Улаанбаатараас Урин дулаан Тайландад Үргэлжлэл
-Хахир хүйтэн өвөл, хотын утаа, түгжрэлээс зугатсан нийслэлийн иргэд Тайландын Бангкок, Пукет рүү руу олноороо цувж байна-
Хааны ордон музей (Grand Palace).
Өглөөний цайндаа орчихоод төлөвлөснөөрөө “Гранд Палас” буюу “Хааны ордон музей” үзэхээр явав. Ажлын долоо хоног эхлэж буй болохоор хүү сургалт семинартаа явж бэр надад замчлав. Ач нар эмээтэйгээ буудалдаа үлдэж ойрхон гарч мөхөөлдөс энэ тэрийн амттан эргүүлцгээх гэнэ. Чиглэлийн автобусаар найм есөн буудал яваад “Хааны ордон” нэртэй буудалд бууцгаалаа. Хажуухнаар бага шиг гол урсаж байна. Гүүрээр гараад цаашаа алхах бололтой юм. Хоёулаа анх ирж байгаа болохоор тийш зүглэж буй олныг дагасаар зорьсон газраа хүрээд ирлээ. Улс орныхоо таних тэмдэгтэй туг дарцаг дагасан тив тивийн жуулчид хэсэг хэсгээрээ цувж байх. Урт хэрмэн хашаа дагаж явсаар ордон музейн гол хаалгаар орж явчихлаа. Түүнийгээ Визедцхайри буюу “Гайхамшигт ялалтын хаалга” хэмээн нэрлэдэг юм байна.
Холгүйхэн тасалбар түгээгүүрийн төв байх. Нэгэнд нь зогсож байгаад тасалбараа авчихлаа. Нэг хүнийх нь 500 баат аж. Манайхаар бол 50 мянган төгрөг. Цахимаар ч тасалбараа авч болдог гэх. Гэхдээ 24 цагийн өмнө авсан байх ёстой юм байна. Энэхүү хааны ордон музей буюу “Гранд Палас” цогцолбор нь уртаашаа 1900 метр, өргөөшөө бас 1900 метр үргэлжлэх хэрмэн хашаатай нүсэр том байгууламж аж. Дотроо маш олон сүм дуган, орд харшууд, эртний барилга байшингуудтай юм. Заримынх нь дотор орж үзэж болох бөгөөд зарим үзмэр музей нь нь нэмэлт төлбөртэй гэнэ. Англи, франц, герман, япон, мандарин, орос, испани хэл дээр байдаг аудио тайлбар түрээслэх боломжтой юм билээ. Үнэ 200 баат гэх. Ийм аудио тайлбар аваад бүх сүм дуган, музейг нь үзнэ гэвэл бүтэн өдөр ч багадахаар бололтой юм билээ. Миний хувьд 15 цагаас Монголын элчин сайдын яамаар орж элчин сайдтай уулзаж ярилцах цаг авсан тул яаруухан үзээд явахаас аргагүй байв. Гол үзмэр болох Гранд ордон буюу Эзэн Хааны ордоноо эднийхэн “Их Чакри ордон” хэмээн нэрлэдэг аж. Тайландын Чакри гүрнийг үндэслэгч нэгдүгээр Рама Хаан захиалж бариулсан тул ийн нэрлэжээ. Английн архитектор энэ ордонг анх Италийн сэргэн мандалтын үеийн хэв маягаар бүтээсэн боловч тавдугаар Рама хаан ордоныг сиамын хэв загвартай болгохын тулд шаталсан дээвэр, суврагаар чимэглэхийг тушааж гүйцэтгүүлсэн аж. Ингэснээр өрнө дорнын уран барилгын өв уламжлалыг нэг дор илэрхийлсэн Тайланд хэв шинж, Итали архитектурын хосломол байгууламж болсон гэх. “Их Чакри ордон” нь зочид хүлээн авах хөлийн танхим, Хаан ширээнд залах ёслол хүндэтгэлийн танхим, хүлээн авалт
зоогийн танхим гэх мэт тансаг өрөө тасалгаадтай аж. Ашиглалтад орсон 1782 оноос хойш 150 жилийн турш Сиамын хаадын гэр, засаг төрийн ордоны үүрэг гүйцэтгэж ирсэн түүхтэй гэнэ. Монгкут болон түүнийг залгамжлагч Чулалонгкорн хаанаас хойших Рама V, VI, VII хаад өөрсдийн ордноо байгуулж Их Чакригаас гарч байсан бол 1945 онд Рама VIII ордонд буцаж ирж байж. Харин Рама VIII хааны ах есдүгээр Рама буюу Бхумибол Адулядей нь хаан төрийг 1946 онд залгамжлахдаа Их Чакри ордоноос нүүж Читралада ордонд амьдардаг болсон юм байна. Эцэг Бхумибол Адулядейгээс 2016 онд хаан ширээ залгамжилсан одоогийн хаан Маха Вачиралонгкорн аравдугаар Рама нь ч энэ ордондоо амьдарч буй гэнэ. Читралда ордон нь бидний үзэж танилцаж буй энэхүү Гранд Паласе ордон, үзэмж төгөлдөр сүм, музей бүхий энэ цогцолбороос төдий л холгүй хараа барааны газарт орших юм билээ. Одоохондоо аялагч жуулчдад хаалттай нутаг дэвсгэр аж. “Их Чакри ордон” нь хэдийгээр Хааны ордон, орон байр байхаа больсон ч гэсэн Тайландын Эзэн Хааны гэр бүлийн товчоо, Эзэн Хааны нарийн бичгийн газар нь энд байрлаж ажилладаг хэвээрээ гэх. Улс орны ач холбогдолтой ёслол хүндэтгэлийн зарим арга хэмжээг ч энэ ордонд бас зохион байгуулдаг аж. Ордны тансаг засалтай өрөө тасалгаадад нь Тайландын үе үеийн хаадын зураг хөрөг, үнэт зүйлс хадгалагддаг гэнэ. “Их Чакри ордон”-оос гадна энэ “Гранд Палас” цогцолборт гоёмсог сүм дугана, өвөрмөц хийцтэй барилга байгууламжууд их л олон юм билээ. Аялагч жуулчдын анхаарал сонирхол татдаг барилга алдартай байгууламж нь гэвэл Ват Пра Каео буюу Маргад Буддагийн сүм юм. Тайландчуудын сүсэг бишрэлт хамгийн ариун дагшин газар гэгддэг аж. Тийшээ дамжин очих байр байшин, гудамж
коридор нь ч үзэмж төгөлдөр юм. Хүн зон тасралтгүй цуваад л... Сүм рүү гараад ирэхэд эргэн тойронд нь зураг хөргөө авахуулж баяссан шагширцгаасан хүмүүс олон, сүмийн үүд хаалга, суврагууд нь алтарч шаргалтаад л нүд гялбуулж, сэтгэл баясгахаар
Би ч энэ хавиар нь эргэж тойрч бас зургаа авахууллаа. "Маргад Буддагийн сүм" бол Тайландын Буддын шашны хамгийн чухал сүм гэгддэг аж. Тайландчууд үүнийгээ “Ариун сүм” хэмээн нэрлэх нь бий гэнэ. Энэ сүм нь “Их Чакри ордон”-той хамт 1782 онд баригджээ. “Ариун сүм” дэх алтан дээл өмссөн 66 см өндөр Маргад Будда нь Тайландчуудын хамгийн нандин дүр, тусгаар тогтнолынх нь бэлгэдэл болдог аж. Эрдэмтэд энэ бурханыг МЭӨ 43 онд Энэтхэгийн Паталипутра хотод бүтээсэн гэж үздэг гэнэ. Энэ эх сурвалжаар МЭ-ий IY зуунд нэгэн лам дайны дараа сүйрч эвдэрсэн хотоос Маргад эрдэнэ Буддаг Шриланка-д авчирсан гэх. Зарим эх сурвалжууд түүнийг Бирм гаралтай гэдэг байна. Түүгээр бол Анх 1434 онд Тайландын хойд хэсэгт орших Чианг Рай хотод Цейлон (одоогийн Шри Ланка) болон Камбожоор дамжин Чангмай (Chiangmai) хааны гэр бүлд өвлөгдөж байгаад Рама-I хаанд шилжин ирсэн гэх түүхтэй аж. Тэр цагаас л хойш Тайландын үе үеийн Эзэн хаад ордондоо энэ буддаг дээдлэн хадгалж шүтэж иржээ. Тайландын ард түмэн ч Маргад эрдэнийн будда нь олон зууны турш улс орных нь тусгаар тогтнолыг хамгаалж ирсэн хэмээн итгэдэг юм байна. Жилийн жилд шинэ улирал эхлэх ёслолын үеэр зөвхөн Эзэн хаан, эсвэл угсаа залгамжлах хан хүү Маргад Будда бурханы дээлийг сольдог уламжлалтай гэнэ. Улирал улирлын дээл өмсгөл нь өөр өөр, зуны улиралд титэм, үнэт эдлэл өмсдөг бол борооны ба өвлийн гэх улиралд алтан ороолт, алтадмал өмсгөл байдаг аж. Одоогийн Рама Х хаан борооны буюу өвлийн улирлынх нь хувцас болох алтан өмсгөлийг нь өнгөрсөн оны
сүүлээр Маргад эрдэнийн Буддад өмсүүлээд буй нь энэ юм байх. Тайландын ард түмэнд аз жаргал, улс оронд нь хөгжил цэцэглэлийг авчраасай хэмээн Эзэн хаан нь энэхүү ёслолыг үйлддэг гэх. “Гранд Палас” цогцолборт буй сүм, ордонууд алтан эдлэл, алтлаг чимэглэлээр баян юм билээ. Улс орон нь алт мөнгө элбэгтэй болохоор энэхүү ордонт цогцолборт 8-24 кратын алтаар хийсэн эд зүйлс их байдаг гэнэ. Алт, алтлаг шар өнгө нь Эзэн хааных нь бэлгэдэл, тэгээд л Хааны эрх мэдэл, сүр хүчийг алтлаг шар өнгөөр илэрхийлж байдаг аж. Эзэн хааны ордон, энэ “Гранд Палас” цогцолбор нь ч алтан шаргал өнгөтэй сүм, барилгуудаас зонхилон бүрдсэн байх юм. Тайланд нь Хэмжээлшгүй эрхэт Эзэн хаантай орон. Ард түмэн нь Эзэн хаан, хатан, гүнжээрээ бахархаж тэднийгээ шүтэн биширч амьдардаг гэх юм билээ. Хаан, хатны хувцас хунар ч алт эрдэнэс ихтэй, зураг хөрөг нь ч, зургийн гуу хүрээ ч алтлаг шаргал өнгөтэй байх нь бараг хуульчлагдсан юм болов уу гэхээр... Яам тамгын газрууд, орон нутаг, хот суурин газрын засаг захиргаа, бага шиг албан байгууллагууд ч үүдэндээ Хаан, хатаны том том алтан гуутай зураг хөрөг залсан байх юм билээ. Манайхны олонтоо очиж үйлчлүүлдэг Бангкокийн “Бумрунград” эмнэлэг ч үүдэндээ Эзэн хааныхаа том зургийг хүндлэн залчихсан байдгийг монголчууд маань харж л явсан байх. “Хаан эзнийхээ харцанд үг дуугүй захирагдах хуультай түмэн олон...” хэмээх нэгэн нийтлэлдээ ч би энэ тухай цухас дурдан бичиж л явлаа “Аян зам бодол эргэцүүлэл” ном, 2017 он, хуудас 215 . Дараагийн нэг үзэсгэлэнт үзмэр нь Хатан хааны пантеон буюу Прасат Пра Депбидорн гэгдэх энэ үзэсгэлэнт сүм юм. Шүтлэгтэй нэрийн бурхадыг “Пантеон” хэмээн нэрлэдэг аж. Тэгэхээр энэ сүмд Хатан хааны шүтэж байсан нандин бурхад нь хадгалагдаж байдаг байх нь. Сүмийг 1856 онд IV Рама хаан бариулсан бөгөөд анх Маргад Буддагийн сүм хийд байхаар төлөвлөж байжээ. Барилга дууссаны дараа хөшөөг барихад хэтэрхий жижиг гэж үзсэн тул эхэндээ хэсэг хоосон орхигдож, хожим нь VI Рама хаан түүнийг Тайландын нийслэл Бангкок болсон цаг үед хаанчилж байсан бүх хаадын пантеон болгон хувиргасан түүхтэй аж. Рама I хааны үед баригдсан хоёр алтан суварга энэхүү сүмийн хамгаалалт нь гэгддэг юм байна.
Эндээсээ цаашлаад олон ч сайхан сүм дугана үзэж харж явлаа. Бүгдийнх нь эргэн тойронд үзэгч түмэн багширч л байх. Өмнө нэгэнтээ бичсэн учир шалтгааны улмаас заримынх нь өмнө зураг авахуулаад л цаашилж байв.
Камбожийн жинхэнэ Ангкор Ватын Кхмер маягийн сүмийн элс шавраар бүтээсэн төгс хуулбарыг ч аялагч жуулчид ихэд сонирхон үзэцгээж байлаа. Хэдийгээр бодитоосоо жижиг боловч энэхүү загвар нь IV Рамагийн үед буюу одоогийн Камбож нь Сиамын
вассал муж байсан үеийн түүхэн дурсгал хэмээгддэг гэх. Үүнийгээ “Гранд Палас”-ын танилцуулгад Мини Ангкор Ват хэмээн бичсэн байх юм билээ. Түүнийг харж үүнийг
зураглаж явсаар хэрэм доторх аялалаа өндөрлөж хашааны гадна гарч ирлээ. “Гранд Палас” цогцолборыг цэрэг цагдаагийн алба хүчлэн хамгаалдаг аж. Буу зэвсэг агссан
тэр албаныхан хөгжимт парадаар жагсан ирж ээлж солих юм. Тэдэнтэй тааралдаж зургийг авснаар энэ удаагийн аялалаа өндөрлөв. Үргэлжлэл бий
Д.Цэдэн-Иш