тэдний тусгай онгоцоор гурав хоногийн өмнө баруунтаа явчихсан байгаа аж. Гэгээнтэн эхний өдөр нь Өлгийд бууж Алтай таван Богд, дараагийн өдөр нь Ховдод газардаж “Сутай” хайрханыг тахиад гуравдахь дөрөвдэх өдрөө Говь-Алтайд бууж “Бурхан буудай” хайрханыг тахих юм байна. Тэгээд л тэндээсээ Отгон суманд ирж Отгон хайрханыг тахих мэдээлэл байгаа гэх. Наро Банчэн гэгээнтэнтэй ойр дотно байдгийн хувьд Нэмэхээ энэ мэдээллийг надад дуулгаж буй аж. Ингээд л андын санаа тавьсан сайхан саналыг хүлээн авч тэдэнтэй хамт нислэгийн тийзээ захиалав... Нийслэлээс өглөө эрт нисэж бага үдэд Алтай хотод бууцгаалаа. Нэмэхээгийн унаа ч бид хэдийг Алтай хотын онгоцны буудалд угтаж байна. Хэдэн сарын өмнө нутгаадаа аялаад буцахдаа миний бууж хоноглосон “Ентүм” зочид буудалд Нэмэхээ өрөө захиалчихаж. Алтай хотын хамгийн ая тухтай буудал нь энэ юм билээ. “Алтай таван богд” аян замын тэмдэглэлдээ “Ентүм” буудлыг нэгэнтээ магтан бичиж байлаа. Энд буугаад түр амарцгааж байтал Гэгээнтний багийнхан Алтай хотод  газардаж байна гэх сураг гарав. Эднийд түр үдлэх захиалгатай байгаа гэнэ. Тэгээд л “Ентүм”-ийнхэн сандралдан элдэв бэлтгэл базаан гүйлдэцгээж байв. Хагас цагийн дараа хажуухны Дашпэлжээлин хийдэд гэгээнтэн ирж ном айлдаж байна гэв. Хүмүүс ч тэр хийд рүү цувж байлаа. Гэгээнтэнтэй хамт яваа багийн гишүүн болох Нэмэхээгийн гэргий Б.Цэндсүрэн болон бидний анд дүү, “Ажнай” компаниараа овоглодог Д.Бат-Эрдэнэ гишүүн өөрийн багийн хориод хүнтэй хамт “Ентүм”-д ирж бууцгаав. Миний хувьд “АЭ” сонинд алба хашиж байсан гучаад жилийн өмнөөс л “Ажнай” Бат-Эрдэнэтэй танилцаж нэгэн үе ажил алба, амин хувийн аль алинаар нь холбоо харилцаатай явж ирсэн билээ. Манай сонины Ерөнхий эрхлэгч, нэрт сэтгүүлч Ц.Балдорж, “Ажнай” компанийхан, түүний эзэн Д.Бат-Эрдэнэтэй дотносож  “Улаанбаатар зочид буудал”ХК-ийн хувьцаа хамтран эзэмшиж энэ чиглэлд ажиллах болсоноор би түүнтэй анх танилцаж байлаа. Нэгэн үе “Улаанбаатар зочид буудал”Хувьцаат компанийн “ТУЗ”-д Бал, Баагий (Д.Бат-Эрдэнийг ойр дотныхон нь ингэж л дууддаг) нарын томчуултай хамтран ажиллаж байв. Баагийгийн гэргий Ганчимэгийг ч би багаас нь мэдэх юм. Аав Д.Ганбаатарыг нь Москвагийн Циркийн дунд сургуульд сурч байхаас нь таньдаг байлаа. Далаад оны дундуур Москва, Пермь, Ереван, Эрхүүд сурдаг бидний хэсэг оюутнууд Тэрэлжид хамтдаа амарч дотносцгоож байхад Ганбаа тэр дунд байсан юм. Иймэрхүү түүхийн үүднээс хэн хэнийг нь таньдаг болохоор Баагийгийн гэр орноор орж гарах тохиол ч бас байлаа. Баагийгийн төрсөн өдөрт нэг удаа уригдаж очоод Орос, Буриадын алдарт барималч, зураач Даши Намдаковтой таарч танилцаж байв. Тийм сод авъяастантай уулзаж танилцсаных түүнтэй  зураг хөрөгтэй ярилцлага хийж өдөр тутмын “Үндэсний шуудан” сонинд нийтлүүлж байлаа 2015 он №244. Ийм харилцаатай эрхэм дүү нартай энэ удаагийн аялалд зам нийлж буйд би хувьдаа баяртай байв. Аялалыг санаачлагч Нэмэхээ анд ч Ажнай Бат-Эрдэнэтэй, гэр бүлийнхэнтэй нь тал талын дотно харилцаатай нэгэн.

      Алтай хотын Хөгжимт драмын театрт. Наро Банчэн гэгээнтэн тус аймаг, Алтай хотын сүсэгтнүүдэд ном уншлага айлдаж дуусаад зочид буудалд ирсний дараа Баагий, Ганаа нарыг Нэмэхээ анд өөрийн “Заг” ХХК-ний барьж ашиглалтад оруулсан Алтай хотын Хөгжимт драмын театрт урьсан юм. Энэ аялалд хамт яваа “Сонсголон Бармат” ХХК-ийн захирал, доктор С.Сүхбаатар, Монголын Төмөр Зам ХНН-ийн Вагон Депогийн засварын газрын захирал Д.Ариунбаатар бид хэд ч бас тэр театрт очицгоов. Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Энхболд, тус театрын бүжгийн зөвлөх багш, Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн Ш.Аюуш нар театраа танилцуулсан юм. Тус театр нь 500 хүний суудалтай концертын танхим, эргэдэг тайзтай, буудаг удирдлагатай хэдэн янзын хөшгүүдтэй юм билээ. Мэдээж хөлийн танхим, үйлчилгээний өрөө тасалгаа, жүжигчдийн бэлтгэл сургуулилалтын заал, өрөө танхим гээд театрт л байх ёстой байгууламжууд бүгд л энд байх. Зайдуу алс энэ хязгаарт нийслэлийн театруудаас дутахгүй орчин цагийн барилга барьчихсан андаараа манай багийнхан ч бахархаж явлаа.

УИХ-ын дарга З.Энхболд театрын нээлтэд оролцож тууз хайчилж байжээ.  2015 он.

“Алтай” чуулгын барилгыг ашиглалтад хүлээн авах ёслолд нутгийн иргэд ийн оролцож байж.

Барилга байшинг нь барьж өгсөн барилгын “Заг” группийн Ерөнхийлөгч Б.Нэмэхбаатарыг театрын захиргааныхан хүндэтгэн үдийн зоог бэлтгэсэн байв. Зоогийн үеэр аймгийн театрын уран бүтээлчид дуу хуураасаа толилууллаа. Энэ үеэр Аймгийн ИХТ-ийн Тэргүүлэгчдийн дарга Ж.Ганбат бас ирж талархлаа дэвшүүлж байв. Театрын бүжгийн ахмад багш Ш.Аюуш гуайтай “Ажнай” Баагий маань ярьж байгаад хуучны холбоо сүлбээтэй хүмүүс болохоо мэдэлцчихэв. Урлаг соёлыг үнэлж дэмждэг нэгэн болохоороо Аюуш гавъяатын дэглэж найруулсан бүжгийн нэг концертыг ивээн тэтгэх яриа хөөрөө тэр хоёрын хооронд болж байна лээ...

Зүүнээс “Заг” группийн Ерөнхийлөгч, МУ-ын гавъяат барилгачин Б.Нэмэхбаатар,Урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжгийн ахмад багш Ш.Аюуш, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Аймгийн ИХТ-ийн Тэргүүлэгчдийн дарга Ж.Ганбат, “Алтай” чуулгын дарга Ц.Энхболд болон театрын жүжигчид.

Зоогийн үеэр театрынхан дуу хуураасаа ийн толилуулав.

     Гэрэл цацраах “Гэгээн нуур”-т. Бид эндээсээ баруун хязгаар нутгийн нэг томоохон бүтээн байгуулалтын нэг болох Тайширын Усан цахилгаан станцыг үзэж сонирхохоор хөдөлсөн юм. Говийн элс хайргатай задгайдуу талаар дөч гаруй км тоос татуулан давхицгааж байгаад хад хавцал, нуур ус, бут ногоо болсон үзэсгэлэнтэй газарт хүрээд ирцгээлээ. Бидэнтэй зам нийлж ирсэн хэсэг залуус авто зогсоолд нь унаагаа байршуулангаа архантаа нь цэнхэртэх үзэсгэлэнт нуураар фон хийж зураг татуулан баясацгааж байв. Станцын харуул бололтой залуу тэдэнд ойртож дотогш ороход зураг авахуулахаар үүнээс үзэсгэлэнтэй фон бишгүйдээ бий гэж зөвлөгөө өгч байх. Гадаах цардмал талбайгаар хэсэг алхаад хадан хясаанд тулж ирцгээв. Энэхүү хүрэн улаан хясааг нүхлэсэн уртаас урт хонгил харагдаж байна. Энэ хонгилын сараалжтай төмөр хаалгыг станцын харуул бидэнд нээж өглөө. Хоёр машин элбэгхэн зөрөөд давхихаар өргөн дардан чулуун замаар бид хэд увж цуван алхацгаав. Уул нүхлээд тавьчихсан уртаас урт чулуун хонгил юм. Уртаашаа зуу гаруй, өргөөшөө арав шахам, өндрөөшөө тав зургаан метр юм уу гэж баримжаалав. Станц руу орж гардаг зам ,тэр лүү нэвтрэх үүд хаалга нь энэ аж. Эндхийн ажил албаныхан, мөн албаны хүмүүс унаа машинтайгаа үүгээр нэвтэрдэг юм байна. Аян замын бид энэ хонгилоор алхаж явахад өндөр дээд  албаныхан болох УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, аймгийн удирдлагууд унаа машинтайгаа давхиад орцгооно лээ. Усан цахилгаан станцын тавцанд Станцын удирдлагууд тэднийг хүндэтгэн угтаж ажил алба, станцынхаа үйл ажиллагаа танилцуулав.  “Тайшир” УЦС-ын дарга Д.Амартүвшин ярихдаа, П.Жасрай гуайн Засгийн газрын үед Говь-Алтай аймгийг хөгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолд нэр заагдан орсон том бүтээн байгуулалтын нэг нь Тайширын УЦС. Ерөнхийлөгч Н.Багабанди УЦС-ын шавыг 2004 онд тавьж байв. 2004-2007 онд барилгын ажил хийгдэж, 2008 оны наймдугаар сарын 08-ны өдөр анх цахилгаан үйлдвэрлэн Тайшир сумын төвийг хангаж эхэлсэн түүхтэй гэж байв. Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтын  сангийн 20,0 сая ам.доллар, Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хөгжлийн сангийн 13,0 сая ам.долларын зээл, Монголын талын 5,9 сая ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлэн энэхүү станцыг ашиглалтад оруулсан аж. Тайширын усан цахилгаан станцын барилга байгууламж нь манай орны хамгийн өндөр даралттай гидротехникийн томоохон байгууламжийн цогцолбор бөгөөд далайн түвшнээс дээш 1650-1708м-ийн өндөрт оршдог юм байна. Улаан Боомын хавцалд 50 метр өндөр, 190 метр урт далан байгуулж Завхан голын усыг хуралдуулсанаар 17 километр гаруй урт, 3,7 орчим километр өргөнтэй нуур тогтжээ. Энэ нуураа нутгийнхан “Гэгээн нуур” хэмээн хүндэтгэн нэрлэх болжээ. Тайширын усан цахилгаан станц нь 187м.куб эзлэхүүн бүхий булдаж нягтруулсан бетонон далантай бөгөөд жилдээ 37сая кВт*цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх 11МВт-ын суурилагдсан хүчин чадалтай гэнэ. Одоогоор жилдээ 30 сая орчим кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж Говь-Алтай, Завхан аймгийн төв болон энэ хоёр аймгийн Тайшир, Халиун, Гуулин, Жаргалан, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Яруу, Алдархаан зэрэг 24 сумыг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа юм байна. Тайширын усан цахилгаан станц нь сүүлийн үеийн шинэлэг тоног төхөөрөмжөөр бүтээгдсэн иж бүрэн автоматжуулагдсан жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллах боломжтой цахилгаан станц юм. Одоогоор гурван ээлжээр 40 орчим хүн ажилладаг юм байна. Усан цахилгаан станц нь байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөл байхгүй, харин ч “Гэгээн нуур” бий болсноор тухайн орчинд эко орчин бүрдэж, боомтоос доош орших Жаргалан, Тайшир сумын ард иргэд үер усны аюулаас аврагдсан юм байх. Улаан боомын янгирын сүрэг ч эндээ идээшиж гадны аюулгүй тааваараа амьдрах нөхцөл бүрдсэн гэнэ. Нуур усанд нь загас жараахай үржиж хадран, хар сугас гээд хоёр төрлийн загас бий болоод буй аж. Нуур усаа дагаад станцын орчин тойрон нь ногоон бүс болжээ. Чацарганы бут энд жимсээ дааж ядан шаргалтаж байна лээ.

    

    

Манай багийнхан Тайширын Усан цахилгаан станцтай ийн танилцав                                                                                  

Алтайчууд энэ нуураа “Гэгээн нуур” хэмээн нэрлэх болсон юм байна. “Гэгээн нуур” нь хүний үйл ажиллагаанаас бий болсон манай орны хамгийн залуу нуур гэгддэг аж. Нуурын эхэнд буй бага шиг толгодыг дээр үед “Овоот хар” гэдэг байж. Наро Банчэн гэгээнтний өмнөх дүрийн Пүрэвжав гэгээнтэн өмнөх зууны эхээр сүсэгтэн олонд айлдахдаа “Та нар энэ газрыг бүү ингэж нэрлэ, энэ хавийн гол ус алсдаа мянган айлын гэрэл цацраах гэгээн сайхан газар орон болно оо,“Сайхан боом” гэж нэрлэе гэсэн гэдэг. Тэгээд л “Гэгээн боом”, “Гэгээн нуур” гэх бэлгэшээлтэй сайхан нэр эндээс эхтэй юм билээ. Зуу хорь гаруй жилийн тэртээ тэр гэгээнтэний энэ хөндийд ирээдүйд их гэрэл гэгээ цацарна гэж айлдаж байсныг нь сүсэгтнүүд ам дамжуулан ярьдаг байсан нь өнөө үед биелэлээ олоод байна гэж бид сүсэглэдэг юм гэж станцын залуу удирдлага өгүүлж байв. Биднийг эндээс хөдлөх гэж байхад залуу Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтэн удахгүй эднийд морилон ирэх сураг дуулдав. Эндээс төдий л холгүй Завхан голын эрэгт урьд дүрийн Наро Банчэн Пүрэвжав гэгээнтэн, Дэмчог бурханы хувилгаан Дилова Хутагт Жамсранжав гэгээнтний шавилан сууж байсан том хүрээ хийд оршиж 1802 оноос 1832 он хүртэл хурал номын үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй аж. Тэр хүрээ хийдийнх нь туурь энүүхэн “Гэгээн нуур”-ын эрэгт байдаг аж. Сүм дуганы хоёр том барилга, мөн хорь орчим жижиг сууцны үлдэгдэл, гол дуганы таван метрийн өндөртэй хана Хутагтуудын сүм  хийдийн дурсгал болон ийн үлджээ. Одоогоос зургаан жилийн өмнө аймгийн ИТХ-ын тогтоолоор хийдийн туурийг Тайшир сумын тусгай хамгаалалтад аваад байгаа юм билээ.

   

Усан цахилгаан станцтай танилцах гэж буй өнөөгийн дүрийн Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтэн өмнөх дүрийнхээ хутагтын сүм хийдийн туурьт зочилж хүндэтгэл үйлдэх хөтөлбөртэй байгаа гэж станцын удирдлагууд ярьж байна лээ. Манай багийнхан “Гэгээн нуур”-ын эргээс Завхан аймгийн Отгон сумын , Богд Очирваань Отгонтэнгэр хайрханы зүг хөдөлсөн юм. Замдаа станцаас холгүйхэн Завхан голын хөвөөнд байх “Говь Тайшир” амралт аялалын баазад түр саатацгаав. Байгаль орчин нь ч үзэсгэлэнтэй, байр сууц нь ч тохитой, ажил алба үйлчилгээ нь жигдэрсэн сайхан бааз байна лээ. “Жуулчин говь” аялал жуулчлалын баазтай, “Капитрон” банктай “Ажнай” хэмээх том корпорацын гол эзэн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ эрхэм баазад нь зочилж ирээд буйд тус амралтын газрын удирдлагууд их баяртай байв. “Говь Тайшир”, “Жуулчин говь” аялал жуулчлалын баазын хооронд харилцаа тогтоож хамтран ажиллах талаар захирлууд нь харилцан ярилцаж тохиролцож байв. Баагий андын багийн банкны залуус, улсын цол хэргэмтэй бөхчүүд, урлаг соёлын  авъяастнууд энд яваа болохоор дуу хуур, аян замын дугараа, ёслол хүндэтгэлийн хоол унд болов. Үдийн нар хэвийх үеэр бид хэд цаашдын аян замаа хөөв...                  

 Сэтгүүлч Д.Цэдэн-Иш                                                             

2020 оны наймдугаар сар

Үргэлжлэл бий

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?